Нүсэр бус цомхон хурим хийхийн давуу талууд

Өдийг хүртэл даян дэлхийн хосууд хайрын холбоогоо бататган, нэгэн насны амьдралаа холбохоор ариун шүтээний өмнө андгай, тангараг өргөн, хурсан олонд сэтгэлийн цэнгэл эдлүүлэхээр хуримын ёслолын үйл ажиллагааг өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн. Гэвч тэрхүү нүсэр хуримын найр цэнгүүнийг зохион байгуулахад хуримлагч талуудаас асар олон сарын бэлтгэл, хөрөнгө мөнгө, эрч хүч шаардагдаж, амьдралын энэ л чухал мөчүүдийнхээ аз жаргалыг мэдрэх сөхөөгүй өнгөрүүлэх нь олонтоо. Хуримын зочдын тоонд хос хоёрын гэр бүл, дотно найз нөхдөөс гадна цагаан сарын баяраар л царай төрхийг нь хардаг холын хамаатнууд, эцэг эхийн найзууд, урьд өмнө мөр зэрэгцэн ажиллаж байсан ажлын хамт олон, холбоо нийгэмлэгийн гишүүд зэргийг хамруулснаар гурван оронтой тоог хол давж, нэгэн шинэ айл нэмэгдсэний баяр гэхээсээ илүүтэй төрийн дипломат арга хэмжээ мэт ёслол төгөлдөр боловч нандин мөчүүд багатай хурим болж өнгөрөх нь бий.

Тиймээс ч сүүлийн жилүүдэд “intimate wedding” гэх хуримын зочдын тоог хоёр оронтой тоонд багтаан барих чиг хандлага түлхүү ажиглагдаж байна. АНУ-ын хуримын зах зээлийг судалдаг The Wedding Report байгууллагын судалгааны тайланд дурдагдсанаар 2006 онд тус улсын хуримын дундаж зочдын тоо 184 байсан бол 2024 онд 131 болж буурсан байна. Мөн хуримын онлайн үйлчилгээ үзүүлдэг Zola байгууллагын зургаа мянга гаруй хосын дунд хийсэн судалгаагаар 89% нь “intimate wedding” чиг хандлагыг өнөө цагийн тренд хэмээн тодорхойлсон үр дүнтэй гарчээ.

Тэгвэл энэхүү нүсэр биш цомхон хурим нь чухам ямар давуу талуудтай болохыг тоймлон хүргэж байна.


ЗОЧИД ХУРИМЫН ҮЗЭГЧИД БУС, ОРОЛЦОГЧИД БОЛНО

Хуримын зочдын тоо олон байх тусам хос хоёр маань зочидтойгоо халуун дотно яриа цөөхөн өрнүүлдэг. Эсрэгээрээ зочдын тоог цөөлөх тусам хуримлагч хосууд урьсан зочидтойгоо утга учир бүхий нандин мөчүүдийг хуваалцахаас гадна, уригдсан зочид ч ээлж дарааллаа хүлээн, тайзан дээр түмэн зочдын өмнө түгдэрч сандрах шаардлагагүйгээр хөгжилтэй дурсамж, баярын мэндчилгээ зэргээ сэтгэлийн угаасаа хүргэх боломж нь төдий чинээ ихэсдэг билээ.


ХЭМНЭСЭН ТӨСВӨӨ ИЛҮҮ УТГА УЧИРТАЙ ЗҮЙЛД ЗАРЦУУЛНА

Цөөхөн зочид илүү их хэмнэлтийг үүсгэснээр энэхүү хэмнэсэн төсвөө бал сард зарцуулах, мөнгөн хуримтлал үүсгэх аль эсвэл хуримын зоог, цэцгэн чимэглэл, ширээ засалт зэрэг илүү чимхлүүр хэсэгт зарцуулж, хуримыг улам төгөлдөржүүлж ч болно. Мөн олон тооны зочдод нэгэн адил бэлэг бэлдэх бус, хуримын зочин бүрд тухайлан бэлтгэсэн онцгой, цөөн бэлэг бэлдэхэд ч зарцуулж болох билээ.


МӨРӨӨДЛИЙН ХУРИМАА ХИЙХ БОЛОМЖ НЭМЭГДЭНЭ

Хуримаа халуун орны далайн эрэг дээр наран жаргах агшинд далайн сэвшээ салхи даашинзны хормойг тань намируулан хурсан зочдын дундуур эцгээ сугадан, сүйт залуу дээрээ хүргүүлмээр байвч гагцхүү хуримын төлөвлөсөн төсвөөс хэтэрч, мөрөөдлийн хуримаа хийж чадахгүйд хүрдэг мөчүүд олон тохиолддог. Харин хуримын зочид цөөн байх тусам өөрсдийн хүссэн хуримаа хийх эрх чөлөө улам бүр нэмэгдэх нь лавтай.


ЗӨВХӨН НЭГ ӨДРИЙН БУС,ОЛОН ӨДРИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛГОЖ БОЛНО

Хэн ч жаргалтай мөчүүдээ дуусгахыг хүсдэггүй шүү дээ. Тэр ч утгаараа хуримын зочид цөөхөн байснаар хосууд энэ л жаргалтай мөчөө ганцхан өдрийн хуримын ёслол, оройн зоогоор хязгаарлахгүйгээр эхний өдөр нь уригдсан зочдоо хооронд нь илүү дотно танилцуулж, мөс хагалуулах зорилго бүхий угталтын үдэшлэг, хоёр дахь өдрөө үндсэн хуримын ёслолоо үйлдэж, гурав дахь өдрөө “after party” буюу хуримын дараах чөлөөт арга хэмжээг зохиох зэргээр илүү цогц арга хэмжээг зохион байгуулах боломжтой болно.

Ийнхүү нүсэр сүржин ёслолоос илүүтэй утга учир, нандин дурсамжийг эрхэмлэх болсон өнөө цагт цомхон хурим нь хосуудад санхүүгийн болон сэтгэл санааны асар их эрх чөлөөг олгож байна. Нэгэн хэвийн, уламжлалт хуримын үдшийг өнгөрүүлэх биш, зөвхөн хайртай хүмүүстэйгээ чин сэтгэлийн агшин бүрийг хуваалцах нь шинэ амьдралынхаа аяллыг эхлүүлж буй хосуудын хувьд хамгийн нандин бэлэг болох нь гарцаагүй.

З. Зоригт

2026-09-14, 10:57