Шинэ он айсуй. Баярын уур амьсгал өдрөөс өдөрт нэмэгдэж, хүн бүр хуучин оноо дүгнэж, ирэх жилээ өөдрөгөөр төлөвлөж буй энэ үед эзэгтэй нарын хувьд шинэ жилийн ширээ засалт хамгийн чухал сэдвүүдийн нэг. Баярын ширээгээ хэрхэн чимэглэх, ямар зоог бэлтгэх, ямар уур амьсгал бүрдүүлэх вэ гээд л бишгүй олон зүйлд анхаарал хандуулах шаардлагатай болдог. Шинэ оноо хэрхэн угтахаас хамаарч ирэх жилийн өнгө, байр байдлыг шууд тодорхойлдог гэж зүгээр ч нэг ярьдаггүй билээ. Тиймээс "Гал морь" жилийг угтах баярын ширээ засалтын талаар цөөн зөвлөгөөг хүргэж байна.
Баярын ширээний гол чимэглэл даруухан атлаа тод, өнгөлөг байх нь хамгийн тохиромжтой. Гэлээ гэхдээ ширээ засалт нь хоолонд саад болохгүй, зочдод тав тухтай мэдрэмж төрүүлэх ёстойг мартаж болохгүй. Ирэх жил "Гал морь" жил тохиож буй тул эрч хүч, аз хийморийг бэлгэддэг улаан өнгө баярын ширээний гол өнгө болж байна. Улаан өнгийн салфетка, лаа, чихэр жимсний таваг зэрэг жижиг деталийг улаан өнгөөр сонгож ширээгээ илүү гоёмсог харагдуулаарай. Харин улаан өнгийг хэтрүүлж, бүтээлэг эсвэл сервисийг бүхэлд нь улаанаар сонговол хүнд, дарамттай мэдрэмж төрүүлж болзошгүйг анхаараарай.
Цагаан, бейж, зэсэн, шаргал зэрэг дулаахан өнгөнүүд нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, тайван байдлыг илэрхийлдэг. Монголчууд эрт дээр үеэс морийг сүлд, хийморийн бэлгэдэл хэмээн дээдэлж ирсэн. Морь бол монгол хүний амьдралын хэмнэл, зам мөр, заяа төөрөгтэй салшгүй холбоотой амьтан билээ. Иймээс морь жил гарч буй энэ жил баярын ширээгээ дулаан болон улаан өнгөтэй хослуулан засах нь айл гэрт эрч хүч, өөдрөг уур амьсгал, сайн сайхныг дуудах бэлгэдэл болох юм. Өнгөний зөв зохицол нь ширээг илүү эвтэйхэн, цэгцтэй харагдуулна.
Мэдээж шинэ жилийн баярын ширээг мөчир, гацуур зэрэггүйгээр төсөөлөхийг аргагүй. Гацуурын мөчир, нарсны боргоцой, хатаасан жүрж, шанцай зэрэг байгалийн элементүүдийг ашиглавал ширээ илүү амьд болж өгнө. Эдгээр байгалийн элементүүдийг улаан өнгийн лаатай хослуулснаар шинэ жилийн баярын мэдрэмж улам тодрох болно.
Их чимэглэл, хэтрүүлэгтэй зүйлс ашиглах бус, харин зөв сонгосон жижиг деталь ширээг илүү тансаг харагдуулдаг. Тухайлбал салфетикийг улаан туузаар боох, тод жимсийг чимэглэл болгон ашиглах, зочдын нэрс болон оройн хоолны менюг цаас нь дээр бичих зэрэг нь зардал багатай атлаа сэтгэл шингэсэн шийдэл болж өгнө.
Шинэ оноо хэрхэн угтахаас хамаарч тухайн жилийн өнгө тодорхойлогддог тул ширээгээ эрч хүч бэлгэдэх улаан өнгө, халуун дулаан уур амьсгал бэлгэлэх байгалийн өнгөөр чимэглэж, Гал морь жилийг аз хийморь дүүрэн угтаарай!
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт