Exclusive: The MongolZ багийн Esports World Cup 2025 аваргын цом Монголд ирлээ

Esports World Cup 2025 тэмцээнд дэлхийн шилдгүүдийг ялсан The MongolZ багийн аваргын цом эх орондоо хүрэлцэн ирлээ.  

2025 оны долоодугаар сард Саудын Арабын Рияд хотноо зохион байгуулагдсан EWC 2025 тэмцээн бол Counter-Strike 2 төрөл дотроо дэлхийн хамгийн том шагналын сантай, нэр хүндтэй тэмцээнүүдийн нэгт тооцогддог. Харин The MongolZ баг гайхалтай тоглолтууд үзүүлж, ширүүн өрсөлдөөнтэй тоглолтын дараа финалд Aurora Gaming багийг 3:0 харьцаагаар ялснаар Монголын нэрийг дахин нэг удаа дэлхийн тавцанд өндөрт өргөсөн билээ. Үүгээрээ тэд Монгол улс esport-ын дэлхийн ширүүн талбарт өрсөлдөх бүрэн чадамжтай, ирээдүйтэй баг тамирчидтай гэдгийг батлан харуулж чадсан юм.

The Mongolz

Цом хүлээн авах үеэр багийн тоглогчид болон дасгалжуулагчид Монголын нийт дэмжигчдэд талархал илэрхийлж, дэлхийн тавцанд өрсөлдөх дараагийн зорилтуудаа илүү өндөр түвшинд тавьж буйгаа бидэнтэй хуваалцсан юм. Тэдний хэлснээр "энэ ялалт бол эцсийн зогсоол бус, харин илүү том амжилтууд руу урагшлах хүчтэй түлхэц болж өгч байгаа" хэмээлээ. Мөн энэхүү амжилт нь Монголын залуу үеийн мөрөөдөл, зорилго, тэмүүллийг улам бадраах хүч болж өгч байгаа болов уу. 

Ирээдүйд The MongolZ болон Монголын бусад багууд олон улсын тэмцээнүүдэд олон амжилтын эзэд болж, Монголын нэрийг дэлхийн esport-ын түүхэнд улам тод гэрэлтүүлэх болтугай.

Э.Цовоо

2025-12-18, 14:33