Galaxy Unpacked: Samsung Galaxy цувралын шинэ бүтээгдэхүүнүүд танилцуулагдлаа

Samsung Electronics компаниас жил бүр зохион байгуулдаг Galaxy Unpacked арга хэмжээ өчигдөр Лондоны King’s Cross дүүрэгт байрлах Lightroom үзэсгэлэнгийн төвд болж, Galaxy цувралын шинэ загварын бүтээгдэхүүнүүдийг албан ёсоор танилцууллаа. Уг дэлхийн нээлттэй зэрэгцэн Samsung Mongolia ч эдгээр шинэ бүтээгдэхүүнүүдийг танилцуулах тусгай арга хэмжээг Shangri-La Ballroom-д зохион байгуулж, Лондон дахь Galaxy Unpacked арга хэмжээг өргөн дэлгэцээр шууд дамжуулснаараа онцлог байв. Нээлтийн арга хэмжээнд ирсэн зочин бүрт сугалаа гардуулсан ба хонжворт нь Galaxy Z Fold8 багтсан нь уг арга хэмжээний нэгэн том гэнэтийн бэлэг байлаа. Мөн зочдыг тусгайлан бэлтгэсэн үдшийн зоог, коктейль угтаж, гол тэнхмийн зүүн талд Samsung компанийн бүтээгдэхүүнүүдийг Монголд албан ёсоор борлуулагч компаниудын үйлчилгээний бүхээгнүүд байрласан байлаа. Цагийн зүү найм хагасыг заахад тайзан дээр консерваторын цохивор хөгжмийн чуулга гарч, Samsung-ийн брэнд аялгуу болох Юн Чжон Самын “Over The Horizon” зохиолыг МУГБ, профессор Б.Зоригтын найруулж удирдсанаар эгшиглэв. Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Цагаан Суварга” аяз, А.Хачатуряны Гаянэ бүжгэн жүжгийн “Лезгинка”-г цохивор хөгжмийн бахдам хэмнэлээр толилууллаа. 


Galaxy Z Fold8 болон Galaxy Z Fold8 Ultra

Хамгийн түрүүнд шинэ Galaxy Z Fold8 Ultra болон Galaxy Z Fold8 утаснуудыг танилцууллаа. Эдгээр шинэ загваруудын бүрдэлд “Flex Titanium” гэх дотоод тулгуур хавтан суурилуулснаар дэлгэцийг илүү нимгэн болгож, цохилт, даралтад илүү тэсвэртэй болжээ. Мөн эвхэгдсэн үеийн дэлгэцийн харьцаа нь 10:16 бөгөөд мессеж бичих, цахим сүлжээ шалгах, интернэт ашиглах зэрэг өдөр тутмын хэрэгцээг бүрэн хангахаар тооцоолжээ. Харин дэлгэсэн үеийн харьцаа 4:3 болж өргөссөнөөр кино, тоглоом, цахим ном зэрэг урт контентийг илүү өргөн дэлгэцээр үзэх боломжийг олгожээ. Galaxy Z Fold8 Ultra нь хүчин чадлын хувьд илүү бөгөөд дижитал контент бүтээгчдэд түлхүү зориулагджээ.


Арга хэмжээнд танилцуулагдсан бусад бүтээгдэхүүнүүд

Мөн хамгийн хөнгөн жинтэй, нимгэн загвар болох Galaxy Z Flip8, хиймэл оюун ухааны тусламжтайгаар эрүүл мэндийг тань хянах Galaxy Watch9, хэрэглэгчийн хүслийг урьдчилан таамаглаж, хэрэгцээт үйлдлийг санал болгон гүйцэтгэдэг “Agentic AI” систем, Gentle Monster болон Warby Parker брэндүүдтэй хамтарсан Google болон Samsung нарын хөгжүүлсэн Android XR платформд суурилсан ухаалаг нүдний шил зэрэг орчин цагийн технологийн гайхамшгуудыг ээлж дарааллан танилцуулж байлаа. Уг танилцуулгын явцад хиймэл оюун ухааныг хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд илүү ойртуулахыг оролдсон алхмууд нилээдгүй их ажиглагдсан бөгөөд эрүүл амьдралын хэв маягийг дижитал хэрэглээний тусламжтайгаар хэрхэн бүрдүүлж болох арга зам, мөн дижитал хэрэглээний сөрөг нөлөөг технологийн шийдлээр бууруулахыг оролдсон нь сонирхолтой шийдлүүд байлаа.


Samsung Wallet Монголд нэвтэрлээ 

Уг арга хэмжээнд танилцуулагдсан бүтээгдэхүүдээс Samsung Wallet үйлчилгээ Монголд анх удаагаа нэвтэрсэнийг Samsung Wallet Олон Улсын Бизнес Хөгжүүлэлтийн Захирал Р.Тука албан ёсоор зарлалаа. Уг үйлчилгээний системийн нэгэн хэсэг болох Samsung Pay үйлчилгээг мөн Голомт банктай хамтран нэвтрүүлсэн бөгөөд Голомт банкны Visa болон Unionpay карт эзэмшигшид өөрийн картаа Samsung Wallet-д бүртгүүлэн Samsung Galaxy төхөөрөмжөөрөө өдөр тутмын төлбөрөө илүү хурдан, хялбар, аюулгүй хийх боломжтой болох юм. Мөн хэрэглэгчдийн хувийн мэдээллийг онлайн орчинд алдагдахаас сэргийлж Samsung Knox хамгаалалтын платформ, биометр баталгаажуулалт, мэдээллийн шифрлэлт болон аюулгүй хадгалалтын технологийг ашиглан төлбөрийн мэдээллийг илүү найдвартай хамгаалдаг байна. Samsung Wallet нь зөвхөн төлбөрийн систем биш бөгөөд онгоцны тасалбар захиалах, тоглолт арга хэмжээний тасалбар, дижитал түлхүүр зэрэг үйлчилгээний олон төрлийг багтааж буйгаараа онцлог, цогц систем юм. Монгол улсад уг систем нэвтэрсэнээр дэлхийн 60 гаруй улсын зах зээлд ашиглагддаг Samsung Wallet глобал экосистемийн нэгэн хэсэг болж байна. Энэхүү экосистемийг Монгол улсад цаашид өргөжүүлэх хүрээнд Samsung Electronics компани нь бусад дотоодын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг нээлттэй байлгаж, илүү олон хэрэглэгчдэд дижитал төлбөрийн шинэ үеийн боломжийг хүргэхээр ажиллаж байна.


Website: www.samsung.com/mn/

Facebook: Samsung Mongolia

Instagram: samsungmongolia

З. Зоригт

2026-07-24, 14:08