“Үнэн – М.Лхагвасүрэн” уран бүтээлийн үзэсгэлэн Монголын Үндэсний Түүхийн музейд дэлгэгдэнэ

Аравдугаар сарын 10-19 өдрүүдэд

Цаг хугацаа урсан өнгөрч, агшин бүр мартагддаг хэдий ч гэрэл зураг л тэр агшинг хадгалж, түүх дурсамжийг тод буулган үлддэг. Дурсамжийг хадгалж, үгээр илэрхийлэхийн аргагүй үнэ цэнийг дүрслэн үлдээдэг нь гэрэл зургийн үнэ цэн оршдог. Урсан өнгөрөх цаг хугацааг дурсамжтай нь хамт эргүүлэн нэгэн агшинг бидэнд авч ирдэг хамгийн бодит гэрч болдог билээ.

Энэ гайхамшигт “цаг хугацааны баримтлагч” урлаг XIX зууны дунд үед шинжлэх ухааны ололтоор бий болсон. 1839 онд Францын зураач Ж.Даггер гэрэлд мэдрэмтгий материал дээр дүрс буулгах аргыг нээснээр гэрэл зураг хүн төрөлхтний амьдралд шинээр нэвтэрч, байгал, натюрморт, хөрөг гэх үндсэн төрлүүд төрөн гарсан нь түүхийн шинэ хуудсыг нээжээ. Хожим нь уг аргачлал улам боловсронгуй болж, газар зүй, угсаатны зүй, дайн тулаан, сурвалжлага, баримтат зураг зэрэг олон чиглэлээр баяжин хөгжсөнөөр гэрэл зураг зөвхөн мэдээлэл бус уран сайхны илэрхийлэл болж чадсан юм.

Монголд ч энэ урлагийн салхи эртнээс хүрч ирсэн байдаг. Тухайлбал, 1911 онд VIII Богд хааны дэргэд ажиллаж байсан гэрэл зурагчин Дамбадаржаа хааны амьдрал, үйл хэрэгтэй холбоотой нэн ховор бүтээлүүдийг үлдээсэн нь өнөөдөр ч үнэт баримт болон хадгалагдсаар байна. Энэ жимээр гэрэл зураг зөвхөн дүрс бус түүхийн гэрч хэмээх үнэ цэнээ улам тодруулж, Монголын баримтат гэрэл зургийн өвийн суурь тавигдсан билээ. М.Лхагвасүрэн нь Монголын фото сэтгүүл зүйн салбарт тэрхүү үнэт өвийг амилуулсан эрхэм юм. Тэрээр “Үнэн” сонинд олон жил ажиллаж, 1970–2000-аад оны нийгэм, улс төр, соёл, ахуйн амьдралын бодит дүр төрхийг гэрэл зурагт буулгаж, баримтат сэтгүүл зүйн жишгийг тогтоосон. 1981 онд анхны монгол сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн сансраас буух түүхэн агшныг сурвалжилж, “Сансарын гараа” зэрэг бүтээлээрээ Монголын сэтгүүл зүйн түүхэнд онцгой хуудас нэмж, хойч үеийн гэрэл зурагчдад үлгэр дуурайл үлдээсэн билээ.

Аравдугаар 10-нд түүний бүтээлүүдийн дээжийг олон нийтэд толилуулах “Үнэн – М.Лхагвасүрэн” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Үзэсгэлэн аравдугаар сарын 19-ний өдрийг хүртэл Монголын Үндэсний Түүхийн музейд дэлгэгдэх ба нийт 50 гаруй бүтээл олон нийтийн хүртээл болох юм. Уг үзэсгэлэн нь 1970–1990-ээд оны Монголын нийгэм, улс төр, соёл, ахуй амьдралын олон талт дүр төрхийг харуулж, үйлдвэрийн ажилчдын хөрөг, эгэл ард иргэдийн өдөр тутмын амьдрал, хотын өөрчлөлт, баяр ёслол, түүхэн үйл явдлуудыг бодитоор баримтжуулсан гэрэл зургууд үзэсгэлэнгийн гол цөмийг бүрдүүлж байна. Мөн анхны монгол хүн сансарт нисч, эх дэлхийдээ буцан ирсэн түүхэн агшныг мөнхөлсөн бүтээлүүд хүндэт хойморт байрлах юм.

Энэхүү үзэсгэлэнгийн гол зорилго нь М.Лхагвасүрэнгийн баримтат, үнэт бүтээлүүдийг олон нийтэд танилцуулж, түүний өвийг залуу үеийнхэнд шинэ утга агуулгаар хүргэхэд оршиж буй. Мөн түүний бүтээлүүдээс бүрдсэн номын бэлтгэл ажил болж түүхэн өвийг улам өргөжүүлэх томоохон алхам болох юм.

Түүнчлэн цор ганц хувь, silver print хэвлэл бүхий буй цөөн тооны бүтээлүүдийг гэрэл зураг сонирхогчид болон урлагийн бүтээл цуглуулагчдад зориулан дуудлага худалдаагаар санал болгохоор тусгасан байна. Silver print буюу тусгай лабораторид буулгасан гэрэл зураг нь мөнгөний галоген давстай цаасан дээр химийн аргаар дүрс буулгах уламжлалт хэвлэлийн төрөл бөгөөд гүн хар-цагаан өнгийн өндөр нягтрал, удаан хадгалах чанараараа үнэтэйд тооцогддог билээ. Түүнчлэн үзэсгэлэнгийн онцлох хэсэгт багтаж буй бүтээлүүдийг зөвхөн хязгаарлагдмал тоогоор хэвлэн цуглуулагчдын хүртээл болгохоор бэлтгэсэн ба сонгогдсон зургуудыг хязгаарлагдмал буюу гурав болон таван хувь захиалгаар хийгдэх бөгөөд энэ нь дахин давтагдашгүй, онцгой цуглуулгын нэг хэсэг болно.

Энэхүү үзэсгэлэнгийн хүрээнд “М.Лхагвасүрэнгийн баримтат бүтээлүүд” нэртэй хэлэлцүүлэг зохион байгуулагдах ба түүний онцлох гэрэл зургуудын талаар салбарын нэр хүндтэй мэргэжилтнүүд, хамтран ажиллаж байсан уран бүтээлчид, шавь нар дурсамж, туршлагаа хуваалцан, Монголын фото сэтгүүл зүйн үнэ цэнийг ярилцах юм. Мөн workshop/case study хэлбэрээр М.Лхагвасүрэнгийн гэрэл зураг авах арга барил, баримтат гэрэл зургийг нийтлэлтэй уялдуулан олон нийтэд түгээн хүргэсэн туршлагаас суралцах боломж олгоно. Мөн түүний нийтлэлүүдээс онцлон хэлэлцэж, фото сэтгүүлзүй болон баримтат гэрэл зурагт суралцаж буй оюутан, судлаачид, уран бүтээлчдэд зориулсан мэдлэг солилцох арга хэмжээ болох юм. Хэлэлцүүлэгт салбарын мэргэжилтнүүд, хамтран ажиллагсад болон шавь нар оролцож, өөрсдийн туршлага, дурсамжаа хуваалцана.

Тус үзэсгэлэн нь өнгөрсөн түүхийг дуурсахаас гадна гэрэл зурагт өгч болох мэдрэмж, мэдлэг, уран бүтээлийн өвийг ирээдүйд дамжуулах чухал алхам болж, М.Лхагвасүрэнгийн бүтээлүүд цаг хугацааны урсгалаас үл хамааран амьд, бодит, мөнхийн баримт хэвээр үлдэж буйг ирсэн зочид мэдрэх болов уу.

Ц. Усанболор

2025-10-08, 12:24