XVIII зууны загваруудыг онцлох үзэсгэлэн Парис хотод нээлтээ хийлээ
Парис дахь шоугаар загварын долоо хоног өндөрлөж, загварын ертөнцийн хамгийн хүлээлт үүсгэдэг нэгэн улирал ийнхүү өндөрлөлөө. Энэ дунд хуниасан оёдол, бэлхүүс барьсан корсет зэрэг загварууд жил бүр өөр хэлбэрээр танилцуулагдан, заавал давтагддаг бөгөөд хэзээ ч орхиж болохгүй хувилбар болсон байдаг. Тэгвэл эл загварууд анх хэзээ чиг хандлага болж өнөөдрийг хүртэл нөлөөгөө алдалгүй, загварын сурах бичгийн “сонгодог” болон үлдсэнийг танилцуулсан Fashion in the 18th Century: A Fantasized Legacy нэр бүхий үзэсгэлэн дэлгэгдээд байна.
Франц улсын Palais Galliera музейд зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэн XVIII зууны рококо чимэглэл урлагийн үед эмэгтэйчүүдийн хувцас загвар хэрхэн өөрчлөгдсөн, энэ үеийн түүхэн үнэ цэн болон поп соёл дахь үнэмлэхүй нөлөөллийг онцлон харуулжээ.
Тухайн цагт соёл болон загвар, дипломат харилцааны үлгэр жишээ болон тэргүүлж байсан Франц улс мөн гоо зүйн хэмжүүрийг ч шинэчлэн танилцуулж байлаа. Тансаг даавуу, чамин гоёл чимэглэл болон хэтрүүлэгтэй үс засалтаар гоёж байсан нь нийгмийн өөрчлөлтийн замбараагүй үед хүн бүр төсөөлөлдөө умбан, бодит байдлаас багахан ч болтугай оргон холдох мэт урьд хожид харж байгаагүй загварууд байв. Ингэснээр өмнөх зуунаас дамжин ирсэн эмэгтэй хувцасны загвар өөрчлөгдөн, бие галбир болон гадаад төрх байдлын талаарх шинэ ойлголтын эхлэлийг тавьжээ.
Хэтрүүлэгтэй чамин өнгө төрх, эсгүүрийн хамгийн дэвшилтэт шийдлийг эрэлхийлсэн энэ үзэгдэл зөвхөн тухайн цаг үедээ чиг хандлага болоод зогсохгүй, бие даасан гоо зүйн хэмжүүр болон тогтсон нь энэ юм. Одоог хэр нь поп соёлын хамгийн том нөлөө хэвээр үргэлжилж буй уг түүхэн ололтыг бүтээлүүдээс харах боломжтойг үзэсгэлэнгийн албан ёсны тайлбар дээр онцолжээ.
Үзэсгэлэн нийт 70 гаруй загваруудаас гадна гоёл чимэглэл, нэхмэл эдлэл, график урлаг, гэрэл зургуудыг хослуулан дэглэжээ. Энэ дунд онцлох хэсэг буюу хувцас загварыг төлөөлөн хатан хаан алдарт Мариа Антуанеттагийн корсет дэлгэгдсэн нь үзэгчид хамгийн сонирхон хүлээж буй үзмэрийн нэг болохыг онцолсон байв. Уг соёлын нөлөөг батлан алдарт загварын орднууд болох Chanel, Christian Dior, Louis Vuitton, Christian Lacroix, Vivienne Westwood, Dries van Noten зэрэг брэндүүдийн загваруудаас мөн ховор нандин үзмэрүүд дэлгэжээ. Түүхэн эх загвар цагийн эрхээр хэрхэн өөрчлөгдсөн өнөөдрийн түвшинд ирснийг харьцуулан харуулсан эл үзэсгэлэн 2026 оны гуравдугаар сарын 14-өөс долоодугаар сарын 12-ны өдрийг хүртэл үргэлжлэх байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт