“Одоо үеийн хүүхдүүд ийм болчихсон”, “Том хүний өөдөөс цор, цор хийгээд л… Хий гэсэн бол чимээгүй хий”, “Залхуу, ажилдаа хайнга”, “Манай үед лав ийм байгаагүй” гэх зэрэг үгсийг Gen Z үеийн залуус нэг биш нэлээд олон удаа сонссон биз ээ. Харин нөгөө талд энэхүү нийтлэлийг уншиж буй Gen X, Миллениал үеийн уншигч та ч бас эдгээр үгийг өөрийнхөө бага насанд томчуудын амнаас сонсож, эсвэл өөрөө өөрөөс тань дүү хэн нэгэнд хаяглан хэлж байсан ч байж мэднэ.
Аливаа шинэ үеийн төлөөлөгчдийг “залхуу”, “хүнд үг даахгүй”, “хэт мэдэмхий”, “эмзэг” гэх мэтээр тодорхойлох нь шинэ зүйл биш ээ. Өмнөх үеийнхэн дараа үеийнхнээ шүүмжилдэг, өөрсдийн туулсан хатууг туулахгүй байгааг нь сул дорой хэмээн хүлээж авах нь бараг л хүн төрөлхтний бичигдээгүй хууль мэт. Гэхдээ эдгээр шүүмжлэлийг Gen Z залуус чимээгүйхэн хүлээгээд авах нь юу л бол. Өмнөх үеийнхэнд ажил, тэсвэр хатуужил, дүрэм журам чухал байсан байж болох ч Gen Z нарын хувьд сэтгэлзүйн эрүүл мэнд, хувь хүний эрх чөлөө, ажлын орчны аюулгүй байдал илүү чухал болсон. Тиймээс л бид “дуугүй тэвч”, “хий гэсэн бол хий” гэх хандлагыг хүлээн зөвшөөрөхгүй, эргэлзэж, асууж, өөр өнцгөөс харж, сонголтоо хийхийг чухалчилдаг юм.
Иймд энэхүү нийтлэлээр дамжуулан, Gen Z үеийн нэгэн төлөөллийн хувьд би, өөрсдийн үнэт зүйлс, хандлагыг арай өөр өнцгөөс ойлгуулан, харуулахыг хүслээ.
Gen Z бол интернэт дунд өссөн анхны үе. Тодруулбал, 1997-2012 оны хооронд төрсөн хүмүүсийг Gen Z үе хэмээн тодорхойлдог. Бид нийгмийн сүлжээнд харсан бүх зүйлдээ шуудхан итгэдэггүй, мэдээлэлд шүүмжлэлтэй хандах, асуудлыг ганц өнцгөөс бус олон талаас нь харах, тунгаах төрөлхийн чадвартай. Түүнчлэн бид хүйсийн ялгаа, нийгмийн тэгш бус байдал болон арьс өнгөний асуудалд тэнцвэртэй хандаж чаддаг. Цөөн үгээр хэлбэл Gen Z “энэ бол миний асуудал биш” гэж хэлэхийн оронд “би юу хийж чадах вэ?” гэж боддог залуусын төлөөлөл юм.
Ажил гэдэг ойлголт Gen Z үеийнхэнд огт өөр утгатай болж хувирсан. Бидний хувьд ажил бол амьдралын гол зорилго биш, амьдралтай зохицох л нэг хэсэг. Зүгээр л мөнгө олох гэж, эсвэл хэн нэгэнд таалагдах гэж ажиллах нь бидний хувьд өөрийгөө үнэгүйдүүлэхтэй адил. Gen Z үеийнхэн өөрийгөө хамгаалж, хязгаар тавьж, зорилго, үнэт зүйлтэйгээ нийцсэн зүйлд л цаг заваа зориулахыг чухалчилдаг. Өмнөх үеийнхэн "ажилдаа үнэнч байх" гэдэг ойлголтыг шүтэж ирсэн бол Gen Z "өөртөө үнэнч байх"-ыг нэгт тавьдаг гэж хэлж болно. Жишээлбэл, бид хэт ачаалалтай, сэтгэлзүйн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, уур амьсгал таагүй “токсик” ажлын байрнаас татгалзахдаа огтхон ч харамсаж, гэмшдэггүй. Харин ч энэ нь эрүүл шийдвэр гэж үздэг. Ажлын байр бол бидний зорилгыг гүйцэлдүүлэх ёстой орон зай болохоос, амьдралынхаа үнэт цагийг золиослох талбар байх ёсгүй.
Бүр тодруулбал, зарим өмнөх үеийнхэн “ажил хэцүү ч, хэцүүгүй зүйл гэж юу байх вэ дээ” гээд тэвчсээр ирсэн харагддаг. Гэвч тэр их тэвчээрийн цаана сэтгэлзүйн асуудлууд, шаналал, чимээгүй туйлдал хэр их хуримтлагдсан байдаг бол? Харин бид бол “яагаад би ингэж амьдрах ёстой гэж?”, “би өөрийгөө ингэж золиослох хэрэгтэй юу?” гэж өөрөөсөө асууж, өөрийгөө бүхнээс илүүд тавьж, өөрийгөө хайрлахыг хичээдэг юм. Gen Z залуус залхуу хайнгадаа бус “Би иймэрхүү орчинд удаан байх ёсгүй” гэдгээ мэдэрсэн тохиолдолд өөрсдийгөө тэр орчноос холдуулдаг. Бид хязгаар тогтоож сурсан. “Үгүй” гэж хэлж чаддаг болсон. Энэ бол хариуцлагагүй явдал биш. Харин ч сэтгэлзүйн эрүүл мэндээ хамгаалж буй ухамсарт шийдвэр юм.
Эцэст нь хэлэхэд, энэхүү нийтлэлээрээ дамжуулан биднийг шүүмжлэхээсээ өмнө ойлгож, сонсож, хүндэтгэж байгаасай хэмээн хүсэж байна. Бид төгс биш. Алдаа гаргадаг, эргэлздэг, төөрдөг, хямардаг. Гэхдээ бид зогсолтгүй суралцаж, өөрсдийгөө эрэлхийлж, эдийн засгийн хямрал, дэвшилтэт технологи гээд дэлхийн хурдтай хөл нийлүүлэн алхах гэж хичээж буй шинэ үеийнхэн. Gen Z бол шүүмжлэлээс зугтсан үе биш. Харин үнэнтэй нүүр тулж, нээлттэй байж, өөрсдийн эмзэглэл, эргэлзээ, мөрөөдлөө ил тод ярьж чаддаг үе юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт