Арваннэгдүгээр сарын зурхай: Нухацтай, зоригтой шийдвэр гаргах үе ирлээ
Монголын Астрологийн Холбооны үүсгэн байгуулагч, хорарэй астрологич, өрнийн зурхайч Б.Мягмарсүрэнгийн BURO.-гийн уншигчдад зориулан бэлтгэсэн 2025 оны арваннэгдүгээр сарын дэлгэрэнгүй зурхайтай танилцана уу.
Хонь

Арваннэгдүгээр сарын 4-нд Ангараг гараг нумын ордод шилжих үеэр итгэл үнэмшил тань нэмэгдэнэ. Харин бүтэн сар үхрийн ордод гарахад эрүүл мэнд, гэр бүлийн уур амьсгал илүү эерэг болно. Гэхдээ энэ сард эр эмийн харилцаанд атаа жөтөө, хуурмаг байдал үүсэх магадлалтай учир үг хэлээ цэгнэх шаардлагатай. Мөн бусдад мөнгө зээлэх, бусдаас мөнгө зээлэхээс зайлсхий.
Сарын дундад бусдад биелүүлж чадахгүй амлалт өгөхөөс болгоомжлох хэрэгтэй. 20-нд шинэ сар хилэнцийн ордод гарах үеэр хуучин ажлуудаа эргэн харж, давхар гэр бүлийн харилцаандаа анхаарлаа хандуулаарай. Сарын сүүлээр нар нумын орд руу шилжих хөдөлгөөн хийснээр та илүү өөдрөг, өөртөө итгэлтэй байх болно.
Үхэр

Энэ сарын 4-нд Ангараг гараг байрлалаа өөрчилнө. Энэ үеэр үхрийн ордныхны эр эмийн харилцаа илүү идэвхтэй болно. Харин бүтэн сар гарах үеэр сэтгэл санаа тогтворгүй болох магадлалтай учир томоохон шийдвэр гаргах, гэрээ хэлэлцээр зохион байгуулахаас зайлсхий. Цаашлаад Тэнгэрийн ван гараг ухрах хөдөлгөөн хийснээр та гадаад төрхөө өөрчлөх, шинэ зүйлс сурах, гадаад орноор аялах хүслээр жигүүрлэгдэнэ.
Сарын дундад илүү дотоод хүнтэйгээ ажиллаж, сэтгэлзүйн асуудалдаа анхаарах шаардлагатай. Мөн энэ үеэр бусдын хэлсэн худал хуурмаг үгс, хов живд итгэхгүй байхыг хичээгээрэй. Арваннэгдүгээр сарын 20-нд шинэ сар хилэнцийн ордод гарснаар хосын харилцаанд сорилт үүсэх боловч үүнийг та хялбархан даван туулж чадна. Түүнчлэн дотоод ертөнцтэйгөө ажиллаж, өөрийгөө илүү сайн ойлгох сайхан үе ирж байна.
Ихэр

Энэ сарын 4-ний өдөр Ангараг гараг нумын ордод орсноор бусадтай харилцах харилцаа тань идэвхжих боловч хэн нэгэнтэй маргалдах, үл ойлголцохоос болгоомжил. Харин бүтэн сар үхрийн ордод гарахад гадаад орноос мэдээлэл ирэх, гаднын улсыг зорих зэрэг үйл хэрэг идэвхтэй болж ирнэ. Мөн ихрийн ордныхон зүүд нойроороо дамжуулан маш олон мэдээлэл олж авна.
Сарын дунд үед санхүү болон эрүүл мэндийн асуудалдаа анхаараарай. Энэ үеэр гэнэтийн төлөвлөөгүй зарлага гарах магадлалтай. Сарын сүүлээр буюу нар нумын ордод шилжих хөдөлгөөн хийх үеэр хийж дуусгаагүй байсан ажлууд тань эргэн сөхөгдөнө. Иймд бичиг цаастай холбоотой ажлуудаа сайтар хянаж, нягтлаарай. Нөгөөтээгүүр дотор эрхтэндээ анхаарал хандуулж, дасгал хөдөлгөөнөөр хичээллэж, зөв зохистой хооллох нь зүйтэй.
Мэлхий

Арваннэгдүгээр сарын 5-нд бүтэн сар гарснаар хэн таны жинхэнэ найз, хэн зүгээр л дүр эсгэж байна вэ гэдгийг та олж мэднэ. Нөгөөтээгүүр шинэ хүмүүстэй уулзах, гэрээ хэлэлцээр байгуулахад сайн үе тохиож байна. Мөн ганц бие хүмүүс шинэ хүнтэй учрах, болзох магадлалтай.
Цаашлаад сарын дундад Буд гараг ухрах хөдөлгөөн хийх үеэр өдөр тутмын хэв маягаа шинэчлэх, дасгал хөдөлгөөн хийх, дэглэм барихад таатай үе тохиож байна. Сарын сүүлээр өмнө нь хийх дуртай байсан зүйлсээ эргэн сэргээж, ирээдүйн төлөвлөгөөгөө гаргахад тохиромжтой. Мөн нар нумын ордод шилжихэд ажил, карьертаа илүү төвлөрч, нухацтай шийдвэр гаргаарай.
Арслан

Арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Ангараг гараг нумын ордод орсноор гэр бүлийн уур амьсгал илүү халуун дулаан болж ирэх ба улмаар бүтээлч энерги тань нэмэгдэнэ. Харин бүтэн сар 5-ны өдөр гарахад ажлаасаа гарах, шинэ албан тушаалд очих, шинэ ажилд орох зэрэг өөрчлөлт үүсэж магадгүй.
Сарын дундад санхүүгийн асуудалдаа маш сайн анхаараарай. Үрлэг, зарлагаа сайтар тооцоолж, ашиггүй худалдан авалт бүү хий. Мөн хэн нэгэнд, ямар нэгэн зүйл амласан байсан бол амлалтаа заавал биелүүлэхийг хичээгээрэй. 15-ны өдөр Буд гараг ухрах хөдөлгөөн хийхэд орон байр, унаа тэрэг гэхчлэн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бичиг цаасны ажлууд гарч ирэх магадлалтай. Сарын сүүлээр эрч хүч, урам зориг тань нэмэгдэж та илүү зоригтой шийдвэрүүдийг гаргаж эхэлнэ.
Охин

Энэ сарын 4-ний өдөр Ангараг гараг нумын ордод орсноор ажил, карьер дээр тань маш том боломжууд тохионо. Гэвч гэр бүлийн маргаан үүсэх магадлалтай тул ажил болон гэр бүлдээ гаргах цагаа тэнцвэртэй байлгахыг хичээгээрэй. 7-нд Тэнгэрийн ван гараг ухрах хөдөлгөөн хийснээр гэнэтийн аялалд гарах, шинэ зүйл сурах, бизнес эхлүүлэх зэрэг үйл хэрэг идэвхтэй болж ирнэ.
Сарын дундад унаа тэрэг, техниктэй холбоотой асуудал гарч болох тул анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. 15-ны өдөр Буд гараг ухрах хөдөлгөөн хийхэд ажил, карьер дээр тань эерэг өөрчлөлтүүд гарна. Сарын сүүлээр гэр бүлийн уур амьсгалдаа анхаарал хандуулж, үр хүүхдэдээ илүү их цаг зарцуулахыг хичээгээрэй.
Жинлүүр

Арван нэгдүгээр сарын 5-нд бүтэн сар үхрийн ордод гарах тул санхүү, өр зээлийн асуудалдаа анхаараарай. Энэ үеэр хэрэггүй худалдан авалт хийх, өөртөө хэт их мөнгө зарцуулахаас зайлсхий. Харин Сугар гараг хилэнцийн ордод шилжихэд мөнгө санхүүгийн байдал тань аажмаар сайжирч эхэлнэ.
Сарын дундад унаа тэрэг эвдрэх, ойр дотнын хүмүүстэйгээ үл ойлголцох магадлал өндөр тул үг яриагаа цэгнээрэй. Харин сарын сүүлд буюу 18-ны өдрөөс эхэлж дахин мөнгөний тогтворгүй энерги эхлэх учир тооцоотой байгаарай. Мөн ойрын аялалд гарах, шинэ бизнес эхлүүлэх, сургуульд сурах зэрэг үйл хэрэг идэвхтэй болж ирнэ.
Хилэнц

Энэ сарын 4-ний өдөр Ангараг гараг нумын ордод шилжих бөгөөд энэ үеэр санхүүгийн асуудалдаа илүү анхаарал хандуулаарай. Мөн уур бухимдлаа хянаж, бусадтай харилцахдаа болгоомжтой бай. Сарын дундад гадаад төрх, стилиэ өөрчлөх, гоо сайхны хагалгаанд ороход таатай үе тохионо.
Цаашлаад Бархасбадь гараг ухрах хөдөлгөөн хийснээр шинэ зүйл сурах, шинэ хоббитой болох хүсэл төрнө. Гэвч эрч хүч энергиэ гамнаж, сайтар амрахыг хичээгээрэй. Сарын сүүлээр чухал шийдвэр гаргах, гэрээ хэлэлцээр байгуулах, хүнд амлалт өгөхөөс зайлсхий. Нөгөөтээгүүр орлого ашгийн үүд хаалга тань энэ үеэр нээгдэж байна.
Нум

Нумын ордныхон арваннэгдүгээр сард бүхий л харилцаандаа маш болгоомжтой хандах хэрэгтэй. Сугар гараг хилэнцийн ордод шилжих үеэр санхүүгийн асуудалдаа болгоомжтой хандаж, үрлэг зарлагаа тооцоолоорой.
Сарын дундад бусадтай үл ойлголцох, хэн нэгний хэлсэн үгийг буруу ойлгох зэрэг үйл хэрэг идэвхтэй болж ирэх учир уур бухимдал, стрессээ зохицуулах хэрэгтэй. Буд гараг ухрах хөдөлгөөн хийх үеэр сайтар амарч, өөрийнхөө дуртай зүйлийг хийгээрэй. Арваннэгдүгээр сарын 21-нд нар нумын ордод шилжинэ. Энэ үеэр ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруулж, зоригтой алхам хийхэд тун таатай.
Матар

Арваннэгдүгээр сарын эхээр матрын ордныхон эрч хүчний хувьд бага зэрэг сулрах хандлагатай тул өөртөө амралт олгож, сэтгэл санаагаа тайван байлгахыг хичээгээрэй. Ангараг гараг нумын ордод орсноор дотоод эрч хүч суларч болох ч найз нөхөдтэйгөө хамтран ажиллахад амжилт дагуулна. 9-нөөс Буд гараг ухрах хөдөлгөөн хийж эхлэх тул аливаа зүйлсээ хаяж гээх, гэмтэж бэртэхээс болгоомжилж, гэрээ хэлэлцээр хийхээс зайлсхийх нь зүйтэй.
Сарын дунд үед өөрийгөө эргэн харж, дотоод ертөнцөө сонсох нь чухал. 20-нд холын зорилгоо төлөвлөж, ирээдүйн алхмаа тодорхойлоход таатай үе ирнэ. Харин сарын сүүлээр дахин эрч хүч суларч болзошгүй тул аялал, амралт төлөвлөхөд хамгийн тохиромжтой үе байх болно.
Хумх

Хумхын ордныхны хувьд энэ сард нийгмийн идэвх эрс нэмэгдэж, олон нийтийн хүрээнд өөрийгөө илүү тод харуулах боломж гарна. Энэ сарын 7-нд Тэнгэрийн ван гараг үхрийн орд руу шилжихэд таны зорилго илүү тодорхой болж, мөрөөдөл биелэх нөхцөл бүрдэнэ. Энэ үеэр шинэ санаачилга, хамтын ажиллагаа амжилттай байх бөгөөд сарын 18-нд хуучин ажлууд дахин сэргэж, өмнө нь дуусаагүй зүйлсээ эргэн харах шаардлага үүснэ.
Сарын сүүлээр ажил төрөл урагшилж, орлогын үүд нээгдэж, бүтээлч эрч хүч нэмэгдэх болно.
Загас

Загасны ордныхны хувьд сарын эхээр харилцаа холбоондоо болгоомжтой байж, үл ойлголцол үүсгэхээс сэргийлэх хэрэгтэй. 5-нд бүтэн сар үхрийн ордод гарах үед шинэ санаа төрж, улмаар ажил хөдөлмөр тань нэмэгдэнэ.
Тэнгэрийн ван гарагийн ухрах хөдөлгөөн таны өмнө нь төлөвлөсөн ажлуудаа дуусгах, төгөлдөржүүлэхэд түлхэц өгнө. Сарын дунд үед шинэ сар хилэнцийн ордод гарснаар гадаад харилцаа, ажил мэргэжлийн хариуцлага нэмэгдэх бол сарын сүүлчээр эрүүл мэнд, хоол хүнсэндээ анхаарах шаардлагатай үе ирнэ.
Энэ сарын онцлох өдрүүд
Арваннэгдүгээр сарын 4 
Ангараг гараг нумын ордод шилжинэ.
Арваннэгдүгээр сарын 5 
 Бүтэн сар үхрийн ордод гарна.
Арваннэгдүгээр сарын 7 
Тэнгэрийн ван гараг ухрах хөдөлгөөн хийнэ.
Арваннэгдүгээр сарын 9
 Буд гараг ухрах хөдөлгөөн хийнэ.
Арваннэгдүгээр сарын 20 
Шинэ сар хилэнцийн ордод гарна.
Арваннэгдүгээр сарын 21 
Нар нумын ордод шилжинэ.
 
                        