Их Британийн хааны гэр бүлийн эмэгтэйчүүдийн хэрэглэх дуртай гоо сайхны бүтээгдэхүүнүүд

II Элизабет, Меган Маркл, Кейт Миддлтон болон Диана гүнж нарын дуртай бүтээгдэхүүнүүд

Меган Маркл

Меган Марклын гоо сайхны төрхөд тод хөмсөг, өтгөн хар сормуус болон гялалзсан эрүүл арьс түлхүү давамгайлдаг. Меган Beauty Banter вебсайтад өгсөн ярилцлагадаа өөрийн хэрэглэх дуртай арьс арчилгаа болон мейкапны бүтээгдэхүүнүүдийг нэрлэсэн удаатай. Түүний косметикийн цүнхэнд дэлхий даяар алдаршсан, өндөр чанарын бүтээгдэхүүнүүд багтжээ. Жишээ нь, тэрээр NARS брэндийн “Orgasm” нэртэй хацар өнгөлөгч, Biore-ийн будаг арилгагч салфетка, Touche Eclat болон YSL-ийн өө дарагч, Laura Mercier гялалзсан эффекттэй праймер, мөн Kate Somerville-ийн чийгшүүлэгч серум зэрэг гоо сайхны салбарт маш сайн борлуулалттай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх дуртай гэнэ. Харин кино болон цувралуудад дүр бүтээж байх хугацаандаа Меган арьсыг хормын дотор гялалзуулах чадвартай гоо сайхны бүтээгдэхүүнүүд ашиглах дуртай болсон тухай хуваалцаж байсан юм. Гялалзах эффекттэй бүтээгдэхүүн нь удаан хугацааны турш будагтай байж, ядарсан арьсыг толигор, эрүүл харагдуулдаг давуу талтай хэмээн Меган онцолж байжээ. Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийн хувьд гэвэл Меган Tatcha брэндийн пудр, Jan Marini-ийн гликолийн хүчилтэй серум зэрэг хүчил болон фермент агуулсан гуужуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэхийг илүүд үздэг байна.

Кейт Миддлтон

Кембрижийн гүнгийн авхай олон улсын айлчлал, ёслол зэрэг арга хэмжээнүүдэд зориулан нүүр будалтдаа ихэвчлэн хацар өнгөлөгч, даруу атлаа эрхэмсэг харагдуулах смоки будалт хийхэд тохиромжтой косметик ашигладаг байна. Ханхүү Жоржийг хэвлийдээ тээж байх үедээ тэрээр Trilogy брэндийн нохойн хошуу ургамалтай тосонд сэтгэл алдаршиж, тогтмол хэрэглэдэг болсон гэнэ. Түүнчлэн Кейт Швейцарт үүсгэн байгуулагдсан Karin Herzog гэх хүчилтөрөгчтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг брэндийн үнэнч хэрэглэгч бөгөөд Мишель Обамагийн хэрэглэх дуртай Biotulin брэндийн Supreme Skin Gel нэртэй гелийг олон удаа онцолж байсан удаатай.

Кейтийн хувийн мейкап артист болох Арабелла Престон гүнгийн авхайн нүүр будалтыг хийхдээ Urban Decay брэндийн Naked тень, Bobbi Brow-ийн саатай тень, Lancôme-ийн Hypnôse сормуусны будаг, Laura Mercier-ийн арьсны тинт зэргийг түлхүү ашигладаг гэжээ. Мөн Кейт орой унтахаасаа өмнө Beuti Skincare брэндийн Beauty Sleep Elixir хэмээх серумыг нүүрэндээ түрхдэг талаарх мэдээлэл цахим орчноор тархсан байдаг.

II Элизабет

Олон гадны вебсайтуудын мэдээллэж буйгаар Их Британийн хатан хаан Clarins брэндийн үнэнч хэрэглэгч бөгөөд тэрээр тус брэндийг 1953 онд Хаан ширээнд өргөмжлөгдсөн үеэсээ хойш хэрэглэж байгаа гэнэ. Тэрээр 1952 онд тус брэндтэй хамтран арга хэмжээ, ёслолын үеэр өмсдөг нөмрөгтэй нь зохимжтой харагдах “The Balmoral Lipstick” улаан өнгийн уруулын будгийг гаргаж байсан түүхтэй. Харин 2007 оноос эхлэн Clarins хааны ордны албан ёсны гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн нийлүүлэгч брэнд болсон юм. Хатан хаан уг брэндийн гарын тос болон матт эффекттэй пудрийг хамгийн их хэрэглэх дуртай гэгддэг.

Түүнчлэн хааны ордон үнэртэй усны Floris, өндөр чанарын уруулын будаг үйлдвэрлэгч Elizabeth Arden, сам урладаг Kent Brushes, биеийн савангуудаараа алдартай Yardley London, Molton Brown зэрэг брэндүүдээс гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ сонгодог байна. Хатан хаан мөн хумсны лак үйлдвэрлэгч домогт Essie брэндийн “Ballet Slippers” нэртэй өнгийн будгийг голчлон хэрэглэдэг гэнэ. Тус брэндийн үүсгэн байгуулагч Эсси Вайнгартен болон хатан хаан II Элизабет нарын анх 1989 онд танилцсан түүх Essie брэндийн албан ёсны вебсайт дээр бахархалтайгаар нийтлэгдсэн байдаг билээ.

Диана

Диана гүнжийн мейкап артистаар ажиллаж байсан Клейтон Ховардын туурвисан Дианагийн нүүрний хөрөг зураг цахим ертөнцөд цацагдсан байдаг. Ийм төрлийн цаасан дээр буулгасан хөрөг зургуудыг мейкап артистууд ихэвчлэн модель дээр нүүр будалт хийхээс өмнө ашигладаг. Клейтон Ховардын гаргасан уг зургийг сайтар харах юм бол Диана гүнж хацрын ясаа тодотгож, нүдний цэнхэр харандаа, бүдэг ягаан уруулын будаг хэрэглэх дуртай нэгэн байсан бөгөөд сормуусаа дэрвийлгэн, үргэлж буддаг байжээ. Диана гүнж Sheer Genius брэндийн нүүрний крем, Max Factor-ийн хайлайтер, хацар өнгөлөгч, уруулын будаг, Blue Kohl 636 туяатай нүдний тень болон харандаа, Elizabeth Arden-ийн сормуусны будаг зэргийг хэрэглэх дуртай байжээ. Харамсалтай нь эдгээр бүтээгдэхүүнүүд худалдаанд гарахаа больсон билээ.

Харин үнэртнүүдээс Диана цахилдаг, цагаан цэцэг, цитрусын ноотуудтай Hermès брэндийн 24 Faubourg, сарнай, мэлрэг, сараана цэцэгстэй Penhaligon’s-ийн Bluebell, хөндийн сараана цэцэгтэй домогт Diorissimo болон тоор жимс, сарнай цэцэг анхилах Guerlain-ийн Mitsouko зэрэг үнэртнүүдийг өдөр тутамдаа хэрэглэдэг байжээ.

Buro.Mongolia

2022-01-11, 18:00