BURO.ярилцлага: Юнител группийн маркетинг хариуцсан дэд захирал А.Энхчимэг
Монголчууд бидний санаанд неон ногоон өнгө гэвэл харилцаа холбооны томоохон компани санаанд орж ирдэг нь яах аргагүй бүхнээс түрүүлж алхагч Юнител групп мөн билээ. Ингэж нутаг нэгт хэн бүхний тархинд өөрсдийн тод өнгө, дүр зургийг үлдээж чадна гэдэг Юнител группийн брэнд, маркетингийн бодлого нь ямар хүчтэй вэ гэдгийг илтгэнэ. Тэгвэл энэхүү группийн маркетинг хариуцсан дэд захирал А.Энхчимэгийг бид ярилцлагадаа урьж, брэнд болон маркетингийн салбарын талаарх сонирхолтой ярилцлага өрнүүлснийг та бүхэндээ толилуулж байна.
Юуны өмнө манай ярилцлагын урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та маркетингийн салбарын хүн болохоор эхний асуултаа арай сонирхолтой байдлаар эхэлье гэж бодлоо. Та компанийнхаа талаар бус, өөрийнхөө талаар маркетинг хийгээч гэвэл хэрхэн хийх вэ?
“Загасчны морь усгүй гэдэг” шиг өөр дээрээ ерөөсөө тэгж бодож байгаагүй юм байна. Магадгүй бусдын брэндийг тодорхойлох нь ажил үүргийн хувьд хавьгүй амар санагддаг байх л даа. Би хувийн орон зайгаа их хамгаалдаг хүн болохоор өөрийнхөө талаар олон нийтэд төдийлөн яриад байдаггүй л дээ. Ялангуяа сүүлийн үед цахим орчинд хувиараа контент түгээдэг хүмүүс олширч байгаа тул personal branding буюу хувь хүний брэндийг тодорхойлох нь маркетингийн салбарт томоохон сэдэв болж байна. Гэхдээ хувь хүн өөрийн брэндийг өөрөө тодорхойлох нь надад учир дутагдалтай санагддаг. Эцсийн дүндээ таны personal branding-ийг та өөрөө тодорхойлох бус, эргэн тойрон дахь хүмүүс болон урт хугацаандаа хийж буй сонголт, үйлдлүүд тань л илүү тодорхойлох болов уу. Гэхдээ өөрийгөө гурван үгээр тодорхойл гэвэл сониуч, шинийг эрэлхийлэгч, биеэ даасан үзэлтэй гэж хариулах байх.
Та өөрийн мэргэжлээсээ шалтгаалаад хаана ч явахдаа, бүхнийг мэргэжлийн маркетерийн өнцгөөс хардаг уу?
Мэдээж. Жишээ нь хүмүүс ресторан, зочид буудалд ороход интерьер, уур амьсгал, үйлчилгээ зэрэг том дүр зургаар нь хардаг бол миний хамгийн их анзаардаг зүйл бол жижиг деталь. Ширээн дээр юу тавьсан байна, хоолны меню ямар материалтай вэ, гэрэлтүүлэг ямар байна, хөгжим нь орчинтойгоо зохицож байна уу, ажилтан хэрэглэгчтэй хэрхэн харьцаж байна гэх мэт. Өөрөөр хэлбэл брэндийн жинхэнэ мөн чанар том сурталчилгаа биш, хэн ч анзаарахгүй гэж бодсон жижиг зүйл дээр илэрдэг гэж боддог. "The devil is in the detail". Яагаад гэвэл жижигхэн деталь болгоноо анхаарсан бол цаана нь ямар стандарттай байгууллага вэ гэдгийг шууд л хэлээд өгдөг. Мөн хэрэглэгчдийн амьдралын хэв маяг, худалдан авах чадвар, соёлын өөрчлөлтийг ажиглах нь чухал. Маркетинг хэрэглэгчийн хэрэгцээнд тулгуурлах ёстой. Дижитал технологийн ачаар дата ашиглан нийтлэг хэрэгцээг ойлгохоос гадна хүн бүрийн онцлогт тохирсон үйлчилгээ санал болгох боломж нэмэгдэж байна.
Нэгэн үе хэрэглэгчид зар сурталчилгаанд итгэдэг байсан бол өнөө цагт энэхүү итгэл ямар түвшинд байгаа вэ? Магадгүй зар сурталчилгаанаас илүүтэй найз нөхдийн санал болгосон зүйлсэд итгэх нь ажиглагддаг. Тухайн брэнд хэрэглэгчийн итгэлийг яг юугаар олж авдаг болсон гэж та хардаг вэ?
Найз нөхөд тань ямар нэг брэндийг өөрийн хүсэлтээр санал болгож байна гэдэг маш үнэ цэнтэй зүйл. Учир нь тэр саналын цаана тухайн хүний бодит туршлага, сэтгэл ханамж байдаг. Тэр туршлагыг бий болгоход зөвхөн реклам биш, бүтээгдэхүүн, үйлчилгээ, үнэ цэн, брэндийн имиж гээд олон зүйл нөлөөлдөг. Миний хувьд маркетингийн хамгийн сайн үр дүнгийн нэг нь хэрэглэгч өөрөө брэндийг бусдад санал болгох явдал.

Та хэрэглэгчдийн зан төлөвийн дата мэдээллийг одоо үед амархан гаргах боломжтой болсон гэж хэлсэн. Тэгэхээр дата мэдээлэлд 100% итгэж шийдвэр гаргах нь зөв үү эсвэл маркетингийн менежер өөрийн зөн совин, мэдрэмжтэй давхар сүлэлдүүлэх шаардлагатай юу?
Би дата үнэлгээнд итгэдэг. Гэхдээ датаг туйлын үнэн гэж хардаггүй. Жишээлбэл, аливаа судалгаанд найман настай хүүхдээс наян настай буурай хүртэл өөр өөр нас, амьдралын хэв маяг, үзэл бодолтой хүмүүс хамрагдсан байж болно. Харин тэрхүү судалгааны үр дүнг маркетингийн шийдвэрт ашиглахдаа зах зээлийг бүхэлд нь нэг бүлэг мэт харж, нийтлэг хандлагад тулгуурлан төлөвлөх нь бий. Миний хувьд харин датаны цаана байгаа хүмүүсийн ялгаатай онцлогийг олж харах нь илүү чухал санагддаг. Тухайн хэрэглэгчид ямар асуудалтай тулгарч байна, юуг хүсэж байна, ямар хэрэгцээг нь өнөөг хүртэл хангаж чадаагүй байна вэ гэдгийг ойлгож, тэдэнд зориулсан шинэ шийдэл олохыг хичээдэг. Өөрөөр хэлбэл, датагаар юу болж байгааг харахаас гадна түүний цаана ямар боломж нуугдаж байгааг эрэлхийлдэг гэсэн үг. Үүнийг загварын салбартай зүйрлэж болно. Нэг загварын цамц сайн борлуулагдаж байна гээд л тэр загвараа үргэлжлүүлэн үйлдвэрлээд байдаггүй шүү дээ. Хэрэглэгчдийн сонирхол, хэв маяг, хэрэгцээ өөрчлөгдөхийн хэрээр шинэ загвар, шинэ санааг санал болгодог. Маркетинг ч үүнтэй адил. Өмнөх амжилтаа давтахын тулд зөвхөн үр дүнтэй байсан зүйлээ давтахаас илүүтэй хэрэглэгчийн хэрэгцээг шинээр харж, бусдын анзаараагүй боломжийг олж харах нь чухал. Дата өнгөрсөнд юу болсныг сайн тайлбарладаг ч ирээдүйд ямар хэрэгцээ үүсэхийг үргэлж хэлж чадахгүй шүү дээ. Тиймээс оновчтой шийдвэр гаргахад хүний сониуч зан, мэдрэмж, соёлын ойлголт, бүтээлч сэтгэлгээ хэрэгтэй болдог.
Хэрэглэгч өөрөө ч хараахан мэдээгүй хэрэгцээ, шаардлагыг нь маркетер олж харах боломжтой юу? Жишээ нь “touch” дэлгэцтэй ухаалаг гар утас гарах хүртэл хүмүүс товчлууртай утастай болоод л байсан шүү дээ. Одоо бол “touch” дэлгэцтэй гар утас хүмүүсийн хэрэгцээ, шаардлагын салшгүй нэгээхэн хэсэг болсон.
Apple анхны touchscreen утсыг бүтээгээгүй. Гэхдээ iPhone гарснаар хүмүүсийн гар утасны талаарх ойлголт, хэрэглээ эрс өөрчлөгдсөн. Үүнийг зөвхөн сайн сурталчилгааны үр дүн гэж хэлж болохгүй. Бүтээгдэхүүний дизайн, хэрэглэхэд хялбар байдал, технологи, програм хангамж, брэндийн стратеги гээд олон зүйл нийлсэн. Миний хувьд энэ бол хэрэглэгчийн хараахан бүрэн тодорхойлж чадаагүй хэрэгцээг ойлгож, түүнд тохирсон бүтээгдэхүүн, туршлагыг бий болгосны сайн жишээ.
Монгол улс посткоммунист, хүн амын тал хувь нь нүүдлийн соёл иргэншилтэй, ардчилал гараад удаагүй гэх мэтээр өөрийн онцлог шинжүүдтэй. Тэгэхээр монгол хүний хэрэглээний сэтгэлзүйд гаднын маркетингийн онолоор тайлбарлахад хэцүү ямарваа нэг онцлог байдаг уу?
Маркетингийн үндсэн зарчим улс орон бүрд төстэй ч, соёлын түвшинд ялгаатай хэд хэдэн онцлогууд бий. Монголчуудын худалдан авалт, сонголтод гэр бүл, найз нөхөд, ойр дотнын хүмүүсийн санал ихээхэн нөлөөлдөг. Үүний зэрэгцээ бид шинэ технологи, тренд, хэрэглээг хурдан туршиж, нэвтрүүлэх хандлагатай. Тэр шинэ зүйл нь ойрын хүрээлэл дотор хүлээн зөвшөөрөгдөж эхэлбэл хэрэглээ нь маш хурдан тархах боломжтой. Жижиг зах зээл, хүчтэй ам дамжсан яриа, шинэ зүйлд нээлттэй байдал зэрэг нь Монгол хэрэглэгчийн зан төлөвийг их сонирхолтой болгодог. Тиймээс Монгол хэрэглэгчийг зөвхөн нас, санхүүгийн орлого зэрэг үзүүлэлтүүдээр ерөнхий дүр зураг гаргахад хэцүү.
Амжилттай брэндийг хэрхэн бий болдог вэ? Зарим компани зар сурталчилгаа их хийлээ ч хүмүүсийн дунд тэр бүр түгж чаддаггүй.
Миний бодлоор хүчтэй брэндүүдийн нэг онцлог нь өөрчлөгдөж буй цаг үеэс хоцрохгүй хэр нь өөрийн гэсэн мөн чанар, ялгарах онцлогоо алдахгүй авч явдагт оршдог.
Юнител групп хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралд ийм хэмжээнд суулгахад хамгийн хэцүү хэсэг юу байсан бэ?
Юнител групп бол 20 гаруй компанийг нэгтгэсэн Монголын томоохон групп компаниудын нэг. Энэ олон бүтээгдэхүүн, үйлчилгээ, брэндийн ард маш олон сорилт, бас тэр бүр гаднаас харагддаггүй томоохон ажлууд бий. Хүмүүс маркетинг гэхээр реклам сурталчилгаа хийх, ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулах гэж ойлгох нь элбэг. Гэхдээ энэ бол мөсөн уулын зөвхөн орой нь. Харин усан доорх хэсэгт нь хэрэглэгчийн ойлголт, зан төлөвийг өөрчлөх, брэндийн үнэ цэнийг бий болгох, зах зээлд зөв байр сууриа олох зэрэг урт хугацаа, тууштай хүчин чармайлт шаардсан ажлууд өрнөдөг. Жишээлбэл, Юнителийг хямд үнийн бодлогоороо танигдсан оператороос илүү үнэ цэн, чанарыг эрхэмлэдэг premium брэнд болгон хөгжүүлэхэд зөвхөн имижийг нь өөрчлөх хангалтгүй байсан. Хэрэглэгчдийн олон жилийн турш тогтсон ойлголтыг шинэчлэхийн зэрэгцээ оюуны өмчийг хүндэтгэх, контентын үнэ цэнийг ойлгож, зөв хэрэглээг төлөвшүүлэхэд ч анхаарах шаардлагатай байсан. Харин Юнивишнийн хувьд телевиз, контентын үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхээс гадна оюуны өмчийн эрхийг дээдэлдэг, албан ёсны эх сурвалжаас чанартай контент үзэх соёлыг төлөвшүүлэх нь энэ брэндийн хөгжлийн нэг чухал хэсэг байсан. Мөн Гэр интернэт, LookTV, Toki зэрэг брэндийг зах зээлд богино хугацаанд таниулж, хэрэглэгчдийн оюун санаанд зөв байршуулан, тус бүрийн онцлог, үнэ цэнийг ойлгуулах шаардлагатай болсон. Үүний зэрэгцээ брэнд бүрийн стратегийг зөв тодорхойлж, хооронд нь ялгамжтай атлаа группийн нэгдсэн зорилготой уялдуулах, урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, эцэст нь бизнест бодит үнэ цэн, үр өгөөж бий болгох шаардлагатай. Брэнд бүр өөрийн гэсэн хэрэглэгч, өрсөлдөөн, зах зээлийн онцлогтой учраас нэг шийдлийг бүгдэд нь адилхан хэрэглэх боломжгүй. Тиймээс маркетингийн хамгийн сонирхолтой бөгөөд сорилттой хэсэг нь хүмүүст харагдаж буй кампанит ажлын цаана ямар үнэ цэн бүтээж байна вэ гэдэгт оршдог гэж би боддог. Нэг удаагийн амжилттай кампанит ажил хийхээс илүүтэй хэрэглэгчийн ойлголт, сонголт, зан төлөвт бодит өөрчлөлт бий болгож, брэндийг урт хугацаанд үнэ цэнтэй байлгах нь илүү өргөн хүрээний стратегийн ажил юм.
Брэндийн хувьд “хэзээ ч хийж болохгүй зүйл” гэж байдаг уу?
Байлгүй яах вэ. Бидний хувьд тэр нь үйл ажиллагааны ёс зүй, хэм хэмжээ юм. Хэрэглэгчийг зориуд төөрөгдүүлэх, айдас эсвэл эмзэг байдлыг нь ашиглах, хэрэглэгчийн мэдээллийг зөвшөөрөлгүй ашиглах, эсвэл богино хугацаанд илүү их орлого олохын тулд өөрсдийн үнэт зүйлээсээ ухрах гэх мэт зүйлсийг маркетингийн сайн үр дүнгээр зөвтгөж болохгүй гэж боддог. Заримдаа маш их анхаарал татаж, сенсац болохуйц санаа гарч ирнэ. Тэр нь бизнесийн хувьд ашигтай харагдаж ч болно. Гэхдээ тэр санаа хэрэглэгчийн итгэлийг эвдэхээр байвал бид хийдэггүй. Хийж болох зүйл болгон хийх ёстой гэсэн үг биш. Эцэст нь брэнд гэдэг хүмүүсийн итгэл дээр тогтдог. Орлогоо дараа нь нөхөж болно. Кампанит ажлуудаа ч өөрчлөн, сольж болно. Харин нэг алдсан итгэлийг буцааж авах хамгийн хэцүү.
Эхэндээ эргэлзээтэй байсан ч эцэст нь хамгийн зөв шийдвэр болсон маркетингийн шийдвэр юу байсан бэ?

Нэлээд олон жилийн өмнө бид амьдардаг ахуй орчноо цэвэр байлгаж, нийгмийн ухамсрыг дээшлүүлэх зорилготой “Зөв Бай” гэдэг нэртэй кампанит ажил өрнүүлж байсан. Тухайн үед иймэрхүү нийгмээ зөв зүйлд уриалсан кампанит ажлуудыг томоохон аж ахуй нэгжүүд төдийлөн хийдэггүй байсан ба энэ төсөл нь анхны тохиолдлуудын нэг байсан л даа. Эхэндээ бол хүмүүс яаж хүлээж авах бол гэж эргэлзэж байсан ч, яг ажлаа эхлүүлээд хийтэл цахим орчинд маш сайн хандалт авч, хүмүүс энэхүү ажлыг маш зөв гэж хүлээж авч байгаа нь мэдэгдсэн. Тиймээс нийгмийн хариуцлагын хүрээнд иймэрхүү кампанит ажлууд хийх ёстой юм байна гэдгийг илүү их ойлгосон. Ер нь бол надад нэг зөв шийдвэр эсвэл нэг сайн хэрэгжүүлсэн кампанит ажил гэхээсээ илүү, хамгийн сайн хийж чадсан зүйл минь гэвэл өөрсдийн брэндэд зөв гэж итгэсэн зүйлээ хамгаалсаар ирсэн юм болов уу. Зарим үед удирдлагатайгаа санал зөрнө. Зарим үед бүр багтайгаа ч санал зөрнө. Санал нэгдэж байна гэдэг нь үргэлж хамгийн зөв, бүтээлч гаргалгаа байдаггүй. Гэхдээ энэ нь зүгээр л өөрийнхөөрөө зөрүүдлэх тухай биш юм. Өөрийн дэвшүүлсэн санаагаа зөв гэж батлахын тулд судалгаа, дата, туршлагаа харж байж, эцэст нь өөрийн мэргэжлийн дүгнэлтэд итгэх мөч ирдэг. Тэр үед удирдагч хүн “бүгд санал нийлтэл нь хүлээе” гэж болохгүй. Сайн санааг олж харах чадвар чухал. Харин тэр санаагаа хамгаалах зориг түүнээс дутахгүй чухал.
“Ингэх хэрэггүй байсан юм байна” гэж бодож байсан кампанит ажил, шийдвэр бий юу? Тэр алдаанаас юу сурсан бэ?
Тоолж барахгүй олон бий. Бид нар ямарваа нэгэн ажил эхлүүлэхдээ эрсдэлийг нь аль болох урьдчилж тооцоолохыг хичээдэг. Гэхдээ огт тооцоолоогүй эрсдэлүүд ч гарч ирдэг болохоор тухай бүрд нь засаж сайжруулаад, суралцаад явахыг боддог. Тийм болохоор эрсдэлээс айгаад гараа хумхиж суулгүй, зоригтойгоор ажлаа эхлүүлэх нь зөв юм. Гэхдээ би алдааг муу эсвэл буруу зүйл гэж хардаггүй. Харин бүтээлч байдлын нэг хэсэг гэж хардаг. Баг хамт олондоо ч айхгүйгээр санаагаа гаргахыг уриалдаг. Хэрэв санаа гаргаж байхдаа төсөв, зөвшөөрөл, нэр хүндийн эрсдэл, гүйцэтгэл гээд бүх хязгаарлалтаа хамт бодоод байвал хамгийн сонирхолтой санаанууд төрөхөөсөө өмнө үхчихдэг. Тиймээс бидний процесс бол эхлээд санаагаа боловсруулна, дараа нь эрсдэлээ тооцно, эцэст нь мэдээж хариуцлагатайгаар шийдвэр гаргана. Гэхдээ алдахаас айдаг байгууллагаас гайхамшигтай бүтээлч санаа гарах их хэцүү.
Маркетер хүний хамгийн том өрсөлдөгч нь өрсөлдөгч компани биш, байгууллагын доторх уламжлалт хандлага байж болох уу?
Байж болно. Ялангуяа том байгууллага дээр ажиглагддаг. Өрсөлдөгчөө бол бид ажиглаж чадна, судална, стратегиа өөрчилнө, хариу үйлдэл үзүүлнэ. Харин бид өөрсдөө “өмнө нь ингэж л хийдэг байсан”, “хэт эрсдэлтэй”, “манай салбарт болохгүй” гэх мэт хэвшмэл хандлагыг бий болгочих л юм бол өөрсдийн мэдэлгүй удааширч, хайрцаглагдаж эхэлнэ. Гэхдээ би энэ мэт уламжлалт хандлагыг шууд буруу гэж хэлэхгүй. Түүний цаана туршлага, бодит эрсдэл, заримдаа хамгаалах ёстой зүйл ч байдаг. Маркетерийн ажил бол хуучин бүгдийг эвдэх биш, юуг хадгалах, юуг өөрчлөх, яагаад одоо өөрчлөх хэрэгтэйг ойлгуулах гэж боддог. Харин жижиг аж ахуй нэгжийн хувьд удирдлагуудын маркетингийн талаарх мэдлэг нь хумигдмал байдаг болохоор яг мэргэжлийн түвшинд маркетингийн ажил гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөл тулгардаг. Маркетингийн ажилтан нь үүргээс гадуур нэмэлтээр оффис менежер ч юм уу, нарийн бичгийн дарга хийх үзэгдэл олонтоо харагддаг. Тэгэхээр бид маркетингийн ажлыг үнэлэх үнэлэмж болон ойлголтоо бас тэлэх ёстой юм болов уу гэж боддог.
Өнөөдрийн залуусын анхаарал хэдхэн секундэд өөр зүйл рүү шилждэг болсон. Хүмүүсийн анхаарлыг татах нь маркетингийн хамгийн хэцүү асуудал болсон уу?
Хүмүүсийн анхаарал төвлөрөх чадвар багассан гэхээсээ илүү анхаарлыг нь татахын төлөө өрсөлдөж буй мэдээлэл, контент асар их болсон гэж би хардаг. Хүн дуртай Netflix-ийн цувралаа хэдэн цаг үзэж, сонирхолтой подкаст сонсож, тоглолт дээр хэдэн цаг зогсож чадна шүү дээ. Тэгэхээр хүмүүс анхаарлаа төвлөрүүлж чадахаа больсон гэсэн үг биш. Харин сонирхолгүй, өөрт нь хамааралгүй контентод цаг зарцуулах шаардлагагүй болсон. Маркетерийн хувьд хамгийн чухал нь хүмүүсийн анхаарлыг ямар ч аргаар хамаагүй татах биш, тэр анхаарлыг авах үнэ цэнтэй зүйл бүтээх юм.
Өнөө цагт томоохон брэнд болон компаниуд цахим орчны нөлөөлөгчидтэй хамтарч ажилладаг болсон шүү дээ. Ирээдүйд ч брэндүүдийн хамгийн хүчтэй сурталчилгааны суваг нь influencer-үүд хэвээр байх уу?
Тийм байх магадлал маш өндөр. Гэхдээ контент бүтээгч эсвэл influencer өөрөө олон дагагчтай байх нь дангаараа хангалтгүй болсон. Миний хувьд хамгийн чухал нь контент бүтээгч болон тухайн брэнд хоёрын хоорондын зохицол, нийцэл юм. Тухайн контент бүтээгчийн зан чанар, үзэл бодол, амьдралын хэв маяг болон үзэгчид нь брэндтэй нийцэж байна уу гэдэг нь чухал. Үүн дээр контент бүтээгч өөрийнхөөрөө, үнэн бодитой контентыг бүтээж чадвал маш хүчтэй нөлөө бий болдог. Харин брэндтэй ямар ч холбоогүй нөлөөлөгчийн гарт зохиол өгөөд, бүтээгдэхүүнээ магтуулахад хэрэглэгчид тэр хуурамч, хиймэл байдлыг маш хурдан мэдэрдэг. Үүнтэй адил компанийн өөрийн ажилтнууд ч өөрсдөө хамгийн найдвартай элч төлөөлөгч байж чадна. Гэхдээ ажилчдын дуу хоолойг мөн цаанаас нь зохиож өгч болохгүй. Хүн өөрийн жинхэнэ туршлагыг өөрийн дуу хоолойгоор брэндийн тухай ярих үед л итгэл төрдөг. Ирээдүйн хамгийн хүчтэй сурталчилгаа нь хамгийн олон дагагчтай хүн биш. Тухайн брэндэд хамгийн зөв нийцсэн, бодитоор өгүүлж чадах хүн байх болов уу.

Хиймэл оюун ухаан маркетер хүний ажлаас хамгийн түрүүнд ямар ажлын байрыг бүрэн “авна” гэж та бодож байна вэ? Харин юуг хэзээ ч орлож чадахгүй вэ?
Би AI ямар ажлын байрыг орлох вэ гэдгээс илүүтэй бидний ажиллах арга барилыг хэрхэн өөрчлөх вэ гэдгийг сонирхдог. Бичвэр боловсруулах, дизайн, судалгаа, дата анализ зэрэг олон ажлыг AI аль хэдийн хөнгөвчлөөд эхэлчихсэн. Гэхдээ мянган санаа гаргалаа ч тэдгээрээс аль нь брэндэд тохирох, хэрэглэгчдэд хүрэх, хэрэгжүүлэхэд үнэ цэнтэй вэ гэдгийг ялгаж, зөв сонголт хийх нь хүний мэдрэмж, шүүн тунгаах чадвар, туршлагаас хамаарна. AI бүтээмжийг нэмэгдүүлж чадах ч санаа нь бизнесийн зорилго, брэндийн үнэт зүйлтэй нийцэж байгаа эсэх, хүмүүст хэрхэн нөлөөлөхийг үнэлж, эцсийн хариуцлагыг хүн хүлээнэ. Учир нь хурдан байх, зөв байх хоёр өөр шүү дээ. Тиймээс ирээдүйн маркетерийн үнэ цэн зөвхөн бүтээх чадварт бус, юуг бүтээх нь зөв бэ гэдгийг таньж, оновчтой шийдвэр гаргах чадварт оршино гэж бодож байна.
Монголын маркетингийн салбарын түвшнийг дэлхийн зах зээлтэй харьцуулбал бид юугаараа хоцорч, юугаараа давуу байна вэ?
Монголын маркетеруудын хамгийн том давуу тал бол хурд болон дасан зохицох чадвар. Манай зах зээл жижиг учраас хурдан туршиж, хурдан өөрчилж, нөөц бага байсан ч бүтээлч гаргалгаа олох чадвар өндөр. Монгол маркетерууд олон талын ажил хийдэг учраас бизнесийг бүхэлд нь харах чадвар нь ч сайн хөгждөг. Харин бидний дараагийн хүрэх ёстой шат бол илүү системтэй болох юм. Хэрэглэгчийн судалгаа, дата боловсруулалт, маркетингийн ажлын хэмжилт, мэргэшсэн чиглэл, мөн хамгийн чухал нь урт хугацааны брэндинг бүтээх болон стратегийн чиглэлээр илүү хөгжих шаардлагатай. Заримдаа бид кампанит ажлуудыг брэндинг гэж андуурах гээд байдаг. Кампанит ажлууд бол тодорхой хугацаанд өрнөөд дуусна. Брэндийг бол 10, 20 жил бүтээнэ. Бидэнд бүтээлч байдал дутаагүй. Харин бүтээлч байдлыг урт хугацааны систем болгох чадвар дараагийн өрсөлдөх чадвар болно.
Дэлхийд гарах Монгол брэнд заавал “Монгол” гэдгээ хүчтэй харуулах ёстой юу, эсвэл эхлээд дэлхийн брэнд шиг сэтгэх ёстой юу?
Монгол гэдэг ондоошил өөрөө гадаад зах зээлд ялгарч чадахуйц маш хүчтэй. Гэхдээ “Монгол” гэдэг нь өөрөө тухайн брэндийн үнэ цэний илэрхийлэл биш. Дэлхийн хэрэглэгч эхлээд “Энэ Монголын бүтээгдэхүүн үү?” гэж асуухгүй. “Энэ миний сонирхолд нийцэж байна уу? Чанартай юу?” гэж л асууна. Тиймээс эхлээд дэлхийн түвшний бүтээгдэхүүн, дизайн, өгүүлэмж, хэрэглэгчийн туршлага хэрэгтэй. Харин Монголын өв соёл, философи нь тэр бүтээгдэхүүнийг бусдаас ялгаруулах хүч болж чадна. Монгол гэдгээ нуух хэрэггүй. Гэхдээ Монгол гэдгээрээ бүтээгдэхүүний сул талыг нөхөх гэж оролдож болохгүй. Яг энэ жишээ манай Монголын аялал жуулчлалын салбарт их ажиглагддаг. Жуулчдыг бид Монгол гэдэг ондоошлоороо анхаарлыг нь татаж бол чадаад байна. Харин жуулчид ирсэн хойно нь бид үнэхээр дэлхийн хэмжээний стандарттай үйлчилгээг үзүүлж чадаж байна уу гэдэг дээр л анхаарах хэрэгтэй. Би Local soul, global standard буюу үндэсний ондоошил, дэлхийн стандарт хоёрын хослолд итгэдэг.
Монголын залуу маркетеруудын дараагийн үеийг бэлтгэвэл номоор зааж чадахгүй ямар чадварыг хамгийн түрүүнд суулгах вэ?
Сониуч байдал. Цаашдын ирээдүйд маркетингийн технологи өөрчлөгдөнө. Платформ болон алгоритм ч өөрчлөгдөнө. Хиймэл оюун бол бүр ч их өөрчилнө. Харин хүн яагаад ийм сонголт хийв, яагаад энэ зүйл гоё санагдав, яагаад энэ ресторан дүүрэн байхад хажуугийнх нь хоосон байна, яагаад нэг брэнд соёлын нэгээхэн хэсэг болж байхад нөгөө нь реклам хэвээр үлдэв гэдгийг байнга асуудаг зан бол хуучрахгүй. Маркетер хүн зөвхөн маркетинг судалдаг байж болохгүй. Загвар, урлаг, сэтгэл судлал, технологи, санхүү, архитектур, хөгжим, поп соёл гээд бүгдийг тодорхой түвшинд сонирхох хэрэгтэй. Бүтээлч байдал гэдэг толгой дотор хоорондоо холбоогүй байсан зүйлсийг холбох чадвар юм. Холбохын тулд эхлээд толгой дотор олон зүйл байх хэрэгтэй.
“Би энэ шийдвэрийг гаргаагүй бол өнөөдрийн би байхгүй байсан” гэж боддог шийдвэр танд бий юу?
Магадгүй энэ нь шийдвэрээс илүү тухайн нэгэн мөч л өнөөдрийн “би”-г бүтээсэн юм болов уу гэж боддог. Хүүхэд байхдаа анх Америкт очихдоо маш том зурагт сурталчилгаа харж байснаа одоо хүртэл санадаг. Тэр зурагт сурталчилгааны хэмжээ, зураг, үсгийн фонт гээд бүх зүйлүүд нь намайг гайхшируулсан. Яагаад гэдгийг тэр үедээ бол тайлбарлаж чадахгүй байсан ч бүтээлч салбарт татагдсан тэр мэдрэмж маш тод үлдсэн. Түүнээс хойш хэвлэлийн материал, дизайн, харилцаа холбоонд маш дуртай болсон. Одоо бодоход миний карьер нэг том стратегийн төлөвлөгөөнөөс эхлээгүй юм байна. Зүгээр л нэг зурагт сурталчилгаа хараад "би ийм зүйл хиймээр байна" гэж бодсон сониуч зангаас минь л эхэлсэн юм. Магадгүй өнөөдөр ч тэр зан өөрчлөгдөөгүй. Ямар нэг зүйл хараад гайхах, яагаад гэдгийг нь сонирхох, дараа нь өөрөөр хийж үзэх хүсэл гээд…
Дуртай брэнд
Уламжлалт гоозүйг эвдэж чаддаг Yohji Yamamoto, Comme Des Garcons, Maison Margiela зэрэг брэндүүдэд дуртай.

Дуртай уран бүтээлч
Яёи Кусамагийн бүтээл их сонирхолтой. Хэдий Louis Vuitton брэнд миний сонирхолд нийцдэггүй ч Кусаматай хамтарч гаргасан Pumpkin Purse-ыг авах тухай хүртэл бодож байсан.

Таны хобби
Аялах, хүмүүсийг ажиглах, жижигхэн хэр нь өвөрмөц, хэрэгцээтэй зүйлс олж анзаарах дуртай. Нэг хэсэг бүр Mr. Bean-ийх шиг classic Mini Cooper хүртэл унадаг байлаа.

Маркетингийг энгийнээр тайлбарлавал...
Зөв хамтрал, зөв өгүүлэмж, зөв бүтээлч санаа нь таны сонирхдоггүй брэндийг хүртэл хүсэмжит болгож чаддаг.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт