Мөрөөдлийн зүйл: Сонгодог романуудаас бүрдсэн 'Loewe Classics'

Бүх цаг үеийн хамгийн шилдэг 6 роман

Испанийн Loewe брэнд номын шүүгээг тань чимэх сонгодог зохиолуудаас бүрдсэн "Loewe Classics" нэртэй номын цуглуулгаа худалдаанд гаргалаа. 

Эмили Бронтийн "Аянгат даваа", Брам Стокерын "Дракула", Мигель Сервантесийн "Дон Кихот", Оскар Уайлдын "Дориан Грэйний хөрөг", Жозеф Конрадын "Харанхуйн зүрх", Густав Флоберийн "Бовари хатагтай" гэх бүх цаг үеийн хамгийн шилдэг 6 роман "Loewe Classics" цуглуулгад багтжээ.

Түүнчлэн номын нүүр хуудасны зургуудыг алдартай загварын гэрэл зурагчин Стивен Майзел дарсан бөгөөд зургуудаас Loewe брэндийн загваруудаас мэдрэгддэг өвөрмөц, бүтээлч уур амьсгал мэдрэгдэнэ.

Дизайнер Жонатан Андерсон Loewe брэндийг тав дахь жилдээ хариуцан ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд брэндийн нэр хүнд огцом өсч, түүний бүтээсэн загваруудыг худалдаж авах нь хэн бүхний мөрөөдөл болоод байгаа билээ. Үүнээс гадна Жонатан Андерсон залуу уран бүтээлчид, зурагчдыг дэмжин тэдний уран бүтээлийг Loewe брэндээр дамжуулан түгээж байна.

Бүтээлч захирал Жонатан Андерсон "Loewe брэнд арьсан эдлэл, хувцас хийхээс гадна загвараар дамжуулан сонгодог урлагийн сайн сайхныг бусдад таниулахыг хүслээ" хэмээсэн юм. Мөн тэрээр эдгээр романуудын алийг уншиж эхлэхээ мэдэхгүй байвал Оскар Уайлдын "Дориан Грэйний хөрөг" зохиолоос эхлэхийг санал болгосон юм. Учир нь энэхүү зохиолд өгүүлэгдэх үйл явдал бидний одоо амьдарч буй нийгэмтэй шууд холбогдох агаад гайхалтай санаануудыг шингээсэн болохыг онцоллоо.

"Loewe Classics" цуглуулгa брэндийн албан ёсны вебсайт дээр 590 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдаж байна.

 

Buro.Mongolia

2018-08-17, 18:52