Айдас хүйдэс төрүүлсэн Moschino брэндийн шинэ цуглуулга

Бүх цаг үеийн шилдэг аймшгийн кинонуудаас сэдэвлэсэн цуглуулга

Moschino брэндийн бүтээлч захирал Жереми Скотт 2020 оны аяллын цуглуулга болон эрэгтэй цуглуулгыг Холливүүд дэх Universal Studios компанийн паркад танилцууллаа. Манан татсан харанхуй гудамжинд, жихүүдэс төрүүлэх аянд аймшгийн дүрүүдэд хувирсан загвар өмсөгчид Жереми Скоттын шинэ цуглуулгыг танилцуулсан юм. Тэрээр "The Shining", "Edward Scissorhands", "Scream", "Кинг Конг" киноноос эхлээд "Stranger Things" цуврал, Жордан Пилийн "Us" гээд бүх цаг үеийн шилдэг аймшгийн кинонуудаас сэдэвлэсэн нийт 90 орчим төрхийг урлажээ. "Поп соёл, энтертейнмэнт бол миний хамгийн дуртай зүйлс. Киноноос сэдэвлэсэн цуглуулгыг Холливүүдэд танилцуулна гэдэг тэдгээр загваруудыг амь оруулж байгаа мэт санагдлаа" гэж Жереми Скотт шоуны тухай ярьсан юм.

Сонирхуулж хэлэхэд энэ жил Universal Studios болон хувцас загварын салбар урьд өмнө нь байгаагүй "дотно" харилцааг үүсгээд байгаа юм. Тухайлбал Calvin Klein брэндийн бүтээлч захирал асан Раф Симонс "Jaws" киноноос сэдэвлэсэн цуглуулгыг урласан бол Миучча Прада 1953 онд дэлгэцнээ гарч байсан "Bride of Frankenstein" киноноос сэдэвлэсэн загваруудыг танилцуулсан байгаа.

 

Buro.Mongolia

2019-06-11, 11:53