Гоо сайхны шинэ чиг хандлага: Төгс бус гоо зүй
2026 онд гоо сайхны чиг хандлага хэт нэг хэвийн төгс нүүр будалтаас аажмаар татгалзаж, тухайн хүний онцлогт тохирсон бүтээлч шийдлийг илүү сонирхох болжээ.
Өмнө нь нуухыг хичээдэг байсан нүүрний хэсэг эсвэл төрөлхийн төрхийг засахын оронд түүнийг давуу тал болгон харуулах хандлага хүчтэй болж байна. Бага зэрэг замбараагүй үс, бүдэг уруулын будаг, тод өнгийн тень, арьсны төрөлхийн өнгийг илүү тодотгох зэрэг нь харин өөрийн гэсэн давтагдашгүй төрхийг бий болгох шинэ арга болжээ.


Төгс бус гоо зүйг хэрхэн бүрдүүлэх вэ?
Төгс бус гоо зүй гэдэг нь зориудаар эмх замбараагүй харагдах тухай биш. Харин гоо сайхны тогтсон дүрмийг өөртөө тохируулан өөрчилж, өөрийн гоо сайхныхаа жижиг онцлогийг илүү тодотгох тухай юм.
Арьсаа хэт төгс харагдуулах гэж суурь энгэсгээ давхарлах хэрэггүй
Толигор, өөгүй арьсны оронд төрөлхийн бүтэц, сэвх, бага зэрэг улайлт зэрэг өөрийн онцлогийг бүрэн дарахгүй үлдээж болно. Хөнгөн суурь эсвэл зөвхөн шаардлагатай хэсэгтээ түрхсэн өө дарагч нь арьсыг илүү амьд харагдуулж өгнө.

Уруулын будгаа хүрээнээс нь бага зэрэг гаргах
Төгс тодорхой хүрээтэй уруулаа будахын оронд будгаа хуруугаараа зөөлөн бүдгэрүүлэх нь илүү чөлөөтэй, санаатайгаар төгс бус харагдах төрхийг бий болгоход тусална.

Үсээ хэт цэгцлэх шаардлагагүй
Үснийхээ ширхэг бүрийг нэг бүрчлэн дарж, төгс янзлахын оронд бага зэрэг задгай, хөнгөн хэв маягийг сонгож болно. Нүүрний хоёр талаар санамсаргүйгээр унжуулсан үс таныг ялдам өөрийнхөөрөө байгаа мэт харагдуулна.


Нүүр будалтдаа ердөө нэг л этгээд шийдэл нэм
Тод өнгийн тень, хацрыг уламжлалт аргаар бус өөр техникээр будах, эсвэл сормуус тодотгосон будалт гээд нэг жижиг алхам таны бүх төрхийг өөрчилж чадна. Гол нь эдгээрийг нэг дор турших бус, ээлж дараатайгаар туршиж, өөрт тохирсон хэв маягаа олж авахыг зөвлөж байна.






Төгс бус гоо зүй гэдэг нь “төгс харагдах”-ыг зориудаар үгүйсгэх тухай ойлголт биш юм. Харин төгс байхын тулд өөрийн онцлогийг нуух шаардлагагүй гэдгийг хүлээн зөвшөөрөх тухай юм. Өөрийн нүүр царай, арьс, үсэнд зохих өнгө, хэлбэр, бүтэц, жижигхэн онцлогийг олж, түүнийгээ өөрийн хэв маяг болгоход энэ чиг хандлагын гол санаа оршино. Тиймээс Clean Girl төрх танд зохидог бол түүнийг орхих шаардлагагүй. Харин бага зэрэг өөрчилж, төгс бус байдлаа хүртэл гоо сайхны нэг хэсэг болгоход л та 2026 оны шинэ гоо зүйн трендийг дагаж чадна.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт