Бюро 24/7 тойм: Marc Jacobs, хавар-зун 2018

Тюрбан малгай, гялалзсан материал ба тод өнгө

Сүүлийн үед загварын мэргэжилтнүүд дизайнер Марк Жейкобсыг хэтэрхий хийсвэр сэтгэлгээтэй, театрын хэв маягтай цуглуулгууд гаргах болсон хэмээн шүүмжилж байгаа. Гэхдээ ийм төрлийн шүүмж зоригтой алхам хийж, уран сэтгэмжээ ажиллуулсан дизайнер бүрт л ирдэг. Яг л Жон Гальяно ба Александр Маккуины адил Марк Жейкобс ердөө л өөрийн чин сэтгэлээсээ хүссэн зүйлээ хийж байгаа нь энэ юм. Ойролцоогоор 25 жилийн туршлагатай Маркийн хувьд одоо борлуулалт, нэр төр гэх зэрэг зүйлс нь асуудал биш болсон. Нэгэнтээ өөрийн гэсэн байр суурийг эзэлж чадсан, нэр хүндтэй дизайнер тэрээр одоо хүссэнээрээ зугаацах боломжтой билээ.

Marc Jacobs брэндийн хавар-зуны цуглуулгад тодорхой нэгэн сэдэв байсангүй. Дизайнер энэ удаад Нью-Йорк хотын гудамжаар алхах төрөл бүрийн яс үндэстнүүдээс бүтээлч санаа авч, олон төрлийн аястай загварууд танилцууллаа. Загварын шоуг тод өнгийн, эрэгтэй эсгүүртэй хослол ба кардиган цамц өмссөн моделиуд нээсэн болов ч тэдний араас гарч ирэх моделиуд цоо шинэ хэв маягийн хувцаснууд толилуулж, тайзан дээр бүх зүйл хоорондоо холилдож эхэлсэн юм. Өнгө, өнгийн болор чулуунууд, тюрбан малгайнууд, үдшийн даашинзууд, үслэг материалтай ороолтууд, дэгжин урт бээлий гээд л байж болох бүхий л загварууд хоорондоо хосолсон байлаа.

Гэхдээ энэ бүх үймээний зэрэгцээ Марк Жейкобс ирэх улиралд хит болох нэлээд хэдэн сонирхолтой загварууд танилцуулаад авсан. Тухайлбал oversize эсгүүртэй савхин хүрэм, паска цүнх гэх зэрэг сүүлийн үед тренд болоод байгаа загваруудыг дизайнер илүү тод, гялалзсан бөгөөд зугаатай болгосон нь үзэгчдийн сэтгэлийг булаасан юм. Үүнд л Марк Жейкобсийн онцлог оршдог мэт санагдана. Тэрээр бусад дизайнеруудтай харьцуулбал өөрөөр сэтгэж, хэвшмэл трендийг шинэчилж, өөрийн хэв маягтай тохируулан өөрчилдөг. Ийм л учраас дизайнер 25 жилийн турш загварт ажиллахдаа хэзээ ч уйтгартай цуглуулга танилцуулж байгаагүй юм.

Buro.Mongolia

2017-09-15, 18:00

  • Зураг: