Бюро 24/7 тойм: Michel & Amazonka, 2017 оны зуны капсул цуглуулга

Та анхны үзэгч нь

Хамгийн сүүлд "Glamour" нэртэй тусгай цуглуулга танилцуулж байсан Ч.Нямханд ба Ч.Мишээл нар өнөөдөр дэлгэр зуны сайхан өдрүүдэд зориулсан "Зун цаг" цуглуулгаа дэлгэж байна.

Монгол үндэсний хэв загварыг орчин үеийн уур амьсгалд оруулж, high fashion мэдрэмж нэмж өгсөн анхны брэндүүдийн нэг бол яахын аргагүй Michel & Amazonka юм. Дизайнерууд одоо ч Монголын өв соёлоос урамшин шинэ санаа гаргаж, бүтээлээ туурвисан хэвээр байна. Дээлний зах, энгэрийн эмжээр, өргөн ханцуй гэх зэрэг үндэсний хувцасны үндсэн суурь хэлбэрийг дизайнерууд даашинз, цамц ба юбка болгон хувиргаж, европ загварын хувцастай хослуулан өмсөхөөр зохион бүтээжээ. Тэд гялалзсан эффекттэй гар чимэглэл бүхий торон материал түлхүү ашигласнаар шинэ загваруудыг зөвхөн өдөр тутамд гэлтгүй, үдшийн гаралтад өмсөж болохуйц хээнцэр дизайнтай болгосон байлаа. Ерөнхийдөө хувцас бүр зуны халуун уур амьсгалд тохиромжтой хөнгөн бөгөөд биед эвтэйхэн болсон нь цуглуулгын том давуу тал боллоо. Харин өнгөний хувьд дизайнерууд өөрсдийн байнга хэрэглэх дуртай гүн ногоон, цагаан, цэнхэр хар өнгөнүүдийг онцолж, хар цагаан өнгийн контраст дээр ажиллажээ.

"Орчин үеийн залуус үндэсний хэв маягтай загварыг зөвхөн баяр наадам гэлтгүй өдөр тутамдаа байнга өмсдөг байхыг бид харах хүсэлтэй. Монгол залуусыг бусад орны залуусаас ялгаруулах гол зүйл бол яах аргагүй хувцаслалт мөн. Хувцаслалт бол таныг хэн бэ гэдгийг хамгийн тодоор харуулах хэрэгсэл бөгөөд хэн нэгнийг дуурайхдаа биш, харин өөрийнхөөрөө загварлаг байх нь илүү тансаг юм" хэмээн Ч.Нямханд ба Ч.Мишээл нар шинэ цуглуулгын талаар сэтгэгдлээ хуваалцсан юм.

"Зун цаг" цуглуулгын бас нэгэн онцлог бол Японы уламжлалт хувцасны элементүүдийг үндэсний хэв маягтай хослуулсан шийдэл юм. Сакура цэцгийн хээтэй даашинз, кимоно эсгүүртэй богино хүрэм зэрэг нь бүгд гар урлалын гайхамшгийг өөртөө шингээж, дорнын нууцлаг бөгөөд эрхэмсэг төрхийг бүрдүүлжээ. Эдгээр загварууд дундаас газар шүргэсэн урттай, усан цэнхэр өнгийн хатгамалтай торон хүрэм яг л шидтэний гивлүүр гэлтэй биднийг ховсдож байлаа. Мөн энэ улиралд тренд болоод байгаа Michel & Amazonka брэндийн нэрийн урт том ээмэгнүүд шинэ загваруудтай төгс уусаж, бүсгүй хүний байгалийн гоо үзэсгэлэнг тодотгож өгчээ. Бүх зүйл олширсон, нэгэн хэвийн сонголттой болсон энэ үед зөвхөн ийм зэргийн өөрийн гэсэн өвөрмөц чанартай хувцас нь хувь хүнийг бусдаас тодотгох чадвартай мэт санагдана.

Ө.Тодгэрэл

2017-07-06, 16:00