Аравдугаар сарын зурхай: Өнгөрснөө эргэн харах үе ирлээ
Монголын Астрологийн Холбооны үүсгэн байгуулагч, хорарэй астрологич, өрнийн зурхайч Б.Мягмарсүрэнгийн BURO.-гийн уншигчдад зориулан бэлтгэсэн 2026 оны аравдугаар сарын дэлгэрэнгүй зурхайг хүргэж байна.
Хонины орд

Энэ сар таны хувьд гэр бүл, нийгмийн харилцаа, санхүүгийн асуудлаа эргэн харж, цаашид юунд хөрөнгө оруулахаа илүү нухацтайгаар тодорхойлох үе байх болно. Аравдугаар сарын 3-нд эхлэх Сугар гарагийн ухрах хөдөлгөөн нь хонины ордныхны хувьд гэр бүлийн болон бусад харилцаануудад шийдэлгүй үлдээсэн асуудлуудыг эргэцүүлэхэд тань тусална. Бусдын танд хэлээгүй байсан нууцууд ил болохын зэрэгцээ гэр бүлийн харилцаанд томоохон өөрчлөлтүүд гарч болзошгүй. Эдгээр өөрчлөлтүүд мөнгө санхүүгийн шийдвэрт тань ч нөлөөлөх магадлалтай. Нар хилэнцийн ордод шилжсэнээр бизнесийн төлөвлөгөө, хадгаламж, банк санхүү болон үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлууд үүсэж магадгүй учир өр зээл авах, хөрөнгө оруулах, эсвэл одоогийн ажлаа үргэлжлүүлэх эсэх томоохон шийдвэрүүд гаргахдаа анхааралтай байж хүлээцтэй хандах нь нэн чухал. Мөн бизнесийн хамтын ажиллагаа, гэрээ хэлэлцээр болон цаашдын санхүүгийн төлөвлөгөөгөө дахин нягталбал зохилтой. Харин харилцаа болон хамтын ажиллагааны хүрээнд өмнө нь төдийлөн анзаараагүй байсан зүйлс ил болсноор сарын сүүл гэхэд та цаашид хэнтэй харилцаагаа үргэлжлүүлэх, юуг ардаа орхих зэргийг тодорхойлох нөхцөл бүрдэнэ.
Үхрийн орд

Үхрийн ордныхны хувьд аравдугаар сард өөрийн үнэ цэн болон чухал сонголтуудаа эргэн харах сорилт ихтэй сар болно. Хоёр жилд нэг тохиох ухрах хөдөлгөөн хийж буй Сугар гараг хэд хэдэн хүнд холбооснуудыг Дэлхий ван гарагтай татна. Энэ нь үхрийн ордныхонд үл ойлголцол, харилцааны саад бэрхшээл, өмнө нь шийдэлгүй орхисон асуудлууд эргэн гарч ирэх байдлаар нөлөөлөх юм. Сарын эхээр танд гэр бүлийн болон хамт олны харилцаатай холбоотой үл ойлголцол, цааш харилцааг үргэлжлүүлэх эсэх эргэлзээ төрж болно. Буд гараг мөн хилэнцийн ордод ухарч эхэлснээр өмнө нь ярилцаж амжаагүй үл ойлголцлууд болон далд үлдсэн асуудлууд ил болж улмаар таны амьдралд үлдэх ёстой хүмүүс, ойлгомжгүй байсан ажил болон таны хувьд үнэ цэнтэй харилцаа илүү тодорхой болно. Мөн өмнө нь шийдэлгүй орхисон эрүүл мэндийн болон санхүүгийн асуудлууд дахин сөхөгдөж, энэ удаа танаас тодорхой шийдвэр шаардана. Энэ сард та асуудлаас зугтаахаас илүүтэй бодитоор харж, цэгцлэх нь чухал байх юм. Аравдугаар сарын 26-нд үхрийн ордод сарны битүүрлийн үе тохиох ба энэ үед та илүү мэдрэмтгий эмзэг болох хэдий ч өмнө нь дуусгах ёстой байсан асуудлуудаа эцэслэж, дараагийн шинэ эхлэлд бэлдэж, өөрийн үнэ цэнээ бататгах боломжтой байна.
Ихрийн орд

Ихрийн ордныхны хувьд аравдугаар сард санхүүгийн болон эрүүл мэнд, үр хүүхэдтэй холбоотой асуудлуудад анхаарал хандуулаарай. Хүүхэдтэй ихрүүдийн хувьд эрүүл мэндийн болон боловсролтой холбоотойгоор нэмэлт зардал гарч болзошгүй. Түүнчлэн ихрүүд өөрийн сонирхол, хоббитой холбоотой төлөвлөөгүй зардал гаргах магадлалтай тул энэ сард санхүүгээ сайтар тооцоолон гэнэтийн худалдан авалтаас зайлсхийх хэрэгтэй. Ганц бие ихрийн ордныхны хувьд шинэ хүнтэй танилцах, болзоонд явах боломж үүсэх хэдий ч тус харилцаанд тодорхой саад бэрхшээл тулгарч мэднэ. Иймд энэ сар бусдын асуудлаас илүү өөрийн санхүүгийн нөхцөл байдалд анхаарах шаардлагатай юм. Аравдугаар сарын 24-нд таныг удирддаг Буд гараг ухрах хөдөлгөөнийг хилэнцийн ордод хийж эхэлнэ. Энэ нь танд ажилтай холбоотойгоор ажлын шинэ санал ирэх, өмнө нь шийдээгүй асуудлууд дахин гарч ирэх байдлаар нөлөөлнө. Харин сарын сүүл гэхэд ихрийн ордныхны бодол санаа цэгцэрч, тулгарч буй асуудлуудаа ухаалгаар өөрийн талд шийдэх чадвар нэмэгдэнэ. Иймд асуудлуудаа тайвнаар хүлээн авч, зөвшөөрөх үед та аливаа саадыг ухаалгаар даван туулах бүрэн боломжтой юм.
Мэлхийн орд

Аравдугаар сар таны хувьд ажил карьер болон гэр бүлийн асуудлыг зэрэгцүүлэн шийдвэрлэх шаардлагатай сар тохиож байна. Та карьерын хувьд өөрийн дуртай зүйлдээ хөрөнгө оруулах эсвэл шинэ чиглэлд зоригтой алхам хийхээр төлөвлөж байвал санхүүгийн эрсдэлтэй шийдвэр, аз турших алхмуудад болгоомжтой хандах хэрэгтэй. Сугар гараг хилэнцийн ордод байрших нь санхүүгийн хувьд уналттай үе учраас хөрөнгө оруулалт, мөнгөтэй холбоотой асуудалд хянамгай хандаарай. Ганц бие мэлхийнүүдийн хувьд харилцааны тал дээр болзоо, сонирхолтой арга хэмжээ, уулзалтаар дүүрэн сар болох юм. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд хүүхдийн сургууль, боловсрол болон гэр бүлийн хэрэгцээнд илүү хөрөнгө оруулалт хийх үе бөгөөд өмнө нь хийсэн зүйлсийнхээ үр өгөөжийг мэдэрч эхэлнэ. Аравдугаар сарын 10-нд жинлүүрийн ордод шинэ сар гарч энэ нь таны гэр орон, үл хөдлөх хөрөнгө болон гэр бүлийн харилцаанд шинэ эхлэл авчирна. Харин сарын сүүлээр Буд гараг ухрах хөдөлгөөн хийх үед хүүхэдтэй холбоотой асуудал, хайр дурлалын харилцаа болон хувийн сонирхолдоо гаргасан шийдвэрүүдээ дахин нягталбал зохилтой байна.
Арслангийн орд

Энэ сар арслангийн ордныхны хувьд орон зайн байршил идэвхтэй өөрчлөгдсөн сар болох юм. Аравдугаар сарын 7-ны өдөр Буд болон Сугар гараг хоорондоо таарч байгаа тул танд аливаа зүйлийн суурийг тавих, өөрийн орон гэртэй холбоотой шийдвэр гаргахад нэн таатай байх болно. Мөн ажил карьер дээрх гаргасан шийдвэр эерэг нөлөө авчирна. Аливаа зүйл дээр хүлээцтэй мэдрэмжтэй хандвал энэ сар таны хувьд тэр чигтээ үр өгөөжтэй, таатай сар байж болох юм. Харилцаа холбоо болон богино хугацааны аялалтай холбоотой шинэ боломж гарна. Буд гараг ухрах хөдөлгөөнийг сарын сүүлээр хийж эхлэх тул үл хөдлөх хөрөнгө, гэр бүлийн асуудлаар томоохон шийдвэр гаргахдаа анхааралтай байвал зохино. Сарын сүүл үед таны хувьд илүү гэрийн дотоод уур амьсгалдаа анхаарал хандуулж өөрийнхөө гол энергийг нөхөж авах, гэрээсээ ажлаа явуулахад эерэг нөлөөтэй байх болно. Мөн аравдугаар сарын 26-нд сар битүүрснээр арслангийн ордныхны хувьд өөрийн нийгэмд эзлэх байр суурь, ирээдүйн карьерыг бүтээхэд хуучин арга барилын үр өгөөжийг мэдэрч, өөрт тохирсон шинэ арга барилыг амжилттай олж нээсэн таатай үе тохионо.
Охины орд

Охины ордныхны хувьд аливаа зүйлийг бодитой прагматик хардаг бөгөөд бодол санааны хувьд аливаа асуудлыг илүү гүн гүнзгий төлөвлөж тооцоолол хийдэг билээ. Гэвч аравдугаар сар танаас асуудлыг хөнгөнөөр шийдэх, илүү эрх чөлөөтэй байхыг шаардах юм. Охины ордныхны хувьд энэ сар санхүү болон ойрын хүрээллийн харилцаанд анхаарал хандуулах үе байна. Сугар гарагийн ухрах хөдөлгөөн нь таны хувьд бичиг баримт, гэрээ хэлцэл болон бусадтай харилцах харилцаанд өмнө нь орхигдуулсан асуудлуудыг эргэн харахад хүргэнэ. Энэ сарын турш та худалдан авалт хийхдээ шаардлагагүй зардлаас зайлсхийх нь зохилтой. Сургууль соёлын ажил үйлс, бизнесийн хамтрал, гэр бүлийн харилцаанууд таатай байна. Санхүүгийн хувьд бизнес аялал болон ойрын аялалд явах боломжтой. Ажлын орлого, зарлага болон өөрийн санхүүгийн нөхцөл байдлыг төлөвлөн шинэчилбэл зохилтой. Харин сарын сүүлээр Буд гараг хилэнцийн ордод ухрах тул та өөрийн хамт олон, гэр бүл, ойрын хүмүүстэй харилцахдаа хэт их ургуулан бодох, бусадтай буруу ойлголцол үүсэхээс болгоомжлох хэрэгтэй. Бодол санаагаа илүү чөлөөлж бие болон сэтгэл санаагаа тайван байлгавал энэ сар таны хувьд амьдралд хандах хандлагаа эергээр шинэчлэхэд тохиромжтой үе болох юм.
Жинлүүрийн орд

Энэ сар жинлүүрийн ордныхны хувьд өөрийнхөө сэтгэл санааны байдал болон ажил карьерт анхаарал хандуулах шаардлагатай үе ирэх юм. Жинлүүрийн ордныхон харилцаандаа тэнцвэртэй байдлыг эрхэмлэдэг ч энэ сард гэр бүл, ажил хэрэг, нөхөрлөлийн аль нэг харилцаан дээрх үнэ цэнийг ухаарч шинээр хил хязгаар тогтоох болно. Мөн санхүүгийн хувьд одоогийн зардлуудаа эргэн харж бодитоор үнэлэх үе ирнэ. Цаашид орлого, зарлагаа хэрхэн зохицуулах, өөртөө яагаад хангалттай хөрөнгө оруулж чадахгүй байгаагаа ойлгох боломж бүрдэнэ. Энэ сард та өөртөө материаллаг зүйлсээр хөрөнгө оруулахаас илүүтэй сэтгэл санаагаа тогтуун байлгах, эрүүл мэнддээ анхаарч зөв хооллох, тогтмол цагт унтах зэрэг эрүүл хэв маягаар өөртөө хөрөнгө оруулаарай. Өөрийн бие болоод сэтгэлийн эрүүл мэндэд анхаарснаар амьдралдаа юу хэрэгтэй, мөн юуг өөрчлөх шаардлагатайг тодорхой ойлгож эхэлнэ. Өөрийн гадаад төрх, имижтэй холбоотой өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа бол сонголтоо сайтар нягтлах нь зүйтэй. Сарын сүүлээр мөн өөрт тань сөргөөр нөлөөлж буй дадал зуршлаас салахад тохиромжтой үе байх бөгөөд энэ нь таныг өөрийн дотоод хүчээ эргэн мэдрэхэд гол түлхэц болно.
Хилэнцийн орд

Хилэнцийн ордныхны хувьд аравдугаар сар өмнөх жилийн энэ сараас илүү өөртэйгөө ажиллан амьдралынхаа цаашдын чиглэлийг дахин тодорхойлох үе болох юм. Сугар гараг аравдугаар сарын 3-нд таны ордод ухрах хөдөлгөөн хийж эхлэх тул танд өөрийнхөө сул тал болон таныг шаналгаж буй дотоод сэтгэлийн түгшүүрээ анзаарч түүнийгээ цаасан дээр бичиж ажиллах шаардлага үүснэ. Улмаар та өөрийнхөө алдаа дутагдлыг илүү уучилж өршөөх боломж бий болох юм. Холын аялалд явах бясалгалд суух зэрэг нь танд томоохон сэтгэлийн өөрчлөлт авчирна. Харилцаа холбооны хувьд бусад хүмүүсээс тань руу чиглэсэн уулзах, дотносох санаачилга их гарах бөгөөд тухайн харилцааг үргэлжлэх эсэхийг та шийдвэрлэх боломжтой. Сарын сүүлээр бусадтай үл ойлголцохоос зайлсхийх хэрэгтэй. Гоо сайхны хагалгаанд орохоор төлөвлөсөн бол энэ нь эргээд хүндрэл үүсгэж болох тул аливаа хагалгаанд орохгүй байсан нь өлзийтэй байх болно. Аравдугаар сарын сүүлээр нар хилэнцийн ордод шилжсэнээр таны төрсөн өдрийн шинэ мөчлөг эхэлнэ. Гэвч Буд гараг мөн таны ордод ухрах хөдөлгөөн хийж эхлэх тул шинэ төлөвлөгөөг шууд хэрэгжүүлэхээс илүүтэйгээр өмнө нь эхлүүлсэн ажлаа цэгцлэхэд анхаарах нь зүйтэй.
Нумын орд

Нумын ордныхонд энэ сар дотоод төвлөрлийг ихээр шаардсан үе байна. Сугар гарагийн ухрах хөдөлгөөн нь нумын ордныхонд далд асуудал, дуусгаагүй харилцаа болон сэтгэл дотор хадгалж явсан зүйлсээ эргэн харахад хүргэнэ. Энэ сар та хэт их ачаалал авахаас сэргийлж, өөрийн амралт болон хувийн орон зайдаа анхаарч өөртэйгөө ажиллах шаардлагатай. Сэтгэл хөдлөлөөр шаардлагагүй худалдан авалт хийх зэрэг таны буруу зуршил санхүүд тань муугаар нөлөөлөх магадлал өндөр байх тул тэдгээр асуудалдаа хянамгай хандвал зохино. Мөн өнгөрсөнд шийдэлгүй орхисон асуудлуудаа олж анхаарснаар таны амьдралд илүү таатай эерэг өөрчлөлтүүд үүсэх боломжтой байна. Та энэ сард өөрийн хооллох хэв маягтаа онцгой анхаарвал зохино. Мөн хэрэв хэн нэгэнд туслах шаардлага гарах, илүү анхаарал хандуулмаар санагдвал түүнийгээ хэрэгжүүлээрэй. Харилцааны хувьд найз нөхөд, хамт олон болон ирээдүйн зорилготой холбоотой шинэ боломж гарч ирнэ. Санхүүгийн хувьд урт хугацааны шийдвэр гаргах гэж байвал та маш хянамгай байх ёстойг анхаарна уу. Харин сарын сүүлээр Буд гараг хилэнцийн ордод ухрах үед өнгөрсөнтэй холбоотой асуудал дахин сөхөгдөж болзошгүй тул та аливаа зүйлийг дотроо хадгалахын оронд зөвөөр ойлгож, цэгцлэхийг хичээгээрэй.
Матрын орд

Матрын ордныхны хувьд энэ сар ажлын хамт олон болон ирээдүйн зорилгодоо анхаарал хандуулах үе тохиож байна. Сугар гарагийн ухрах хөдөлгөөн танд таатай нөлөөллийг авчрах бөгөөд эерэг нийгмийн хүрээлэл болон хамтын ажиллагаатай холбоотой өмнөх асуудлуудыг дахин гаргаж ирнэ. Өмнө нь тасарсан ажлын харилцаа холбоог сэргээх, хуучин хамтын ажиллагаа шинэ хэлбэрээр үргэлжлэх, захирал удирдлагатайгаа хамтын ажиллагаа өгөөжтэй байх бөгөөд шинээр ажил төлөвлөхөд таатай үе байна. Тэгэхээр таны хувьд энэ сард олон нийттэй холбогдох, ажил төлөвлөх гүйцэтгэх нь таны ирээдүйн карьерт үр өгөөжтэй байх юм. Харин хөрөнгө оруулалтад төдийлөн яараад хэрэггүй бөгөөд аль болох анхаарч үзэх хэрэгтэй. Харилцааны хувьд урт удаан тогтвортой шинжийн харилцааг илүүд үзэх бөгөөд ганц бие хүмүүсийн хувьд цахим сүлжээгээр шинэ холбоо үүсэх магадлал их байна. Гэр бүлтэй матрын ордныхны хувьд харилцаан дээрх эерэг дадлуудын ач холбогдол энэ сард илүүтэй мэдрэгдэнэ. Сарын сүүлээр нийгмийн харилцаанд үл ойлголцол үүсгэх магадлалтай. Тиймээс шинэ хамтын ажиллагаанд яаран орохоос илүүтэйгээр өмнөх тохиролцоонуудаа урагшлуулах нь таатай сонголт байх боломжтой.
Хумхын орд

Хумхын ордныхны хувьд аравдугаар сар эерэг, үр өгөөжтэй, идэвхтэй бөгөөд урам зоригоор дүүрэн олон сонголттой нүүр тулсан сар байх болно. Энэ сард хумхын ордынхон ажил хэргийн харилцааны хувьд таны удирдлагатайгаа харилцах харилцаа болон карьерын зорилгод өөрчлөлт орох боломжтой бөгөөд өмнө нь хийсэн сонголтоо өөр өнцгөөс харах нөхцөл бүрдэнэ. Аравдугаар сарын 10-нд шинэ сар гарах үед таны хувьд өөртөө итгэх итгэл улам нэмэгдэх бөгөөд аливаад хандах хандлага эерэг болно. Энэ нь таны ажил карьерт эергээр нөлөөлж гадагш чиглэсэн ажлууд бүтэмжтэй байхад томоохон түлхэц болно. Санхүүгийн хувьд шинэ боломжууд нээгдэнэ. Харилцааны хувьд та энэ сард урьд нь шийдэх ёстой байсан ч чадаагүй асуудлаа бүрэн шийдэж, өөрийн гэр бүлдээ анхаарал хандуулах шаардлага бий болно. Гэр бүлээс бусад ажлын болон найз нөхөрлөлийн харилцаанд байх ёстой хэм хэмжээнээс хэтэрсэн өгөөмөр зан гаргахаас зайлсхийх шаардлагатай болохыг анхаарна уу. Жинлүүрийн ордод шинэ сар гарах үетэй зэрэгцэн таны хувьд гадаад орчин, боловсрол болон мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх хүсэл идэвхжиж түүнтэй холбоотой шинэ эхлэл тавигдана.
Загасны орд

Загасны ордныхны хувьд аравдугаар сар эерэг өөрчлөлтөөр дүүрэн таатай сар байх боломжтой. Гагцхүү цаашдын зорилгоо дахин тодорхойлохын зэрэгцээ дотоод сэтгэлдээ хэр анхаарах, таны өөртэйгөө хэр ажиллаж чадахаас шалтгаалах юм. Сугар гарагийн ухрах хөдөлгөөн нь танд гадаад орон, дээд боловсрол болон хууль эрх зүйтэй холбоотой төлөвлөгөөнүүдэд тань эерэг өөрчлөлт авчрах боломжтой. Энэ сард таны гол анхаарах зүйл бол өөрийн дотоод мэдрэмж, айдас, эргэлзээ болон өөрийн сул талтай тулж ажиллах юм. Санхүүгийн хувьд бизнес эхлүүлэх болон тодорхой ажил хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бол өмнө нь бодож, төлөвлөсөн зүйлдээ анхаарлаа хандуулах нь илүү тохиромжтой бөгөөд хэт үрэлгэн байхаас болгоомжилж цаашид үнэ цэн бүтээх зүйлдээ анхаараарай. Харилцааны хувьд гэр бүлдээ анхаарал хандуулж, хайртай хүнтэйгээ ирээдүйн зорилго, чиглэлээ нэгтгэх нь танд дэмжлэг болно. Ялангуяа гадаад улс орон, карьер төлөвлөлт болон цаашдын бусад шийдвэрт гэр бүлийн хүний зөвлөгөө, дэмжлэг чухал нөлөө үзүүлнэ. Сарын сүүлээр аялал болон ажил хэрэгтэй холбоотой боломжууд нэмэгдэж, өмнө нь төлөвлөсөн ажлууд урагшлах хандлагатай байна.
Энэ сарын онцлох өдрүүд
Аравдугаар сарын 3 - Сугар гараг хилэнцийн ордноос ухрах хөдөлгөөн хийнэ.
Аравдугаар сарын 10 - Жинлүүрийн ордод шинэ сар гарна.
Аравдугаар сарын 24 - Буд гараг ухрах хөдөлгөөнийг хилэнцийн ордноос хийнэ.
Аравдугаар сарын 26 - Үхрийн ордод бүтэн сар гарна.