Аливаа нэгэн хувцас загварын үүсэл нь зөвхөн бүтээгч, бүтээл хоёрын тухай бус, тухайн он цагийн нөхцөл байдал, соёлын онцлог ойлголт, сэтгэлгээ болон нийгмийн хэрэгцээ шаардлагатай харилцан шүтэлцэн бий болдог. Эмэгтэйчүүдийн далайн эргийн голлох гангараа болох бикини нь өнөөгийн нийтлэг хэрэглээ болтлоо түүхэн он цагийн олон саад бэрхшээлийг туулсан байдаг ч, гагцхүү хуучинсаг бурангуй үзлийг эсэргүүцсэн хүчтэй үзэл бодолтой эмэгтэйчүүд байгаагүй сэн бол одоо ч бүсгүйчүүд биеийнхээ ихэнх хэсгийг халхалсан тухгүй өмсгөлийг наран шарлагын газарт өмссөөр байх байсан биз.
Орчин цагийн бикинигийн загварыг анх 1946 онд Луй Реар хэмээх Францын автомашины инженер зохион бүтээсэн байдаг бөгөөд ээжээсээ дотуур хувцасны бизнесийг нь өвлөн авсан үетэй таардаг. Тухайн он цагаас ч өмнө эмэгтэйчүүд хөхний даруулга, дотоожноос бүрдэх хоёр бүрдэлтэй хувцсыг далайн эрэг дээр өмсдөг байсан ч дотоож нь хүйсийг халхалсан өндөр суудалтай эс бөгөөс үргэлж загвартай байв.
Учир нь католик шашинд эмэгтэй хүний хүйс нь эх хүүхдийн хүйн холбоог илтгэсэн нандин, нууц хэсэг хэмээн үздэг байсан бөгөөд хүйсээ ил гаргах нь эрээ цээргүй явдалд тооцогддог байв. Гэсэн хэдий ч тухайн он цаг нь дэлхийн хоёрдугаар дайн дөнгөж дууссан үе байсан бөгөөд бараа материалын хомс байдлын улмаас Америкд эмэгтэйчүүдийн дотуур хувцасны үйлдвэрлэлд ашиглах материалыг 10% бууруулах шийдвэрийг засгийн газраас нь гаргасан байлаа. Тиймээс далайн эрэг дээр өмсдөг дотоож нь өмнөх шигээ гадуураа цацган оруулгатай байхаа болив. Загвар зохион бүтээгчид аль болох бага материалаар хэрхэн далайн эргийн хувцсыг бүтээх тал дээр оюун бодлоо уралдуулж эхлэв. Улмаар 1946 оны тавдугаар сард Канн хотын Азюрын эрэг дээр өөрийн далайн эргийн дэлгүүр ажиллуулдаг Жак Эйм нь хамгийн жижиг далайн эргийн хоёр бүрдэлт хувцас бүтээхээр шийдэж, “Atome” нэртэй загвараа танилцуулсан байна. “Atome” гэх нэршил нь тухайн цагт орчлон ертөнцийн хамгийн жижиг нэгж хэмээн тооцогдож байсан атомоос сэдэл авсан бөгөөд уг далайн эргийн хувцас нь орчлонгийн хамгийн жижиг нь байх болно гэсэн санаа зорилготой байжээ. Хэдий тийм ч түүний бүтээсэн далайн эргийн хувцасны дотоож нь мөн л хүйсийг халхалсан байв.
Харин Луй Реар маань Сен Тропигийн далайн эрэг дээр амарч байхдаа хүүхнүүд наранд биеэ шарахын тулд өндөр суудалтай дотоожныхоо дээд ирмэгийг эргүүлэн доошлуулж буйг анзаарч, Жак Эймийн “Atome”-аас ч жижиг загвар бүтээх санаагаа олж 1946 оны долдугаар сарын таванд Порт Молитор зочид буудлын усан санд хоёр бүрдэлт далайн эргийн хувцас болох “бикини”-гээ анх танилцуулжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед Америкчууд Бикини Атолл хэмээх жижиг арал дээр өөрсдийн бүтээсэн цөмийн бөмбөгөө туршдаг байсан бөгөөд Луй Реар ч өөрийн бүтээсэн далайн эргийн хувцсаар загварын салбарт тэсрэлт хийхийг бэлгэдэж “бикини” хэмээн нэрлэжээ. Тус загвар нь биеийн арьсны ихэнх хэсгийг ил гаргаж байсны улмаас “бикини”-г өмсөн танилцуулах загвар өмсөгч Луй Реарт олдоогүй бөгөөд Казино де Парис театрын нүцгэн үзүүлбэр үзүүлдэг бүжигчин Мишелен Бернардини өмсөж толилуулсан байна.
Луй Реарын бикини загвар нь зөвхөн хүйс гаргаад ч зогсохгүй, дотоожны хоёр талаас өөлж жижиглэсэн байсан нь үнэхээр л тэсрэлт болж чадсан юм. Жак Эйм өөрийн бүтээсэн “Atome” загвараа “Дэлхийн Хамгийн Жижиг Усны Хувцас” хэмээн сурталчилж байсан бол Луй Реар “Дэлхийн Хамгийн Жижиг Усны Хувцаснаас ч Жижиг” хэмээн сурталчилж байлаа. Түүгээр ч зогсохгүй тэр бээр “Усны хувцас нь зүүдэг бөгжний нүхээр гаргаж болохгүй байвал усны хувцас биш” гэх мэт содон эшлэлүүд хэлж байлаа. Гэвч нийгэм энэхүү эрс шинэчлэлтийг хүлээж авахад арай эртэдсэн бололтой. Луй Реарын “бикини” загвар зах зээлд маш муу борлуулагдаж байв. Испани, Бельги, Итали, Португал болон Америкийн зарим мужуудад “бикини”-г худалдаалахыг хориглох шийдвэр ар араасаа гарлаа. Иргэд “бикини”-гээс илүүтэй Жак Эймийн “Atome” загварыг далайн эрэг дээр түлхүү өмсөж байлаа. Аргаа барсан Луй Реар ээжээсээ өвлөсөн дотуур хувцасны бизнесээ аварч үлдэхийн тулд хүйс далдалсан дотоож бүхий далайн эргийн хувцсаа эргэн худалдаалж эхлэв.
Гэвч энэ түүх маш сонирхолтойгоор эргэв. 1951 онд Английн телевизийн нэрт хөтлөгч Эрик Морли тухайн цагт “Festival Bikini Contest” нэртэй одоогийн дэлхийн миссийн тэмцээнийг анхлан зохион байгуулж байсан бөгөөд тухайн оны гоо бүсгүйгээр Швед эмэгтэй Кики Хоканссон шалгарч алдрын титмийг “бикини” болон нөмрөгөөс өөр хувцасгүйгээр тэргүүндээ залсан нь католик шашинтнуудыг хилэгнүүллээ. XII Ромын Пап лам Пиус анхны дэлхийн мисс Кики Хоканссоныг нүгэлт хувцастайгаар титэм зүүлээ хэмээн ихэд буруушаав. Энэ явдлаас хойш дэлхийн мисс болоод өөр бусад ямар ч гоо бүсгүйн тэмцээний титэм залах ажиллагааг усны хувцастай гүйцэтгэхийг хориглосон бөгөөд Кики Хоканссон анхны бөгөөд эцсийн “бикини”-тэй мисс болж түүхэнд үлдсэн юм.
1953 онд “бикини”-г нийгэмд эергээр ухуулан таниулсан бас нэгэн сонирхолтой үйл явдал боллоо. Францын домогт жүжигчин Брижит Бардо Каннын кино наадамд оролцох үеэрээ Луй Реарт анх санааг нь өгсөн Сен Тропигийн далайн эрэг дээр “бикини” өмсөж зургаа авхуулсан нь Каннын кино наадмыг ч, “бикини”-г ч, Сен Тропи далайн эргийг ч дэлхийд таниулан алдаршуулсан юм. Улмаар 50-иад оны хайрын бурхад хэмээгдэх Бетти Грейбл, Мэрилин Монро, Софи Лорен зэрэг жүжигчид бикинитэй зургаа авхуулж өөрсдийн биеийн гоо зүйгээ гайхуулсаар 1960 онд бикини нь ард олны хэвийн хэрэглээ болсон юм.
XX зууныг хүртэл эмэгтэйчүүдийн юу өмсөхийг шашны хуучинсаг үзэл болоод патриарх нийгмийн гоо зүйн бурангуй жишигт тааруулж сонгодог байсан бөгөөд бикинигийн үүсэл нь эмэгтэйчүүд өөрсдийн биед тохирсон хувцас зүүсгэлийг өөрсдөө сонгох эрх чөлөөгөө батлан тунхагласны тод жишээ мөн билээ.
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт