Хайх

Есдүгээр сарын зурхай: Асуудлуудаа цэгцлэх таатай үе ирлээ

Есдүгээр сарын зурхай: Асуудлуудаа цэгцлэх таатай үе ирлээ

Text: З. Зоригт


Монголын Астрологийн Холбооны үүсгэн байгуулагч, хорарэй астрологич, өрнийн зурхайч Б.Мягмарсүрэнгийн BURO.-гийн уншигчдад зориулан бэлтгэсэн 2026 оны есдүгээр сарын дэлгэрэнгүй зурхайг хүргэж байна.


 

Есдүгээр сарын зурхай: Асуудлуудаа цэгцлэх таатай үе ирлээ (фото 1)

 

Хонины орд

Энэ сар хонины ордныхны хувьд завгүй, эрч хүч шаардсан өдрүүдээр эхэлж байна. Ангараг гараг мэлхийн ордод үргэлжлэн урагшилснаар арслангийн орд руу шилжих тул зуны турш үргэлжилсэн идэвхгүй байдал өөрчлөгдөнө. Кайрон гараг хонины орд руу эргэн шилжих тул ялангуяа сарын сүүлийн 10 хоногт төрсөн хүмүүс ажил хэрэг, эрүүл мэнддээ онцгой анхаарах шаардлагатай. Есдүгээр сарын дунд үеэс Сугар гараг хилэнцийн орд руу шилжин байршихад хонины ордныхон бусдад хэт амархан итгэхээ больж, хүмүүсийг илүү нягтлан судалж байж харилцаа үүсгэх хандлагатай болж ирнэ. Ихрийн ордод Тэнгэрийн ван гараг ухрах хөдөлгөөн хийснээр урьд нь төлөвлөөд орхисон бизнес аялал, уулзалтуудыг эргэн сэргээхэд хүргэнэ. Охины ордод шинэ сар гарснаар эрүүл мэндтэй холбоотой бодит өөрчлөлт хийх боломж нээгдэж, өөрийн сул болон давуу талыг гүн гүнзгий мэдэрнэ. Үүний дүнд санхүүгийн сахилга бат дээшилж, өр ширийн асуудлаа цэгцлэн, амьдралын шинэ хэв маягийг хэрэгжүүлж эхлэх боломжтой. Сарын сүүлчээр нар жинлүүрийн ордод шилжсэнээр бусадтай хамтран ажиллах таатай үүд хаалга нээгдэх төлөвтэй. Хонины ордод бүтэн сар байршсанаар хийсэн зүйлийнхээ үр дүнг хүртэх аз жаргалыг бэлэглэнэ. Харин Ангараг арслангийн ордод ирснээр урам зориг сэргэж, үр хүүхэдтэйгээ харилцах эсвэл урлаг, хоббигоо хөгжүүлэх шинэ алхмуудыг хийж энэ сарыг үдээрэй.


 

Есдүгээр сарын зурхай: Асуудлуудаа цэгцлэх таатай үе ирлээ (фото 2)

 

Үхрийн орд

Газар мах бодын идэвхжилээр таны хувьд тун таатай, ээлтэй цаг үе эхэлж байна. Сугар гараг ухрахаас өмнө шийдэж амжаагүй харилцааны асуудлуудаа энэ есдүгээр сард амжиж цэгцлэх нь ирэх сарын үл ойлголцлоос сэргийлэх учиртай. Охины ордод шинэ сар гарч, Сугар болон Буд гарагууд байршлаа солин шилжих тул сарын дундаас амьдралын хэмнэл завгүй болж ирнэ. Тэнгэрийн ван гараг ухрах хөдөлгөөн хийснээр аливаа зүйлийг өөр өнцгөөс харж, шинэлэг шийдэл олох боломжийг оюун санаанд чинь бүрдүүлж өгнө. Шинэ сар гарч байгаа нь таны итгэл үнэмшил, урам зоригийг нэмэгдүүлж, ажил хэрэг эхлүүлэх таатай үе болж байна. Романтик харилцаанд саад бэрхшээл байсан бол сарын дунд үеэс урагштай болох тул болзоонд явахад нэн тохиромжтой. Хүүхэд насны сэтгэлийн шарх, найз нөхдийн хуучин үл ойлголцлыг эдгээн, харилцаагаа сайжруулах таатай боломжоор хангагдана. Нар жинлүүрийн орд руу шилжихэд ажил амьдралын тэнцвэр, эрүүл мэнд, илүүдэл жингийн асуудалдаа илүү анхаарч эхлээрэй. Хонины ордод гарах бүтэн сар нь зөн совинг идэвхжүүлж, далд ухамсартайгаа холбогдон сэтгэлийн хямралыг даван туулахад тусална. Арслангийн ордод Ангараг гараг ирснээр гэр бүл, үл хөдлөх хөрөнгийн асуудлуудыг шийдвэрлэх, цаашлаад хуучин харилцаанууд эргэн сэргэх нөхцөл бүрэлдэх юм.


 

Есдүгээр сарын зурхай: Асуудлуудаа цэгцлэх таатай үе ирлээ (фото 3)

 

Ихрийн орд

Сар эхэлмэгц Тэнгэрийн ван гарагийн ухрах хөдөлгөөн болон охины ордны шинэ сарны нөлөө танд тодорхой мэдрэгдэж эхэлнэ. Гэр орон, амьдарч буй байрны асуудалд анхаарал хандуулж, гэртээ шаардлагатай зүйлсийг гярхай тооцоолж худалдан авалт хийхийг зөвлөж байна. Сугар гараг хилэнцийн ордод шилжих нь ихрийн ордныхноос санхүүгийн сахилга бат шаардах тул үрэлгэн байдлаас болгоомжил. Тэнгэрийн ван гараг таны ордод ухрах хөдөлгөөн хийж байгаа тул ажил карьер болон гадаад төрхөө өөрчлөх сэдлийг дагуулна. Сургууль соёл, үр хүүхэдтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд сарын эхэн үе туйлын үр бүтээмжтэй байна. Нийгмийн харилцаанд сэтгэлд нийцэхгүй зүйл байвал айдастайгаа нүүр тулж, хуучин найзуудтайгаа дахин дотносох үүд хаалга нээгдэнэ. Нар жинлүүрийн ордод очиход өөртөө итгэх итгэл сэргэж, хувцас загвар, хоббиндоо цаг заваа зориулаарай. Хонины ордны бүтэн сар нь урт хугацааны зорилго биелэхэд тань тусалж, хэн нь таны хувьд жинхэнэ найз вэ гэдгийг ялган ойлгуулах юм. Ангараг гараг Арслангийн ордод ирснээр бодол санаа бодитой болж, фитнес болон идэвхтэй амьдралын хэв маягийг сонгоход таныг хөтөлнө. Сарын сүүлээр Буд гарагийн шилжилт нь урьд өмнө төлөвлөсөн төлөвлөгөөгөө ажил хэрэг болгож, бичиг цаасны ажлаа амжилттай цэгцлэх эрч хүчийг өгнө.


 

Есдүгээр сарын зурхай: Асуудлуудаа цэгцлэх таатай үе ирлээ (фото 4)

 

Мэлхийн орд

Бодож явсан зүйлээ бодит үйл хэрэг болгох хамгийн ээлтэй сар мэлхийн ордныхонд тохиож байна. Сугар гарагийн байршлын өөрчлөлт нь ганц бие хүмүүст шинэ болзоо, романтик харилцааны эхлэлийг бэлэглэнэ. Урлагийн салбарт ажилладаг болон гоо сайхны мэдрэмжтэй хүмүүсийн авьяас билэг тодорч, уран бүтээл туурвих сэдэл өндөр байна. Буд гараг жинлүүрийн ордод очсоноор гэр бүлийн дотоод уур амьсгалыг дулаацуулж, орон гэртэй холбоотой томоохон шийдвэрүүдийг гаргахад тань тусална. Охины ордод сар битүүрснээр ажил бизнест шинэ санаа ундарч, цаашид салбарлан хөгжих эхлэлийг тавих нигууртай. Сарын дунд үеэс Нар жинлүүрийн ордод шилжин байршихад амьдарч буй газар болон ажил карьераа хослуулж идэвхтэй ажиллах шаардлага урган гарна. Хонины ордод бүтэн сар гарах үед ажил хэрэгт нэгэн үе шат дуусаж, дараагийн шинэ орон зай бэлтгэгдэж эхэлнэ. Хийж байсан зүйлсийнхээ үр өгөөжийг хүртэж, цаашид юу хийх вэ гэдгээ маш тодорхой ойлгож авах боломж олгоно. Ангараг гарагийн шилжилт нь санхүүгийн асуудалдаа илүү хариуцлагатай хандаж, дэмий зарлага гаргахаас сэргийлэхийг сануулж байна. Энэ сард хэл яриагаа хянаж, бусадтай маргалдахаас зайлсхийж чадвал тун амжилттай, өгөөжтэй сар болох нь дамжиггүй.


 

Есдүгээр сарын зурхай: Асуудлуудаа цэгцлэх таатай үе ирлээ (фото 5)

 

Арслангийн орд

Өнгөрсөн сарын олон хөл хөдөлгөөний араас эерэг өөрчлөлтийг татсан есдүгээр сар арслангийн ордныхны хувьд ирлээ. Охины ордод гарах шинэ сар нь хоол хүнс, тохилог байдал, мөнгө санхүүгийн асуудлуудыг анхаарлын төвд авчирна. Санхүүгийн шинэ орлого олох, бизнесээ өргөжүүлэх бодит алхмуудыг эхлүүлэхэд энэ үе нэн тохиромжтой. Буд гарагийн хөдөлгөөн нь бизнесийн тооцоолол гаргах, ойрын аялал хийх, гэрээ хэлэлцээр байгуулахад дэмжлэг үзүүлэх хандлагатай. Тэнгэрийн ван гараг ухрах хөдөлгөөн хийх үед та цахим орчинд идэвхтэй болох эсвэл хуучин найзуудтайгаа эргэн холбогдох боломжтой. Ах дүүс, үеэлүүдтэйгээ ойртон ярилцаж, унаа тэрэгний засвар үйлчилгээ болон худалдан авалтыг амжилттай хийгээрэй. Сарын дунд үеэр өөртөө итгэх итгэл сэргэж, гадаад улстай холбоотой ажил болон сургууль соёлын уулзалтууд идэвхэжнэ. Нар жинлүүрийн ордод байршсанаар ярих, бичих, судалгаа хийх зэрэг оюуны чадамж өндөрсөнө. Сарын сүүлчээр Буд гараг хилэнцийн орд руу шилжихэд орон байртай холбоотой амьдралын суурь асуудлуудаа бүрэн шийдвэрлэх боломж бүрэлдэж байна.


 

Есдүгээр сарын зурхай: Асуудлуудаа цэгцлэх таатай үе ирлээ (фото 6)

 

Охины орд

Буд гараг таны ордод байрлаж байгаа тул энэ сар туйлын идэвхтэй, амжилттай, бүтээмжтэй байх болно. Найман сард тохиосон олон хиртэлтүүдийн нөлөөллийн араас охины ордныхны амьдрал жигдэрч эхлэх тул энэ есдүгээр сар танд хамгийн эерэг, таатай сар байх төлөвтэй. Есдүгээр сарын 10-нд охины ордод шинэ сар гарах үед бодсон төлөвлөгөөгөө шууд ажил хэрэг болгох боломжоор хангана. Тэнгэрийн ван гараг ихрийн ордод ухрахад ажил карьерт гэнэтийн өөрчлөлт гарч, түргэн шийдвэр гаргахыг охины ордныхноос шаардана. Ажлаа солихоор төлөвлөж байсан бол энэ ухрах хөдөлгөөний үеэр хийвэл илүү зохилтой. Кайрон гараг ухрахад сэтгэлзүйн дотоод айдас, гэмтлээ эдгээх боломжоор хангана. Нар жинлүүрийн орд руу шилжихэд санхүүгийн үнэ цэн, нийгэмд эзлэх байр сууриа илүү гүн гүнзгий ойлгох болов уу. Хонины ордод бүтэн сар гарах үед айдсаа даван туулж, нууцаа өөрийн итгэлт хүнтэйгээ хуваалцсанаар сэтгэл санаа амарч, эдгэрнэ. Ангараг гарагийн шилжилт нь алдаагаа засаж, томоохон тулаанд ялах нарийн төлөвлөгөө боловсруулах эрч хүчийг өгнө. Сарын сүүлчээр Буд гараг байршлаа солиход бодсон зүйлээ бусдад дэлгэлгүйгээр дотроо төлөвлөж, богино аялалд гарахад гараг эрхэс танд тусална.


 

Есдүгээр сарын зурхай: Асуудлуудаа цэгцлэх таатай үе ирлээ (фото 7)

 

Жинлүүрийн орд

Сугар гарагийн ухрах хөдөлгөөн нь танд тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг хэдийнээ мэдрүүлж эхлээд байна. Сугар гараг хилэнцийн орд руу шилжихэд санхүүгийн асуудлууддаа анхаарлаа хандуулж, дуртай зүйлсээ төлөвлөж эхлэхэд нөлөөлнө. Буд гараг жинлүүрийн ордод ирснээр ажил хэргийн яриа хэлэлцээр амжилттай өрнөж, аливаа үл ойлголцлыг ухаалаг шийдвэрлэж чадна. Тэнгэрийн ван гараг ухрах хөдөлгөөн хийхэд итгэл үнэмшил болон мэргэжил, сургуульдаа огцом өөрчлөлт хийж магадгүй. Шинэ сар охины ордод гарахад дотоод сэтгэлзүй, эрүүл мэнд болон санхүүгийн асуудалд анхааралтай байхыг сануулж байна. Сарын дундаас эхлэн хуучин харилцаанаас үүссэн шархаа эдгээж гэр бүлийн асуудлаа дахин ярилцах боломжийг бүрэлдүүлнэ. Ажил карьерын хувьд ямар нэгэн зогсонги байдал байсан бол өөрчлөх зоригтой алхмыг хийж эхэлнэ. Нар жинлүүрийн ордод шилжихэд завгүй үе эхэлж, бусадтай хамтран ажиллах, бусдаас тусламж авахад таатай байх болно. Сарын сүүлчээр тохиох тэргэл сарны битүүрэл нь амьдралд тань үлдэх хүмүүс нь үлдээж, явах нэгэн таныг орхисноор харилцааны асуудлууд тань цэгцэрнэ. Ангараг болон Буд гарагуудын шилжилт нь нийгмийн хүрээг тань тэлж, санхүүгийн тооцооллыг илүү зөв хийх боломжийг өгнө.


 

Есдүгээр сарын зурхай: Асуудлуудаа цэгцлэх таатай үе ирлээ (фото 8)

 

Хилэнцийн орд

Сугар гараг таны ордод есдүгээр сарын ихэнх өдрүүдэд байрлах тул хүмүүстэй харилцах харилцаа хамгийн таатай, зөрчилгүй байх болно. Бусдыг татах сэтгэл татам байдал чинь нэмэгдэж, өөртөө мөнгө зарцуулах болон гадаад төрхөө өөрчлөх хүсэл төрнө. Чихэрлэг зүйл болон амттан зууш идэх дуршил нэмэгдэх тул жин нэмэхээс болгоомжлох хэрэгтэй. Буд гараг жинлүүрийн ордод шилжилт хөдөлгөөн хийх үед мартах, гээх болон аливаа юманд хэт донтож хяналтаа алдахаас сэргийлээрэй. Тэнгэрийн ван гарагийн ухралт нь өр зээл болон татварын асуудалд шийдэл хийх нөхцөлийг бүрэлдүүлнэ. Охины ордны шинэ сар нь шинэ хүмүүстэй танилцуулж, урт хугацааны санхүүгийн зорилго тавихад тань тусална. Кайрон гараг ухрах хөдөлгөөн хийх үед өдөр тутмын амьдралын хэмнэл болон эрүүл мэндийн буруу зуршлаа олж илрүүлэхэд тусална. Нар жинлүүрийн ордод шилжилт хөдөлгөөн хийхэд хилэнцийн ордныхны бие махбод амархан ядарч сульдах тул сарын сүүлчээр амралт сувилалд явах нь зүйтэй. Сарын эхнээс дунд үе хүртэл эрч хүчтэй ажиллаж, чухал ажлуудаа амжиж дуусгахыг зөвлөж байна. Сарын сүүлчээр бясалгал хийж, дотоод сэтгэлзүйдээ төвлөрөх нь дараа сарыг эрч хүчээр хангахад нөлөөлнө.


 

Есдүгээр сарын зурхай: Асуудлуудаа цэгцлэх таатай үе ирлээ (фото 9)

 

Нумын орд

Нумын ордныхонд энэ есдүгээр сар бүхэлдээ маш завгүй, хариуцлагатай сар байх болно. Бусадтай илүү бие даасан, тогтвортой, эерэг харилцаа үүсгэхийг хичээснээр хуучин найзуудтайгаа эргэн холбогдох нөхцөлийг бүрдүүлэх бол охины ордод шинэ сар гарснаар ажил карьерынхаа шинэ алхмыг нарийвчлан тооцоолж эхлүүлэх боломжоор таныг хангана. Тэнгэрийн ван гараг ухрах хөдөлгөөн хийснээр нүүр тулсан харилцаанд гэнэтийн содон өөрчлөлтүүдийг нумын ордныхонд дуудах бол Сугар гараг хилэнцийн ордод шилжихэд түрхэн зуур хүсэл мөрөөдөлгүй, идэвхгүй мэт санагдаж магадгүй. Сарын дунд үеэс олон жил хүссэн ч эхлүүлж чадаагүй хоббигоо гардаж, үр хүүхдүүдтэйгээ илүү дотно ойлголцож эхэлнэ. Нар жинлүүрийн ордод шилжсэнээр олон нийтийн үйл ажиллагааг манлайлан авч явах үүргийг танд дуудна. Хонины ордод бүтэн сар гарах нь хүмүүст өөрийгөө яг ямар хүн бэ гэдгийг харуулах шинэчлэлтүүдийг авчирна. Ангараг гараг арслангийн ордод байршсанаар холын аялал, сургууль соёлын ажлууд туйлын идэвхтэй болно. Сарын сүүлчээр Буд гараг хилэнцийн ордод очих тул бодлогогүйгээр ам алдах, эд зүйлсээ гээхээс болгоомжлоорой.


 

Есдүгээр сарын зурхай: Асуудлуудаа цэгцлэх таатай үе ирлээ (фото 10)

 

Матрын орд

Газар махбодын идэвхжилээр матрын ордныхонд эерэг урам зориг, итгэл үнэмшилтэй таатай сар эхэлж байна. Санчир гарагийн ухрах хөдөлгөөн нь хуучин хийнэ гэж бодож байсан ажлуудыг эргэн сануулж, хариуцлагатай алхам хийхэд зална. Шинэ сар охины ордод гарснаар сургууль, гадаад аялал, боловсролын салбарт шинэ үүд хаалга нээгдэнэ. Тэнгэрийн ван гарагийн ухрах хөдөлгөөн нь амьдралын өдөр тутмын хэмнэл, цагийн хуваарьт огцом өөрчлөлт авчрах бол Буд болон Сугар гарагууд байршлаа цэгцлэн шилжсэнээр ажил карьер болон найз нөхдийн харилцаанаас эерэг энергийг олж авна. Олон нийтийг хамарсан ажил зохион байгуулж чадвал түүнийхээ өгөөж, үр шимийг хүртэх болно. Кайрон гараг хонины ордод ухрахад эцэг эхтэйгээ ойлголцоход тань тусална. Нар жинлүүрийн орд руу шилжсэний дараа таны ажил карьерт маш том, ашигтай өөрчлөлт үүсэх төлөвтэй байна. Хонины ордод гарах бүтэн сар нь гэр бүл болон ажил хэрэгт шийдэгдэхгүй байсан олон асуудлыг шийдвэрлэнэ. Ангараг болон Буд гарагуудын шилжилт нь олон нийттэй холбогдсон ажлаас том үр дүн хүртэх гарцыг нээнэ.


 

Есдүгээр сарын зурхай: Асуудлуудаа цэгцлэх таатай үе ирлээ (фото 11)

 

Хумхын орд

Энэ сар хумхын ордныхонд банк, санхүү, татварын асуудлаа цэгцлэх өөрчлөлт тохионо. Охины ордод шинэ сар гарахад шинэ хадгаламж нээх, өв хөрөнгө залгамжлах, зээлийн асуудлаа шийдэх боломжтой. Буд ба Тэнгэрийн ван гарагийн хөдөлгөөнүүд нь таны биеэ авч явах байдал, дадал зуршилд гэнэтийн өөрчлөлт авчирна. Сугар гараг хилэнцийн ордод очсоноор ажил олгогч болон хамтран ажиллагсадтайгаа маш таатай харилцааг үүсгэнэ. Виз, албан тушаал, карьертай холбоотой гацсан асуудлуудаа саадгүй цэгцэлж авах боломжтой сар тохиож байна. Буд гараг жинлүүрийн ордод удаан байх тул бусдад зааж чиглүүлсэн, өөдрөг тогтвортой харилцааг танд бэлэглэнэ. Өөрийгөө илэрхийлэх байдал чинь бусдын анхаарлыг татаж, нэр хүндийг тань ахиулна. Сэтгэлзүйн дотоод өөрчлөлтүүдтэйгээ ажиллахын сацуу ажил карьер дээр тань эерэг өөрчлөлтүүдийг авчирна. Сурч чадахгүй байсан олон зүйлсийг цахим сүлжээ болон сургалтаар дамжуулан сурч авна. Сарын сүүлчээр өөртөө итгэх итгэл дүүрэн байж, хийсэн ажлынхаа үр дүнг хүртэх болно.


 

Есдүгээр сарын зурхай: Асуудлуудаа цэгцлэх таатай үе ирлээ (фото 12)

 

Загасны орд

Аливаа үйл явдлууд маш шийдэмгийгээр өрнөх тул есдүгээр сар загасны ордныхны хувьд туйлын таатай саруудын нэг байна. Шинэ сар таны харилцааг хариуцдаг байршилд гарч байгаа тул уулзах ёстой хамтрагчидтайгаа учирч, шинэ хүмүүстэй болзоонд явах үүд хаалга нээгдэнэ. Сугар болон Буд гарагуудын шилжилт нь шинэ сургалтад суух, сурч мэдэх зүйлсээсээ аз жаргал мэдрэх нөхцөлийг бүрдүүлнэ. Буд гараг жинлүүрийн ордод байршсанаар бусдын нууц болон өмнө нь сонсож байгаагүй мэдээллийг сонссоноор ажил карьер, амьдралыг харах өнцөг хийгээд зорилго тэмүүлэлдээ шинэ өнцөг гаргахад тань тусална. Тэнгэрийн ван гараг ухрах хөдөлгөөн хийхэд орон байр, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой өөрчлөлт гарч, түүнчлэн өөр улсад амьдрах гэнэтийн шийдвэр гарч магадгүй. Сарын дунд үеэс Нар жинлүүрийн ордод очиход банк санхүү, татвартай холбоотой томоохон өөрчлөлт гарна. Есдүгээр сарын 26-нд хонины ордод сар битүүрснээр хадгаламж, мөнгө санхүүгийн шийдэгдээгүй асуудлууд эергээр шийдэгдэж эхэлнэ. Энэ үеэр Ангараг гараг байршлаа солин арслангийн ордод ирснээр ажил карьер болон эрүүл мэндтэй холбоотой саад бэрхшээл, өрсөлдөөнийг даван туулах эрч хүчийг загасны ордныхонд өгнө. Сарын сүүлчээр Буд гараг хилэнцийн орд руу шилжихэд бодож санасан бүх зүйлсээ ажил хэрэг болгох таатай боломжууд бүрэн хангагдаж эхэлнэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх