2017 оны чиг хандлага: Анхаарал татам оймс

Туфли, кет ба углааштай хослуулах оймсны загварууд

Өмнө нь загварын нүгэл хэмээн тооцогддог байсан утгагүй бөгөөд хачирхалтай чиг хандлагууд хэзээ нэгэн цагт эргээд моодонд ордог уламжлалтай. Саяхан бид "крокс" гутал, "биркеншток" углааш мөн "паска" цүнх гэх зэрэг эртний, этгээд трендүүдийн сэргэн мандалтыг харсан бол одоо пүүз, ботинк, туфли ба углааштай хослуулан өмсөх учиртай оймсны давлагаа эхэллээ. Хэрвээ өмнө нь гоёмсог гутлыг оймстой хослуулах нь мэдрэмжгүй ба үзэмжгүй хэрэгт тооцогддог байсан бол одоо бүх зүйл өөрчлөгджээ.

Тод өнгийн, анхаарал татам оймс энэ жилийн үндсэн трендүүдийн нэг болсонд спорт ба гудамжны хувцаслалтын ноёрхол шууд холбоотой юм. Оймсны эрэлтийг ихэсгэхэд мөн Vetements, Off-White ба Gosha Rubchinskiy брэндүүд багагүй нөлөө үзүүлсэн байгаа. Эдгээр брэндүүдийн логотой оймсыг Instagram сүлжээ дахь загварлаг бүсгүй бүрийн хуудаснаас олж харах боломжтой билээ. Энэхүү аксесуар нь яг одоогийн байдлаар тансаг зэрэглэлийн брэндүүдэд маш их хэмжээний орлого авчирч байна. Gucci, Versace, Prada зэрэг загварын орднууд оймсыг яг л нарны шил ба үнэртэн мэт үндсэн аксесуар болгон сурталчилж, олон нийтэд түгээх болсон. Ерөнхийдөө оймсны ачаар хэрэглэгчид дуртай брэндээсээ хамгийн боломжийн үнэтэй зүйлийг худалдан авч, брэндийн худалдан авагчдын хүрээнд билэгдлийн чанартайгаар нэгдэх боломжтой болж байгаа юм.

Энэ нь магадгүй маш ухаалаг маркетингийн алхам байж болох ч, оймс нь үнэхээр л хувцаслалтыг илүү сонирхолтой болгох чадвартай юм. Нэгэн жигд өнгийн, судалтай, эсвэл төрөл бүрийн хээтэй, мөн брэндийн логотой оймснуудыг энэ зуны улиралд сандаал ба углааштай хослуулж болно. Харин хэрвээ танд ийм зэргийн стилистик загварчлал гаргах зориг хүрэхгүй байгаа бол оймсоо уламжлал ёсоор пүүзтэй хослуулан өмсөөрэй.

Buro.Mongolia

2017-06-28, 11:00

  • Зураг: