Gucci загвар болгондоо нэр өгөв, сүүлчийн Giorgio Armani, DIOR биш Dior
Милан хотын загварын долоо хоног хавар-зун 2026
Донателлагүй Versace
Энэ улиралд анхны цуглуулгаа толилуулж буй дизайнеруудаас хамгийн хэцүү даалгавар авсан нь хэн бэ гэвэл магадгүй Дарио Витале тэр жагсаалтын хамгийн дээр бичигдэх биз. Versace брэндийг үүсгэн байгуулсан Жианнигаас ч илүү удаан удирдсан хүн бол түүний төрсөн дүү Донателла Версаче бөгөөд одоо ч брэндийн “chief brand ambassador” буюу брэндийн соёлын элчээр ажиллаж байгаа. Харин тус брэндийн бүтээлч захирлаар томилогдсон Дарио бидэнд тэс өөр Versacе-г харууллаа. Тэрээр 1980-аад оны Жианнигийн загваруудаас санаа авч өөрийн цуглуулгадаа дахин загварчилжээ.
Сүүлчийн Giorgio Armani
Ердөө хэдхэн цагийн өмнө Giorgio Armani өөрсдийн загварын шоугаа танилцууллаа. Жиоржиогийн гэгээн дурсгал, түүнийг эргэн нэг дурсах агшин байсан гэж хэлж болох. Pantelleria, Milano гэх нэртэй тус цуглуулга Жиоржиогийн сүүлчийн бүтээлч ажил байсан бөгөөд түүний хэзээд эрхэмлэдэг энгийн хэр нь тансаг гэх тодотгол дахин нэг удаа тайзнаа амиллаа. Футуристик маягийн гялгар даавуун хүрэм танилцуулагдаж, 2026 оны хавар зуныг Жиоржио гялтганасан цэнхэр өнгийн минимал даашинзнуудаар тодорхойлжээ.
Gucci, мэдээж сахилгагүй
Демнагаар ахлуулсан Gucci жишиг томьёог эвдлээ. Богино хэмжээний кино, Каннын кино наадам мэт улаан хивсний ёслол, Gucci брэндийн 2026 оны хавар зуны загваруудаар гоёсон зочид гээд хүлээлтэд үнэхээр хүрч чадлаа. Харин хувцас загварын хувьд бүтээл болгон өөрийн гэсэн дүртэй. Хүндэт хадагтай, ээжийн эрх хүүхэд, нарциссист залуу, дотогшоо хүн гэх зэргээр нэрлэсэн нь үнэхээр л тэдгээр хүмүүс яг ингэж хувцасладаг гэлтэй. Загваруудыг ерөнхийд нь тайлбарлаж нэгэн сэдэвт багтаах боломжгүй бөгөөд загвар болгон өөрийн гэсэн дүртэй, хувцас бүр өөрийн гэсэн хэмнэл урсгалтай байлаа.
Ferragamo илүү сонирхолтой болж байна
Жил ирэх тусам хувцас загварын ертөнцөд Ferragamo өөрсдийн нөлөөг улам батжуулсаар байна. Африк хэв маяг шингэсэн загвар гэвэл бид бүгдэд юуны түрүүнд Африкчуудын үндэсний хувцас хийгээд уламжлалт бүтээлүүд маш олон тод өнгийг нэгтгэсэн баялаг байдаг нь санаанд дүрслэгддэг билээ. Энэ удаад тус брэнд өөрсдийн зүгээс Африк хэв маягийг геометр хуваалттай хослуулан, жааз хөгжмийн найрсал, тэртээх хар цагаан киноны дэгжин байдлыг ч мөн загварууддаа буулгажээ. Хамгийн сонирхол татсан гүйцэтгэл бол мини даашинзны хормойг тууз болгон бантиклан уясан явдал байв.
DIOR биш Dior
Миланы загварын 7 хоногийг өнөөдрөөр үдэж дараагийн загварын долоо хоногийг Парис тодорхойлох билээ. Бидний хамгийн өндөр хүлээлттэй байгаа дизайнеруудын нэг бол Жонатан Андерсон. Тэрээр энэ жил Dior загварын ордны нэрийн дор анхны эмэгтэй загваруудаа танилцуулах юм. Харин өнгөрөгч өдрүүдэд цахим сүлжээгээр тэрээр нэгэн нууцыг ил болгосон нь DIOR хэмээн том үсгээр бичигдэж байсан шошгыг сольж өмнө нь ашиглаж байсан Dior гэх бичиглэлийг буцаан авчрах гэж буйгаа мэдэгдлээ. Ихэнх хувцас загварын хорхойтнууд “Браво” хэмээн уулга алдсаар түүний танилцуулах загваруудыг тэсэн ядан хүлээж буй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт