Капри дахь аяллыг санагдуулам Chanel-ийн шинэ цуглуулга

2021 оны аяллын цуглуулга

Chanel ордны бүтээлч захирал Виржини Виар 2021 оны аяллын цуглуулгаа танилцууллаа. Аяллын цуглуулгад зориулсан загварын шоу үзэсгэлэнт Капри арал дээр зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байсан ч цар тахлын улмаас цуцлагдсан билээ. Виржини Виар цуглуулгыг бүтээхдээ өөрийн оюун бодолдоо Капри арал руу аялсан гэдгээ онцолсон ба цуглуулгаа "Газар дундын тэнгисийн аялал" хэмээн нэрлэжээ. Яг л Капри арал дээр очсон гэлтэй цуглуулгын зураг авалтыг гэрэл зурагчин Карим Садлитай хамтран хийсэн ба тэд Chanel-ийн Парис дахь гэрэл зургийн студийг Капри арал дээр нар жаргаж буй мэтээр тохижуулжээ.

Виржини Виар энэ удаад үдшийн даашинз, гоёл чимэглэл зэрэг элдэв нүсэр зүйлгүй, нэг үгээр бол хөнгөн хэмээн тодорхойлж болох цуглуулгыг бүтээжээ. Цуглуулгад усны хувцсыг боди байдлаар өмсөн кардиган болон өргөн загварын өмдтэй хослуулсан төрх, шоорт ба нимгэн хүрэмний хослол, шулуун эсгүүртэй даашинз, нэвт гэрэлтэх шифон цамц гээд хаашаа ч аялалд гарахдаа өмсөж болох загварууд багтсан байгаа.

Buro.Mongolia

2020-06-09, 12:19