Монголын Астрологийн Холбооны үүсгэн байгуулагч, хорарэй астрологич, өрнийн зурхайч Б.Мягмарсүрэнгийн BURO.-гийн уншигчдад зориулан бэлтгэсэн 2026 оны зургаадугаар сарын дэлгэрэнгүй зурхайг хүргэж байна.
ХОНЬ
Тавдугаар сарын 20-оос нар ихрийн орд руу шилжиж, Тэнгэрийн вантай үүсгэж буй аялал нь хонины ордныхны ажил, бизнесийн орчинд гэнэтийн өөрчлөлт авчирна. Урьдчилан төлөвлөөгүй уулзалт, томилолт, шинэ санал гарч, хурдан шийдвэр гаргах чадварыг тань шалгах үе эхэлнэ. Ажил хэрэгт илүү уян хатан, шинэ санаанд нээлттэй байх тусам боломжууд илүү хурдан нээгдэнэ. Зургаадугаар сарын 9-нд Бархасбадь, Сугар гарагтай хийх хамтын аялал нь таны хувьд гэр бүл, ойрын хүрээлэл, орон байртай холбоотой асуудалд эерэг өөрчлөлт авчирна. Энэ үеэр гэр бүлийн үл ойлголцол шийдэгдэх, нүүх суух, засвар тохижилт хийхэд идэвхтэй сар байна. Гэхдээ хэт өөдрөг хандлагаас улбаатай шаардлагагүй худалдан авалт хийхээс зайлсхийж санхүүгийн тооцоондоо анхаараарай. Мөн ойрын хүрээллийн хүмүүсийн зөвлөгөө танд эерэг мэдээ дуулгана. Буд гарагийн ухрах хөдөлгөөн зургаадугаар сарын 12-оос 16 градусын налуутай байрлах нь үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хуучин асуудлууд дахин сөхөгдөж мэднэ. Мөн энэ үед гэр бүлтэйгээ өмнө нь төлөвлөж байсан ажлуудаа хийж, цагийг хамтдаа өнгөрүүлэх нь уг асуудлыг шийдвэрлэхэд тустай байх болно. Зургаадугаар сар тэр чигтээ шинэ боломж, шинэ хөдөлгөөн авчрах ч, тайван бодсоны эцэст няхуур шийдвэр гаргах нь хамгийн чухал байх болно.
ҮХЭР
Нар Ихрийн ордод байрлаж, Тэнгэрийн ван гаригтай хамт байснаар үхрийн ордныхны санхүү, ажил хэрэгт шинэ боломжууд авчирна. Шинэ төсөл эхлүүлэх, бизнесээ өргөжүүлэх, боловсролдоо хөрөнгө оруулах хүсэл зориг энэ үед хүчтэй мэдрэгдэнэ. Тиймээс энэ үед томоохон худалдан авалт хийх, хөрөнгө оруулах эсвэл шинэ сургуульд элсэхэд таатай сар тохиож байна. Энэ өдрүүдэд илүү тогтвортой, чанартай амьдралын хэв маяг руу тэмүүлэхэд тохиромжтой. Зургаадугаар сарын 9-нд Бархасбадь, Сугар гарагтай хийх аялал нь ойрын аялал, уулзалт, шинэ танилуудыг танд урин дуудах болно. Урьд нь хамтарч ажиллаж байсан хүмүүс эргэн гарч ирж, шинэ хамтын ажиллагаа эхлэх боломжтой. Харин сарын сүүлд эрчимжих Буд гарагийн ухрах хөдөлгөөн нь ах дүү, ойрын хүрээлэлтэй харилцааны асуудалд орох эсвэл зам тээврийн осолд өртөж болзошгүйг анхааруулж байна. Тиймээс унаа тэргээ сайтар шалгаж, аялалд явахаар төлөвлөж байвал болгоомж сэрэмжээ алдалгүй анхаараарай. Мөн үйлдсэн бичиг баримтаа нягталж, цахим шуудангаа сайтар шалгах нь хожмын асуудлаас сэргийлэхэд тустай. Үгээ буруу ойлгуулах, яаруу эрсдэлтэй шийдвэр гаргах магадлал өндөр тул харилцаандаа анхаарч, гэнэтийн шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй. Энэ сар үхрийн ордныхонд шинэ боломж авчрах ч сэтгэлийн хөөрөлд авталгүйгээр тайван, тооцоотой хандлага хамгийн чухал байх болно.
ИХЭР
Ихрийн ордныхны хувьд шинэ эхлэл бүхий эрч хүчтэй сар тохионо. Тэнгэрийн ван гаригийн нөлөөгөөр гадаад төрх, ажил, амьдралын хэв маягтаа огцом өөрчлөлт хийх хүсэл төрж болзошгүй. Өөрийгөө илэрхийлэх хүсэл нэмэгдэж, шинэ хүрээлэл, шинэ хүмүүс таны амьдралд орж ирнэ. Зургаадугаар сарын 9-нд Бархасбадь, Сугар гаригтай хийх хамтын аялал нь санхүүгийн нөхцөл байдал сайжирснаар таны сэтгэлийн төлөв байдлыг өөдрөг болгож хэт үрэлгэн болох магадлал өндөр тул санхүүгийн тооцоондоо анхаарах хэрэгтэй. Мөн хүмүүс таныг урьд өмнөхөөсөө илүү өөр түвшинд анзаарч, өөртөө итгэх итгэл тань мэдэгдэхүйц өснө. Буд гарагийн ухрах хөдөлгөөн сарын сүүлээс эхэлснээр санхүүгийн буруу тооцооллоос үүдэлтэй асуудлууд дахин сөхөгдөж болзошгүй. Өмнө нь зөв гэж бодож байсан зүйлс алдаа байсныг ойлгох үе ч ирж мэднэ. Ялангуяа сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргахгүй байх нь чухал. Ерөнхийдөө энэ сар ихрийн ордныхонд шинэчлэл, өөрчлөлт, идэвхтэй хөдөлгөөн авчирна.
МЭЛХИЙ
Нар ихрийн ордод шилжсэнээр мэлхийн ордныхон дотоод ертөнц, сэтгэлзүй, зөн совинтойгоо илүү хүчтэй холбогдож эхэлнэ. Энэ сар мөн эрүүл мэндийн асуудал үүсэж болзошгүй тул сайтар амарч, өөртөө цаг гарга. Тэнгэрийн ванг гарагийн нөлөө таны өмнө нь анзаараагүй байсан асуудал болон хүмүүсийн жинхэнэ хандлагыг илүү тод харуулна. Зургаадугаар сарын 9-нд Бархасбадь, Сугар гараг таны ордод байршиж аз, шинэ боломж, шинэ харилцаа орж ирэхийг илтгэж байна. Зарим мэлхийн ордныхон шинэ ажил, шинэ дүр төрх, бүр шинэ хайр дурлалтай ч учирч мэднэ. Гэхдээ энэ их өөдрөг байдал хэтрэх үед хэт туйлширсан шийдвэр гаргах эрсдэлтэй. Буд гаригийн ухрах хөдөлгөөн мөн таны орд дээр явагдах тул буруу ойлголцлоос үүдэлтэйгээр төлөвлөгөө алдагдаж болзошгүй. Аливаа том шийдвэрийг яаралгүй сайтар тунгааж гаргах нь зөв. Өмнө нь эхлүүлсэн ажил хэргээ дахин нягталж, өөрийгөө тайван ажиглаарай.
АРСЛАН
Зургаадугаар сар арслангийн ордныхонд шинэ хүрээлэл, шинэ мөрөөдлийн үүдийг нээх төлөвтэй байна. Учир нь Тэнгэрийн ван гариг нартай цуг ихрийн ордны байршилд аялал хийснээр таны амьдралд урьд өмнө төсөөлж байгаагүй харилцаа болон боломжуудыг авчрах магадлалтай. Нийгмийн хүрээлэл, найз нөхөд, хамтын ажиллагаанд томоохон өөрчлөлт гарна. Зарим арслангийн ордныхон энэ сард өөрийн зорилго, мөрөөдөл, амьдралыг үзэх үзлээ ч өөр өнцгөөс харж эхлэх нь боломжтой. Зургаадугаар сарын 9-нд Бархасбадь, Сугар гарагийн хамтын аялал нь таны дотоод ертөнц, зөн совинд эерэг нөлөө үзүүлэх тул холын аялал юм уу бясалгал хийж өөрийн сэтгэлзүйтэйгээ ажиллах нь эрч хүч өгнө. Харин зургаадугаар сарын 12-оос эхлэх Буд гаригийн ухрах хөдөлгөөн мэдээлэл алдагдах, буруу ойлголцол үүсэх эрсдэлийг нэмэгдүүлнэ. Ялангуяа ажил хэрэг, гадаад харилцаа, бичиг баримттай холбоотой зүйлс дээр нягт нямбай байх шаардлагатай. Өмнө нь үл тоомсорлож байсан асуудлууд ил гарч ирэх магадлалтайг анхаараарай. Тиймээс ялангуяа гадаад харилцаатай холбоотой асуудалд хянуур байж, өндөр дүнтэй хөрөнгө оруулалт шаардагдах томоохон шийдвэр гаргахаас түр азнаарай.
ОХИН
Зургаадугаар сар охины ордныхны ажил, карьерын орчинд хүчтэй өөрчлөлт авчирна. Тэнгэрийн ван нартай цуг хийсэн аяллын нөлөөгөөр албан тушаал, ажлын чиглэл, удирдлагын бүтэцтэй холбоотой гэнэтийн өөрчлөлт гарч ирж болзошгүй. Зарим охины ордныхон ажлын шинэ санал хүлээн авах бол зарим нь илүү том зорилго руу тэмүүлэхээр шийдэж ч магадгүй. Таны ур чадвар, хичээл зүтгэлийг анзаарч эргэн тойрны хүмүүс илүү ихээр үнэлж эхэлнэ. Зургаадугаар сарын 9-нд Бархасбадь, Сугар гаригтай хийсэн аялал нь таны найз нөхдийн харилцаа болон холыг зорьсон үйлсэд эерэг өөрчлөлтийг татна. Шинэ хамтрагч, шинэ хүрээлэл таны амьдралд орж ирэн, ашигтай харилцаа холбоо үүсгэх магадлалтай. Мөн санхүүгийн өсөлт мэдрэгдэж, өмнө төлөвлөж байсан зүйлсээ хэрэгжүүлэх боломж гарна. Буд гарагийн ухрах хөдөлгөөн сарын сүүлээс эхэлснээр зорилго, ирээдүйн төлөвлөгөөгөө дахин эргэцүүлэх шаардлага гарна. Хуучин найз нөхөд, хамтрагчид эргэн гарч ирж, нийллэг цуглаан, арга хэмжээ ихсэх хандлагатай байгаа тул олон дунд өөрийгөө алдахаас сэргийлж хүсэл тэмүүлэл, зорилгоо дахин нэг сайн эргэцүүлээрэй. Товчоор дүгнэвэл зургаадугаар сар охины ордныхонд карьераа өсгөх шинэ боломжуудыг авчирна.
ЖИНЛҮҮР
Жинлүүрийн ордныхон зургаадугаар сард амьдралыг илүү өргөн өнцгөөс харж эхэлнэ. Тэнгэрийн ван гараг болон нарны хамтын аяллын нөлөөгөөр таны шинэ соёл болон шинэ мэдлэгт тэмүүлэх хүсэл шунал нэмэгдэж, амьдарч буй улсаасаа нүүх юм уу өөр хотод сургуульд элсэх байдлаар амьдралын томоохон шийдвэр гаргаж болзошгүй. Зургаадугаар сарын 9-нд Бархасбадь, Сугар гарагийн холбоо ажил хэрэгт эерэг нөлөөлөл авчирч, түүнийгээ даган нэр хүнд тань өсөх магадлалтай. Энэ үед таны гүйцэтгэсэн ажил үнэлэгдэж, шагнал урамшуулал аван, нийгэмд эзлэх байр суурь нэмэгдэх боломж ихэснэ. Тиймээс нэр хүндээ хадгалж авч үлдэхийн тулд ёс зүй, хариуцлагаа сайтар ухамсарлахыг анхааруулж байна. Харин Буд гарагийн ухрах хөдөлгөөн нь одоо хийж буй ажилд тань эргэлзээ төрүүлж магадгүй учраас хийж буй ажлаа сайтар эргэцүүлэн тунгааж, өөрт буй алдаа оноогоо шүүснээр карьерт тань ямар саад бэрхшээл байгааг илрүүлэхэд тусална. Хуучин ажлын санал эсвэл өмнө нь хамтарч байсан хүмүүс эргэн гарч ирж болзошгүй. Том шийдвэр гаргахдаа яарахгүй байж, өмнөх туршлагаа сайтар нягтлах хэрэгтэй.
ХИЛЭНЦ
Зургаадугаар сар хилэнцийн ордныхны дотоод ертөнц, сэтгэлзүйд хүчтэй өөрчлөлт авчирна. Тэнгэрийн вангийн нөлөөгөөр өмнө нь зугтаж явсан сэтгэлзүйн асуудлуудтайгаа нүүр тулах шаардлага гарч магадгүй ч тус асуудлаас гарах илүү хялбар арга замын шинээр олж харна. Энэ хугацаанд өөрийгөө эдгээх, муу зуршлаасаа салах, дотоод өөрчлөлт хийх хүсэл хүчтэй нэмэгдэнэ. Зарим хилэнцийн ордныхон амьдралын утга учрыг өөр өнцгөөс харахад хүргэх шинэ ойлголттой учирч мэднэ. Зургаадугаар сарын 9-нд Бархасбадь, Сугар гараг, нар, мэлхийн ордонд хийх хамт аяллаас бурхантай ойртчихов уу гэлтэй аз хийморь тохионо. Энэ үед та шинэ сургуульд элсэх, гадаад оронд аялах, эсвэл гадаад оронд сурахаар явж ч магадгүй. Мөн бусдад заан сургаж, амьдралыг чиглүүлэн таниулах үйл хэрэг маш амжилттай байх бөгөөд хэрвээ та багш мэргэжилтэй бол танд тун таатай эргэлтүүд ирнэ. Харин Буд гарагийн ухрах хөдөлгөөн нь эсрэгээрээ сургууль, аялал, бичиг баримттай холбоотой асуудал үүсэх магадлалыг нэмэгдүүлнэ. Тиймээс азтай одтой байх үедээ төлөвлөсөн аялал, элссэн сургууль зэргээ дахин сайтар нягтлах шаардлагатай. Үзэл бодлын зөрчил, гэр бүлийн хүмүүжилтэй холбоотойгоор эцэг эхтэйгээ харилцааны асуудал гарах эрсдэлтэй. Энэ үед аливаад хэт өөдрөгөөр аливаад хандалгүйгээр, ухан тунгааж эргэцүүлэн бодох нь зөв.
НУМ
Нумын ордныхны хувьд энэ сар харилцаа холбоо, хамтын ажиллагаанд шинэ үе эхлүүлэх төлөвтэй байна. Тэнгэрийн вангийн нөлөөгөөр урьд нь төсөөлж байгаагүй өөр хүрээллийн хүмүүс таны амьдралд орж ирж магадгүй. Энэ үед нумын ордныхон удаан үргэлжилсэн хортой харилцаанаасаа чөлөөлөгдөх шийдвэр гаргахад илүү ээлтэй. Мөн шинэ хамтын ажиллагаа, шинэ харилцаа таны амьдралыг өөр өнцгөөс харахад хүргэнэ. Зургаадугаар сарын 9-нд эхлэх Бархасбадь, Сугар гарагийн аялал нь хамтын хөрөнгө, санхүүд эерэг өөрчлөлт авчраад зогсохгүй сэтгэлзүйн асуудлаа шинэ түвшинд олж нээн, эдгэрэлд хүрэх замд ойртохыг сануулж байна. Зээл, хадгаламж, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал таатайгаар шийдэгдэх магадлалтай. Харин Буд гарагийн ухрах хөдөлгөөн санхүү, гэрээ хэлэлцээр, банкны бичиг баримт дээр анхааралтай байхыг сануулна. Хосын харилцаанд үл ойлголцол үүсэхээс сэргийлж тайван ярилцах хэрэгтэй. Хэн нэгэнтэй хэл аманд орохоос зайлсхийж, элдэв хов живээс холуур байхыг хичээж, аливаа хүнд хэт итгэн эмзэг асуудлаа бүү яриарай.
МАТАР
Зургаадугаар сар матрын ордныхны хувьд харилцаа, хамтын ажиллагаанд шинэ шат авчрах төлөвтэй байна. Тавдугаар сарын сүүлээр эхэлсэн Тэнгэрийн ван гариг, нартай цуг хийсэн аяллын нөлөөгөөр хосын харилцаа, бизнесийн түншлэл, гэр бүлийн асуудалд гэнэтийн өөрчлөлтүүд гарч ирж магадгүй. Ганц бие матрын ордныхон шинэ хүнтэй учрах, харин хостой хүмүүс харилцаагаа шинэ түвшинд хүргэх боломжтой. Энэ үед матрын ордныхон өмнө нь шийдэгдээгүй хосын харилцаагаа шийдэх болон хамтын амьдрал эхлүүлэх гэх мэтээр хосын харилцаанд таатай өөрчлөлтийг татаж байна. Зургаадугаар сарын 9-нд Бархасбадь, Сугар гараг аялж эхэлснээр таны харилцаанд илүү дулаан, ойлголцол тохионо. Мөн бизнесийн шинэ хамтрагч, ашигтай гэрээ хэлэлцээр гарч ирэх магадлалтай. Өр шир болон өвчин зовлонгийн асуудалд урьд өмнө бодож байгаагүй сонирхолтой шийдлүүд ч гарч ирэхийг үгүйсгэхгүй. Харин зургаадугаар сарын 12-нд Буд гарагийн ухрах хөдөлгөөн хийснээр хосын харилцаанд буруу ойлголцол үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлнэ. Хуучин харилцаа эсвэл өмнө нь ярьж байсан асуудлууд дахин сөхөгдөж магадгүй. Тиймээс энэхүү ухрах хөдөлгөөний үед хосууд шинэ төлөвлөгөө гаргахаас илүүтэй өмнө нь төлөвлөж байсан зүйлээ хэрэгжүүлэх нь илүү тустай. Шинэ том амлалт өгөхөөсөө өмнө нөхцөл байдлаа сайн ажиглах хэрэгтэй. Мөн ажлын хамтрагчидтайгаа ч ам мурийхаас зайлсхийж, ажил хэргийн шинэ төлөвлөгөөнд няхуур хандаарай.
ХУМХ
Хумхын ордныхны хувьд энэ сар бүтээлч байдал, өөрийгөө илэрхийлэх хүсэл эрс нэмэгдэх төлөвтэй байна. Тэнгэрийн ван, нартай цуг хийсэн аяны нөлөөгөөр урьд нь хийж байгаагүй зүйл турших, шинэ хобби эхлүүлэх, эсвэл бүтээлээ шинэ түвшинд гаргах боломж гарч ирнэ. Зарим хумхын ордныхон бусдын өмнө илүү тод харагдаж, манлайлах шаардлагатай нөхцөл байдалтай нүүр тулна. Мөн хүүхэд, хайр дурлал, хувийн сонирхолтой холбоотой салбарт гэнэтийн өөрчлөлтүүд гарч магадгүй. Зургаадугаар сарын 9-нд Бархасбадь, Сугар гарагийн аялал эрүүл мэнд, ажил, өдөр тутмын амьдралд эерэг нөлөө авчирна. Муу зуршлаасаа салах, амьдралын хэв маягаа өөрчлөхөд хамгийн таатай үе эхэлнэ. Харин Буд гарагийн ухрах хөдөлгөөний улмаас хуучин ажлууд болон өмнө нь шийдэгдээгүй асуудлуудыг дахин сөхөгдөн гарч ирэх магадлалтай. Эрүүл мэнд, хооллолт, амралтын хэмнэлдээ илүү анхаарах шаардлагатай болно. Өмнө нь орхисон төлөвлөгөөнүүдээ дахин цэгцлэхэд тохиромжтой үе. Ерөнхийдөө энэ сар Хумхын ордныхонд шинэ санаа, шинэ эрч хүч, өөрийгөө шинээр нээх боломж авчирна.
ЗАГАС
Зургаадугаар сар загасны ордныхны амьдралд хамгийн таатай өөрчлөлтүүдийг авчрах саруудын нэг байх төлөвтэй байна. Бархасбадь болон Сугар гарагийн хамтын аяллын нөлөөгөөр хайр дурлал, бүтээлч байдал, өөрийгөө илэрхийлэх хүсэл хүчтэй нэмэгдэнэ. Мөн нар, тэнгэрийн ван гарагтай хийсэн аяллын нөлөө орон байр, амьдралын орчин, гэр бүлийн асуудалд гэнэтийн өөрчлөлт авчирч магадгүй. Нүүх суух, шинэ орчинд дасан зохицох, эсвэл гэр бүлийн хүрээнд шинэ шийдвэр гаргах боломж өндөр байна. Зургаадугаар сарын 9-нд Бархасбадь, Сугар гарагийн холбоо таны хайр дурлал, гэр бүл, бүтээлч байдалд онцгой аз авчирна. Зарим загасны ордныхон шинэ хайртай учрах, шинэ бүтээлээ эхлүүлэх, эсвэл үр хүүхэдтэй холбоотой баярт мэдээ сонсож магадгүй. Харин Буд гарагийн ухрах хөдөлгөөн нь боловсрол, бүтээлч ажил, эсвэл үр хүүхэдтэй холбоотой асуудал гарснаар, амьдралаа дахин эргэцүүлэх нөхцөл байдалд хүргэж болзошгүй. Өмнө төлөвлөж байсан зүйлээ өөр өнцгөөс харах шаардлага гарч мэднэ. Олны өмнө өөрийгөө хэрхэн илэрхийлж, манлайлах вэ гэдэг дээр илүү анхаарах шаардлагатай үе эхэлнэ. Загасны ордныхон зургаадугаар сарын турш шинэ урам зориг, шинэ боломж, хүчтэй бүтээлч энергийг өөртөө татсаар байх болно.
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт