Жижиг талбайтай тагтыг тохижуулах ухаалаг санаанууд

Гэрийнхээ тагтыг тохижуулахад хамгийн тохиромжтой урин дулааны улирал ирж байна. Тиймээс бид та бүхэнд хэрхэн зай багатай талбайг ашиглан хэрэглэхэд төвөггүй, гоёмсог орчинг бүрдүүлэх талаарх санаануудыг хүргэж байна.

ЭВХЭГДДЭГ ТАВИЛГА

Талбайн ашиглалтыг ухаалгаар хэмнэхийн тулд жижиг хэмжээтэй, эвхэгддэг сандал, ширээ сонгох нь чухал.

УРГАМАЛ

Навчит ургамал, цэцэг тогтоогч зэрэг нь таны тагтанд өнгө зүс нэмж, тав тух мэдрүүлнэ. Харин зайгаа дээд хэмжээнд ашиглахыг хүсвэл ургамлаа ханандаа өлгөхийг зөвлөж байна.

АМРАЛТЫН ХЭСЭГ

Ажлын стрессээ тайлахаар тагтан дээрээ тухлаад халуун цай ууж суувал сайхан биш гэж үү? XS хэмжээтэй буйдан, өдөн дэр байхад л хооллонгоо дулаан салхи мэдэрч болох орчныг бий болгоно.

ТАВИУР

Зай багатайн хажуугаар олон эд зүйлс газраар хөглөрч байвал орчныг бүр л таагүй харагдуулна. Тиймээс авсаархан тавиурыг байрлуулан зай хэмнэж, эмх цэгцийг бий болгоорой. 

САРАВЧ

Хэрэв гэрийн тань тагт задгай бол аль болох цулгуй өнгийн, зай бага эзлэх саравчны тусламжтай нарны тусгалаас өөрсдийгөө хамгаалах боломжтой.

ШАЛ

Тагт бол таны гэрийн нэг хэсэг тул деталь бүрийг орхигдуулахгүй байх нь чухал бөгөөд тохижуулалтаа шалнаасаа эхлээрэй. Харин материалын хувьд чийг, нарны тусгал, цаг агаарын өөрчлөлтөд тэсвэртэйг сонгох нь чухал.

ХАННЫ ДЕКОР

Жижигхэн талбай юм хойно декор багтах орон зай байхгүй гэж бүү бодоорой. Дуртай зургаа ханандаа жаазалж өлгөх нь том талбай эзлэхгүй бөгөөд гоёмсог, дулаан орчинг бүрдүүлэх болно.

ӨЛГҮҮР

Талбай зайчлах, цэвэрлэгээ хийх шаардлагатай үед хананд суурилуулсан өлгүүрийн тусламжтай эвхэгддэг сандал, ширээгээ хураачихвал амар биш гэж үү? Ингэснээр та эмх цэгц, загвар дизайн болон ухаалаг шийдлийг нэг дороос авах болно.

Buro.Mongolia

2021-04-08, 15:49

  • Зураг: