Velin сэтгүүлийн хавар-зун 2023 дугаарын карьер буланд нийтлэгдсэн Таван Богд группийн тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Хулангийн ярилцлагыг тус сэтгүүлийн зөвшөөрөлтэйгөөр хүргэж байна.
Тэрээр Говь компанийн Токио дахь салбарт таван жил ажиллахдаа Японы Fujifilm корпорацын гэрэл зураг боловсруулах лабораторийг Монголд нээх боломжийг олж харснаар ханьтайгаа хамт 1995 онд Таван богд компаниа байгуулжээ. “Од руу харва. Онохгүй ч гэсэн саран дээр бууна” гэсэн амбицаар эхлүүлсэн бизнесээ хөл дээр нь босгох гэж амралтгүй ажилладаг байх үедээ “хийнэ, яг одоо хийнэ, чадан чадталаа хийнэ” гэсэн зарчмаар зүтгэдэг байсан нь одоо ч хэвээрээ гэнэ. Тулгарсан асуудлуудыг өөрийгөө илүү сайжруулах боломж гэсэн эерэг өнцгөөс нь хардаг, зөв хандлагыг хамгийн ихээр чухалчилдаг Д.Хулангийн ментор бол түүний дотор орших тэр өөрөө. Амьдралын чухал шийдвэрүүдийн өмнө ааваасаа асуух үе байсан ч эцсийн дүндээ өөрийгөө зоригжуулж, урам өгч, ялан дийлж чадах хүч хүний дотоодод л байдаг гэдгийг тэр маш сайн мэддэг ажээ. Ном шиг зузаан төлөвлөлтийн дэвтэр цүнхнээсээ гаргаж ирээд “Энэ бол бараг миний бясалгал” гэж хошигнох түүний амьдралын хэмнэл завгүй атлаа тун нь таарчихсан тэнцвэртэй юм билээ. Тэрээр хотоос зайдуу амьдардаг учраас түгжрэлд ихэнх ажлаа утас, мэйлээр амжуулж, эдийн засгийн мэдээ мэдээллүүд уншиж, сошиал платформуудыг ч сонирхоод амждаг гэнэ. Өдрийн цайны цагаа зарим нэг ажлын уулзалттай хослуулж, үдээс хойшдоо цахим уулзалтууд хийдэг. Тэмдэглэлийн дэвтэр дээрээ ажлаа маш нарийн, үнэн бодитой төлөвлөж, хурдтай гүйцэтгээд, орой унтахынхаа өмнө үр дүнгээ шалгадаг нь түүний хувьд ажил хэрэгч бясалгал юм. Алсын хараагаа том зураглал болгоод, жижиг зорилтуудад хувааж, сар бүр алдаа оноогоо цэгнэж явдаг тэрээр аудио ном сонссон ч хожим хэрэгтэй санааг хэрэгжүүлэх зорилгоор тэмдэглэл хөтөлдөг нэгэн.
Монголын топ лидерүүдийн нэгтэй уулзчихаад манлайлагч байх арга туршлагын тухай асуухгүй бол алдас болох биз ээ. Тэрээр энэ асуултад “Бизнесийнхээ суурь үйл ажиллагааг нэгд нэгэнгүй мэддэг байх нь чухал. Тэгвэл ажилчдаа сайн чиглүүлж, зөв залж чадна. Нарийн ширийнийг нь мэдэхгүй атлаа том том бодлого төлөвлөлт яриад байх нь өрөөсгөл. Тиймээс бизнесийнхээ эхлэл үед гүн рүү нь ор. Суурь нь тавигдаад, систем нь бүрдчихвэл нэг алхам ухраад ерөнхийд нь баз” хэмээн шулуухан хариулав. Түүнчлэн тэрээр үе үе багаа цуглуулан урт хугацааны стратеги төлөвлөгөөгөө хянаж, багийнхандаа туулах зам, очих газрынх нь чигийг зааж, барааг харуулдаг гэдгээ иш татсан юм. Өндөр албан дахь жендэрийн харьцаа, Z үеийн ажилчдын тухай сониучирхахад, эдгээр асуудалд “хүн л бол хүн” гэдэг зарчмыг голчилдог нь анзаарагдлаа. Хэн илүү хичээж, өөрийгөө хөгжүүлж, алдаанаасаа суралцаж чадсан нь шагнагдах ёстой гэсэн зарчимтай түүний удирдлагад маш олон эмэгтэй удирдагч, залуу ажилчид бий. Тэрээр шинэ ажилтан авахдаа мэддэгээ итгэлтэйгээр илэрхийлдэг, мэдэхгүйгээ шуудхан хүлээн зөвшөөрдөг, зөв хандлагатай, шударга тоглогч эсэхийг анхаардаг гэнэ. Ингэж багаа бүрдүүлснийхээ дараа “автобусанд ямар хүнийг, хаана суулгах вэ” гэдгийг нарийн тооцдог аж. “Зөв хүнийг зөв газарт нь томилбол очих газраа хурдан хүрнэ шүү дээ. Энэ хооронд автобусны нийт зорчигчдод эцсийн зогсоол дээр амжилт хүлээж байгааг ойлгуулах нь чухал. Бизнес эрхлэхэд ганцаархнаа санаагаа эзэмшиж хэн нэгнээр хийлгэснээс багаараа тэр бизнес санааныхаа эзэд нь болоод хамтдаа гар нийлэн гүйцэтгэх нь хамгийн ухаалаг зам юм” хэмээн зөвлөлөө. Гарааны бизнесээ эхлүүлэх гэж байгаа залуус зоригтой байх ёстой юу, эсвэл хашир хөдлөх нь зөв үү? гэж асуухад “Хэрвээ нийт төсвийнхөө тодорхой хувиар бизнес эхлүүлэх гэж байгаа бол зоригтой байж, алдаанаасаа суралцаад урагшлах хэрэгтэй. Харин бүх өндгөө нэг сагсанд хийх гэж байгаа бол хянуур бай. Гэхдээ эрдэм шинжилгээний ажилтан биш учраас удаан бодолгүй хурдан эхлээд, бага багаар сайжруулаад явсан нь дээр” гэв.
Олон жилийн нөр их хөдөлмөрийн дараа бизнесүүд нь зөв системд орж, тэрээр группийнхээ ТУЗ-ийн даргын хувиар стратеги, бодлого төлөвлөлтөө хариуцаж эхэлснээр ажил амьдралаа 50:50 хувиар тэнцвэржүүлэх боломжтой болжээ. Долоо хоногт гурван удаа латин бүжгийн клубт явах нь эрүүл мэнддээ анхаарахын сацуу стрессээ тайлдаг түүний номер нэг хобби нь. Тийм ч учраас хар багаасаа дурласан бүжгийн хичээлээ тараад найзуудтайгаа байнга ордог жижигхэн кафед аяга кофе, амттанаар өөрийгөө шагнах дуртай гэнэ. Түүнчлэн завтай үедээ YouTube дээрх жороор амттай хоол хийж гэрийнхнийгээ дайлдаг тэрээр Япон хоолонд нугасгүй аж. Хүүхдүүдтэйгээ хувьчлан болзож байх шинэ төлөвлөгөөгөө бидэнтэй хуваалцах үеэр нь ажил амьдралын тэнцвэрийн тухай лавшруулан асуухад, “Амьдралын ямар үе шатад байгаагаасаа хамаарч хувь, хувьсгалын ажлынхаа тэнцвэрийг олох хэрэгтэй. Дөнгөж бизнесээ эхэлж яваа бол ажилдаа бүх цаг заваа зориулахаас өөр аргагүй. Гэхдээ энэ зуурт үр хүүхдүүддээ өөрийн биеэр үлгэрлэж, хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдгийг мэдрүүлэх нь чухал. “Аав ээж маань хөдөлмөрч учраас би ч бас хөдөлмөрлөх хэрэгтэй гэсэн бодлын үндсийг тархинд нь суулгаж чадвал хүүхдийнхээ хүмүүжилд санаа чилээх нь бага” гэсэн түүний яриа ажил хэрэгч аав ээжүүдэд тус болох болов уу. Түүний амьдрал хийгээд ажлын хамтрагч бол МУ-ын Хөдөлмөрийн баатар, Таван Богд группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан. Хүмүүс тэднээс нэг гэрийн хоёр хамт ажиллах нь ямар байдаг тухай их асуудаг бололтой. Тэрээр цааргалалгүй энэ сэдвийг үргэлжлүүлж, нэг мөрөөдөл, итгэл үнэмшилтэй учраас дутуугаа нөхөж, хамт ажиллахад түшигтэй байдаг тухайгаа илэн далангүй хуучлав. Түүний хань алсын хараатай, хурдтай, шаардлага өндөртэй хатуу самар бол тэрээр уян хатан, чамбай, нарийн төлөвлөлттэй сайн ар. “Ер нь эрчүүд том ан хийхээр зориглож, овоо хараандаа тэрхүү ангаа л онилж, алдахгүй намнадаг. Харин эмэгтэйчүүд жимс түүхдээ хүүхдээ харж, ангийн махаар хоол хийнгээ гэрээ цэвэрлэж, олон зүйлд зэрэг анхаарч чаддаг онцлогтой. Байгалийн энэхүү өгөгдөл ажил, амьдрал дээр ч ялгарч харагддаг шүү” гэх түүний ярианаас тэд өөрсдийн давуу талыг маш сайн хослуулдаг болох нь анзаарагдана. Би түүнээс 24/7 хамт байх ямар байдаг талаар наргиан болгон асуухад, тэдний хүү нь бага байхдаа “Аав ээж хоёр битгий орондоо хуралдаад бай” гэж загнаж байсан тухай бяцхан түүхээ инээмсэглэн өгүүлэв.
Үр хүүхдүүд нь сайн сайхан явах, шууд удирдлагад нь байсан залуус өсөн дэвших хоёроос хамгийн их урам авдаг түүний өөр нэгэн үүрэг бол Люксембургийн Их Гүнт улсын өргөмжит консулын алба юм. 2008 оноос хойш хашиж буй энэ албаараа дамжуулж олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдгийн нэг нь зүрх судасны өвчлөлийг бууруулах “Зайн оношилгооны төсөл”. Энэхүү төслөө 20 гаруй жил тасралтгүй амжилттай үргэлжлүүлж буйг нь сонсох бахтай байлаа. Ийнхүү түүний туулсан урт холын замын амжилтын томъёог асуухад тэрээр “Хандлага, чадвар, хүчин чармайлт гурвын үржвэр” хэмээн товч тодорхой хариулав. Хэрвээ хандлага тэгтэй тэнцвэл нийлбэр нь сөрөг гарна гэдгийг нэмж чухалчиллаа. 28 жилийн турш гаргасан түүний хариу үргэлж эерэг байсны нууц нь Д.Хулангийн бизнесийн алсын хараа, түүнд хүрэх хандлага зөв байсных биз ээ. Тэр бол “сайн нь агуу ихийн дайсан” гэдгийг мэддэг учраас өөрийгөө тасралтгүй хөгжүүлдэг “Хатагтай Дайчин”.
Дуртай загвар
Хувийн стилист Сүрээ маань миний дүр төрх, онцлог, амьдралын хэв маягт тохирсон лүүкүүдийг бэлтгэж өгдөг учраас би юу өмсөх вэ гэж эргэлзэж цаг алддаггүй. Мода хөөхөөс илүү балет үзэх гэж байгаа бол эрхэмсэг, сонгодог хувцас, ажлын уулзалтад очих бол ажил хэрэгч атлаа эмэгтэйлэг, найзуудтайгаа уулзах бол орчин үеийн трендтэй хөл нийлүүлэх гэх мэтээр тухайн арга хэмжээнийхээ сэдэвт тохируулж хувцаслахыг чухалчилдаг. Мөн Victoria Beckham, Jil Sander, Khaite зэрэг эмэгтэй дизайнеруудаа дэмжиж сонголтоо хийдэг.
Орох дуртай ресторан
“Японд амьдарч байсан учраас япон хоол идэх дуртай. Нагоми рестораныхаа салбаруудаар ойр ойрхон үйлчлүүлдэг”
Цүнхэндээ тогтмол авч явдаг зүйл
“Өдөр тутам надтай хамт байдаг зүйл бол миний ажил төлөвлөлтийн дэвтэр. Ажлаа чухлаас чухал биш, яаралтайгаас аажуу хүртэл нарийн цагийн хуваарийн дагуу төлөвлөж, гүйцэтгэлээ дүгнэх боломжтой байдгаас гадна өөрөөсөө асуух сэтгэлзүйн чухал асуултууд багтсан байдаг нь надад таалагддаг.”
“Өдөр тутам надтай хамт байдаг зүйл бол миний ажил төлөвлөлтийн дэвтэр. Ажлаа чухлаас чухал биш, яаралтайгаас аажуу хүртэл нарийн цагийн хуваарийн дагуу төлөвлөж, гүйцэтгэлээ дүгнэх боломжтой байдгаас гадна өөрөөсөө асуух сэтгэлзүйн чухал асуултууд багтсан байдаг нь надад таалагддаг.”
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт