The Odyssey киноны фэнүүдэд санал болгох кинонууд

Нээлтээ хийсэн даруйдаа кино ертөнцийг шуугиулж буй The Odyssey кино өчигдрийн байдлаар 1.1 тэрбум ам.долларын ашиг олсноор найруулагч Кристофер Ноланы өмнө нь бүтээж байсан The Dark Knight Rises киноны 1.008 тэрбум ам.долларын амжилтыг эвдлээ. Тус кино зураг авалтыг бүхэлд нь IMAX хальсны камераар авсан бөгөөд нийт 640 км урт хальсыг ашигласан байна. Кинонд эртний Грекийн ертөнцийг бодит болгохын тулд Грек, Итали, Марокко, Исланд, Шотланд зэрэг таван улсад зураг авалтаа хийжээ. Мөн кинонд гарах хөлөг онгоцны урт 35 метр, агуйн өндөр 29 метр, модон морь 10.7 метр өндөртэй байсан нь найруулагч Кристофер Нолан компьютер график ашиглахаас аль болох зайлсхийж бодит орчин бүтээхийг хүссэн нь харагдана. Киноны зөвхөн хувцасны багт гэхэд л 675 орчим хүн ажилласан ба нийт 5300 гаруй эртний өмсгөлийг бүтээжээ. Энэ мэтээр The Odyssey кинотой холбоотой сонирхолтой мэдээлэл дуусашгүй бөгөөд хэрэв таны таашаалд уг бүтээл бүрэн нийцсэн бол доорх кинонуудыг ч мөн үзэхийг санал болгож байна.


Troy (2004)

The Odyssey кино нь эртний Грекийн найрагч Хомерын ижил нэрт туулиас сэдэвлэсэн кино гэдгийг хүн бүр мэдэх биз. Тэгвэл Хомерын бичсэн өөр нэгэн тууль болох Илиадагаар сэдэвлэгдсэн, найруулагч Вольфганг Петерсений 2004 онд бүтээсэн кино бол Troy билээ. Энэхүү уран бүтээл нь эртний Грек улс Трой хот руу нууцаар дайрахдаа аварга модон моринд шилдэг дайчдаа нуун, шөнө дөлөөр эзлэхийн өмнөх үйл явдлыг харуулдгаараа онцлог билээ. Мөн энэхүү киноноос домогт баатар Ахилисын өөрийн үзэлдээ үнэнч чанар, улс орныг самаргасан хосын хайр, эзэнт гүрний доройтол, дайчин ахан дүүсийн зоримог тулаанууд нь таны сэтгэлийг догдлуулах нь гарцаагүй.


Ran (1985)

The Odyssey кино бүтээгдэхэд Японы домогт найруулагч Акира Куросавагийн Ran кино хамгийн их нөлөө үзүүлснийг Кристофер Нолан ярилцлагын үеэр дурдсан байдаг. Уильям Шекспирийн Лир Ван эмгэнэлт жүжгийн зохиолыг эртний Япон улсад өрнөж буйгаар өгүүлэх Ran кино хамгийн үзэмж төгс зураглалтай бүтээлүүдийн тоонд зүй ёсоор ордог билээ. Мөн хаан ширээний залгамж халаа, түүнээс үүдэх ахан дүүсийн улс төрийн тэмцэлдээнийг харуулах тус бүтээл танд агуу удирдагч байхын түмэн зовлонг зүрхэнд шингэтэл мэдрүүлэх биз.


O Brother, Where Art Thou? (2000)

Алдарт No Country For Old Men киноны найруулагчид болох Коэны ахан дүүсийн бүтээл O Brother, Where Art Thou? нь мөн Одиссей туулиас сэдэвлэгдсэн егөөдөлт инээдмийн драм төрлийн кино билээ. Гэвч үйл явдал нь эртний үлгэр домгийн ертөнцөд бус 1937 онд өрнөдөг нь тус киног илүү онцгой болгодог. Эртний домог туульсын хэв шинжтэй үйл явдал бодит хүний нийгэмд хэрхэн хоржоонтойгоор буусаныг үзэхийг хүсвэл таны хүслийн жагсаалтад байх ёстой бүтээлүүдийн нэг яах аргагүй мөн билээ.


The Last Temptation Of Christ (1988)

The Odyssey кино өндөр ашиг орлоготой, шилээвэр бүтээлийн тоонд зүй ёсоор орж байгаа ч зарим шүүмжлэгчид уг бүтээлийг эх зохиолын ариун яруу чанар нь алдагдсан, хэт энгийн харилцан яриатай хэмээн шүүмжилсэн байдаг. Үүнтэй адилаар дэлхийн хүн амын гуравны нэг нь шүтдэг агуу шашны гол шүтээн нь болох Христыг эгээтэй л та бидэнтэй адилаар сэрэл мэдрэмждээ хөглөгдсөн, хөнгөн гооной хүн байдлаар харуулдаг, найруулагч Мартин Скорсезийн 1988 онд гарсан The Last Temptation Of Christ кино танд нэгэн шинэ өнцгийг авчирч мэднэ. Гэвч энэхүү бүтээлийг шашны ариун үзэлт өнцгөөс бус, цэвэр хүмүүний талаас нь өөрсөдтэйгөө адилтгаж үзвэл ариусалд хүрч, бурхны дүрийг олохын тулд эгэл хүний хүсэл тачаал замналд нь хэрхэн бартаа болж, түүнийгээ даван гэгээрэлд хүрч буйг үзэх болно.

З. Зоригт

2026-08-12, 17:22