Хайх

Velin сэтгүүл: Цэцгэн дүрслэл хувцас загварт

Velin сэтгүүл: Цэцгэн дүрслэл хувцас загварт

Text: Ж.Булган


Xүн төрөлхтөн цэцгийг онцолсон нь: Цэцгийн дүрслэлтэй гоёл чимэглэл

Бурхан эмэгтэй хүний дараа бүтээсэн хамгийн үзэсгэлэнт зүйл бол цэцэгс юм хэмээн Кристиан Диор хэлсэнтэй та ч санал нийлэх биз ээ. Түүний хэлсэн энэ үг магтаал бус гоо зүйн гүнзгий эшлэл юм. Цэцгэн хээ болон цэцгэн хатгамал хувцас загварт хэдий үеэс эхэлж үүссэн талаар судалбал урлагийн түүхийн ном таныг янз бүрийн улс үндэстний соёл руу аваачих болно. Учир нь цэцгэн хээ, хатгамлын үүслийг судлахад бид зөвхөн нэг улс, нэг соёлын тухай бус, харин дэлхийн олон иргэншлийн огтлолцлуудыг хамаатуулах шаардлагатай. Энэтхэг гүнжийн дээл хувцасны олдвор, кимоно дээлийн угалзран харагдах цэцэглэж буй интоорын модны дүрслэл, мөн Elizabeth I-ийн хөрөг зургаас ч та цэцгэн хатгамалтай даашинзыг төвөггүй олж харж болдог нь энэ урлалын гүн үндсийг илтгэнэ. Гэвч тэднээр энэ бүх цэцгэн хатгамлын гарал үүсэл үл дуусна. Түүх илүү гүнзгийрнэ. Судлаачид цэцгэн хээ, хатгамал хятадад анх үүсэж торгоны замаар дамжиж Европ руу тархсан хэмээн тайлбарладаг бол зарим эрдэмтэд перс хивсний урлал дахь ургамал, цэцгийн хээг эх үндэс нь хэмээн тайлбарладаг. Гэвч аль ч орны эрдэмтдийн таамаг нэг л язгуур ойлголтод тулж ирдэг ба үнэн хэрэгтээ цэцгэн дүрслэл бол хүн төрөлхтний нийтлэг гоо зүйн илрэл байсан нь маргаангүй үнэн билээ. Эртний египетийн олдвороос эш татан тайлбарлавал цэцгэн хээ, хатгамал хувцас загварт буухаас өмнө үнэт эдлэл болон гоёл чимэглэлд анхлан нэвтэрч эхэлсэн байдаг. Зүү утас нийлүүлэх арга барилаас өмнө байгалийн баялгаа ашиглан цэцэг урласан өвөг дээдсийн түүх баялаг ажээ.

Эртний египетийн олдвороос эш татан тайлбарлавал цэцгэн хээ, хатгамал хувцас загварт буухаас өмнө үнэт эдлэл болон гоёл чимэглэлд анхлан нэвтэрч эхэлсэн байдаг. Зүү утас нийлүүлэх арга барилаас өмнө байгалийн баялгаа ашиглан цэцэг урласан өвөг дээдсийн түүх баялаг ажээ.

Velin сэтгүүл: Цэцгэн дүрслэл хувцас загварт (фото 1)
Эртний Египетийн Амарнагийн үе буюу МЭӨ 1340 он. Бадам лянхуа цэцэг болон үр, жимс дүрсэлсэн эмэгтэй хүнд зориулсан хүзүүний зүүлт.

Ахуйн хэрэглээнд гоо зүйн илэрхийлэл шингэсэн нь: 

Улс орон болгон өөрсдийн бэлгэдэл цэцгийг тунхаглаж, цэцэг бүр өөрсдийн гэсэн ямар нэг гүн утга агуулах болжээ. Юутай ч энэ бүх цэцэг дүрслэх арга барил хувцас загварт буухдаа анхлан (Хатгамлын аргаар) бүтээгдэж байсныг түүх гэрчилнэ.

Аль ч улсын соёл иргэншилд эрх ямбатан болон эгэл ардын анги давхарга байсаар ирсэн. Язгууртан байдлаа бусдад мэдрүүлэх үзэл санаа ч дэлхийн бүхий л хүний ухамсарт оршсоор ирсэн нь гэм биш ажээ. Тэгвэл эдгээр анги давхаргын чухам альхан хэсэгт худалдаа наймаачид багтаж байсан нь сонирхолтой сэдэв. Торгоны замаар дамжин өнгөрөх бөс бараа, торго дурдан тээвэрлэх наймаачдын эхнэрүүд харин тухайн үеийнхээ трендийг үүсгэж байсан гэж одоо цагт хошигнож яагаад болохгүй гэж. Торгоны замын олдворууд биднийг МЭ IV-V зуун руу хөтөлнө. Ромын эзэнт гүрэн нуран унасан 476 онд Истанбул буюу тухайн үеийн Констанинополь хот дан ганц Византийн төдийгүй өрнө дорныг холбосон дэлхийн төв байсан үеийг хувцас загварынхан мартаж үл болно. Энэ үед цэцгэн хатгамал дэлхий даяар нэгэн зэрэг нэн эрчтэйгээр хөгжиж эхэлжээ.


Амьтан ургамлын хээтэй торгон өмсгөл

Хятад улс торгон дээр цэцэг хатгаж ургамлын иш нахиаг дүрслэн буулгасан бол протестант шашин Европт түгэн дэлгэрэх үед сүмийн хамба нар хамгийн тансаг хээ угалзаар гоёдог байсны дунд цэцгэн хатгамал ч олон утгыг агуулж байсныг авч үзэх шаардлагатай. Цэцгийг яг жинхэнэ мэт дүрслэх үзэл санаа үүний дараа улам эрчээ авч уран зурагт бодит мэт зурах арга барил хөгжих үетэй зэрэгцэн хувцас дээр цэцэг хатгах нь өөрөө реализмын бас нэгэн жишээ болжээ. Уг нийтлэлээр та эртний Грекийн үеийн хувцаслалтыг салангид ойлгох хэрэгтэй. Учир нь грекчүүдийн үзэл санаа европыг хамарсан бурхны шашнаас өөр урсгалтай байсан төдийгүй тэдний ертөнцийг үзэх үзэл нь домог зүй, өөрсдийн бурхантай (Афина, Зевс, Найки г.м) салшгүй холбоотой. Эртний Грекийн хувцас урлалд цэцгэн хатгамал гэхээс илүүтэйгээр уран барилгад навч, мөчир, ургамал хийгээд цэцгэн дүрслэл түлхүү ашиглагддаг байсан юм.

Velin сэтгүүл: Цэцгэн дүрслэл хувцас загварт (фото 2)
“Йинпан эр” Энэхүү олдвор нь ойролцоогоор МЭ IV-V зуунд хамаарах Хятадын Тарим голын сав нутгаас олдсон занданшуулсан булш./Амьтан, ургамлын хээтэй торгон өмсгөл/

Хувцас загварт цэцгэн дүрслэл хэдий үеэс эхэлсэн талаарх нотолгоонд энэхүү олдвор түүхийн чухал баримт хэмээн авч үздэг төдийгүй Төв Ази болон Торгоны замын түүхийг судлахад ч чухал ач холбогдолтой. Энэхүү олдвор нь тухайн үед Зүүн болон Барууны соёлын солилцоо, худалдаа наймаа Хятад, Энэтхэг, Перс, Төв Азийн хооронд хэр идэвхтэй байсныг баталдаг ба худалдаачин эсвэл язгууртан хүний шарил байсан гэж таамагладаг.


Цэцгэн хатгамал хэтийдсэн чамирхал болсон нь: 

Цэцгэн хатгамлыг хувцас хэрэглээндээ хамгийн ихээр шингээсэн тив бол яах аргагүй европчууд билээ. Европт Сэргэн мандалт, Барокко, рококо үеүдэд цэцгэн хатгамал урьд өмнө байгаагүй тансаг түвшинд хүрсэн. Язгууртан бүсгүйчүүдийн даашинз дээрх торгон утсаар хатгасан, алт мөнгөөр шигтгэсэн цэцэгс нь бараг үнэт эдлэлтэй дүйцэхүйц үнэ цэнтэй байв. Өнөөдөр та Европын бүхий л алдартай түүхийн музейд ямар нэг язгууртан сэхээтэн бүсгүйчүүдийн хөрөг зургаас цэцгэн хатгамлыг харж болно. 1600-1700 оны Францын хэт их дэгжин байдал, хэл ам таталсан баярхал, гангараа, нүсэр том хормой, grand habbit гэх дэгжирхэл бароккогийн эхлэл үе гэж эрдэмтэд дуу нэгтэй тунхагласан байдаг. Гэвч энэ тансаг байдал дан ганц европын хувцас загварын дотоод хөгжил байгаагүй. 1602 онд байгуулагдсан Dutch East India Company Азиас торго, хээ угалз бүхий бөс бараа оруулж ирснээр Европын загварт шинэ өнгө төрх авчирсан. Иймд барокко үеийн тансаг хэв маяг нь үнэн хэрэгтээ дэлхийн худалдаа, соёлын солилцооны үр дүн байжээ.

Velin сэтгүүл: Цэцгэн дүрслэл хувцас загварт (фото 3)
Цэцгэн хатгамалт Мантуа даашинз 1730-1750 он.

Тухайн үеийн цэцгэн хатгамлыг хамгийн уран нарийнаар, тэр ч бүү хэл Энэтхэг, Хятадаас орж ирсэн цэцгэн хатгамлыг илүү баяжуулсан Англи, Франц уран гарт хатгамалчдыг бас мартах учиргүй. Угтаа цэцгэн хатгамлыг одоо цагт ч уран нарийнаар урладаг нь францчууд билээ.


Бодит мэт цэцэгсийн урлал

Гоо сайхан хийгээд бүсгүй хүний дотоод нандин байдлыг хувцсаар илэрхийлж болдгийн тод жишээ бол Япон соёл билээ. Япон эмэгтэйчүүдийн гоо зүйг магтан дуулж өөрийн гараар зурж буулгасан зураачдын тоонд Клауд Моне, Ван Гог хүртэл байдаг нь сонирхолтой. Гоо сайхан олон зүйлээр хэмжигдэж болдог тухай ойлголт ийн явсаар дэлхий бүхэлдээ ямар нэг соёл өөр бусад соёлуудаасаа заримыг хуулбарладаг болсон байж болно. Япон бүсгүйчүүдийн толгойн гоёлд цэцгэн унжлага байсан бол 1800-аад оны дунд үед англи хатагтай нар малгайн дээрээ бүхэл бүтэн цэцгийг баглааг овоолдог нь энэ өөрчлөлтийн илэрхийлэл байв. Эдгээр өөрчлөлтүүд яг хэнээс хэнд нөлөөлсөн бэ гэдгийг тодорхойлох боломжгүй ч, дэлхийн өнцөг булан бүрд ижил төстэй гоо зүйн шийдлүүд бараг нэгэн зэрэг хөгжиж байсан нь соёлын далд уялдаа холбоог илтгэнэ. Ийнхүү цэцгэн хатгамал нь аажмаар “дүрслэл”-ээс “биет” хэлбэрт шилжиж, даавуугаар цэцэг урлан хувцсанд оёж бэхлэх урлал бий болсон юм.

Velin сэтгүүл: Цэцгэн дүрслэл хувцас загварт (фото 4)
Английн зураач Сэр Томас Лоуренсийн зурсан Берригийн гүнгийн авхай Мариа Каролинагийн хөрөг 1825 он.
Velin сэтгүүл: Цэцгэн дүрслэл хувцас загварт (фото 5)
Гар урлалаар хийсэн цэцэгс, 1898–1935 он.

Цэцгэн хээ, хатгамал зуун дамнасан нь    

Гар аргаар цэцэг урлах нь хувцас загварын түүхэнд үнэтэй байр суурь эзэлдэг ба яг ийм төрлөөр буюу даавуугаар цэцэг бүтээдэг гар урлалын орднууд одоог хүртэл бий. Анхандаа гоо зүйн эрэл хайгуул байсан энэ арга барил удалгүй амьдралын хэрэгцээтэй огтлолцсон нь сонирхолтой. Дэлхийн I дайны хүнд жилүүдэд амьд цэцэг ховордож, хүмүүс даавуу өөдсөөр цэцэг урлан амь зогоож байсан нь энэ урлалын гашуун атлаа бодит түүхийн нэг хэсэг юм.

Velin сэтгүүл: Цэцгэн дүрслэл хувцас загварт (фото 6)

Харин дэлхийн дайнуудын дараа үйлдвэрлэл эрчимжиж, нийгмийн бүтэц өөрчлөгдөхөд эмэгтэйчүүд ажиллах хүчний томоохон хэсгийг бүрдүүлж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн хувцас загвар ч илүү практик, энгийн хэлбэр лүү шилжсэн бөгөөд хэт тансаг, нүсэр чимэглэлүүд аажмаар алдарчээ. XX зууны эхэн үеийн энэхүү өөрчлөлтийг цэцгэн хатгамлын хувьд “намжилт” гэж тодорхойлж болох ч, энэ нь бүрэн алга болсон гэсэн үг биш юм. Харин ч илүү даруухан, илэрхийлэл багатай хэлбэрээр оршин тогтносоор байв. Өмнөх барокко, рококо үеийн хэт тансаг цэцгэн чимэглэлүүдтэй харьцуулахад энэ үеийн загвар илүү хязгаарлагдмал, цэгцтэй болсон. Хувцасны түүх судлаачдын үздэгээр эмэгтэйчүүдийн хувцаслалтад “энгийн байдал” зонхилох болж, цэцгэн хатгамал нь бүхэл бүтэн гадаргууг бүрхэхээс илүүтэй, тодорхой хэсэгт төвлөрсөн нарийн деталь болон хувирчээ.

Velin сэтгүүл: Цэцгэн дүрслэл хувцас загварт (фото 7)
Дизайнер Адель Симпсон 1967
Velin сэтгүүл: Цэцгэн дүрслэл хувцас загварт (фото 8)
Samawa ноосон хүрэм 1970 он.

Цэцгэн хээтэй даавууны эрин

Ахуйн хэрэглээг илүүд үзсэн үзэл суртал хувцас загварт нөлөөлөөгүй гэж хэлбэл энэ нь жинхэнэ эндүүрэл билээ. Бүсгүйчүүд корсет өмсөхөө больж, Габриель Шанель биед амар хувцас урлаж “Хувцас энгийн байх ёстой” гэж хэлсэн байдаг ч үнэндээ дайны үед улс үндэстэн болгон чамин хувцсаа хадгалж хамгаалсан байв. Гэвч энгийн хэв маяг давамгайлсан энэ үеийг зөвхөн “даруухан загварын эрин” гэж ойлгох нь бас л дутуу дүгнэлт. Дайны хүнд жилүүдэд улс үндэстнүүд өөрсдийн гоёл, уламжлалт хувцсаа зөвхөн өмсөхөөс илүү хадгалж хамгаалах үйлдэлд шилжсэн нь соёлын гүн ухамсрыг илтгэнэ. Энэтхэг бүсгүйчүүд колонийн нөлөөн дунд ч үндэсний хувцсаа нандигнан хадгалж, япон эмэгтэйчүүд дайны үеэр өвлөж ирсэн кимоногоо хайрцаглан газар булж, Европт ч тансаг хатгамалтай даашинзнуудыг устгал, дээрмээс хамгаалан хадгалж үлдэхийг чармайж байв.

Velin сэтгүүл: Цэцгэн дүрслэл хувцас загварт (фото 9)
Кристиан Диорын урласан хэвлэмэл цэцгэн хээтэй даашинз "Eventail" 1956-1957 он. Дайны дараах Кристиан Диорын хувцас загварт оруулсан дахин сэргэлт хэмээн тайлбарладаг.

Энэ мэтчилэн үндэстэн болгоны эмэгтэйчүүдийн түүх яриа, дурсамж, аман уламжлал, үлдэж хоцорсон эд өлгийн зүйлсээр дамжин бидэнд ирсэн нь үнэн юм. Магадгүй тэр үед үйлдвэрийн оёдолчин эмэгтэй бүр “дахин хэзээ цэцэг хатгах бол” гэж дотроо бодож суусан ч байж мэднэ. Харин 1950-аад он гарч, дайн өндөрлөхөд загварын ертөнц дахин амьсгал авч эхлэв. Энгийн эсгүүр хадгалагдсан хэвээр байсан ч гоо зүйн илэрхийлэл буцан ирж, цэцэг дахин хувцсан дээр “дэлгэрэв”. Энэ удаа зөвхөн хатгамал бус, даавуун дээр хэвлэгдсэн цэцгэн хээ хүчтэй гарч ирсэн нь онцлог байлаа.

Цэцэгс даавуунд хэвлэгдэж, илүү хүртээмжтэй, илүү өргөн хэрэглээний хэлбэрт шилжсэн нь цэцгэн хээтэй даавууны шинэ эрин эхэлснийг илтгэнэ. Тансаг гар урлалаас эхэлсэн энэ түүх ийнхүү үйлдвэрийн технологитой нэгдэж, загварын өдөр тутмын хэллэг болон хувирсан юм. 

Одоо үе: Цэцгэн хээ угалз, хатгамал, гар урлал бүгд загварт нэгдсэн нь

Нийтлэлийн аялал маань энэ хүрээд жаргаж байгаа хэдий ч хувцас загварын аялал үл дуусах биз ээ. Тэр дундаа зуу зуун жил хувцас загварт дамнан ирсэн цэцгийн тухай энэхүү сэдэв магад үүрдийн сэдэв болой. Мэдээж энэ нийтлэл хэрхэн төгсөх гэж байгааг та шуудхан гадарласан байх. Тийм ээ, бид энэ жарны түүчээ болсон загварын орднууд хийгээд дизайнеруудыг дурдах гэж байна. Дэлхийн алдарт хувцас дизайнерууд олон зүйлсээс хөг авч бүтээлээ урладаг. Үлгэр домгоос, одон орноос, домогт дуучдаас, тэр бүү хэл киноноос санаа аван хувцас урласан дизайнерууд бий. Гэвч энэ дундаас хамгийн аугаа бүтээл туурвих ундарга, урам зориг, хөглөө бол хүмүүн бидний хувцасны түүх өөрөө билээ. Түүхэн үеийн хувцаснуудаас санаа авсан загвар гэж дүгнэхээс илүүтэйгээр бид өнгөрсөнд үлдсэн хувцас загварыг дахин олон янзаар батлан харуулж байгаа нэг ёсны мод салаалж буй үзэгдэл хэмээн тайлбарлаж болох юм.

Velin сэтгүүл: Цэцгэн дүрслэл хувцас загварт (фото 10)

Раф Симонсын бүтээлч захирлаар ахлуулсан Christion Dior Fall Haute Couture 2012. Энгэрийн цээживч болон даашинзны цэцэгсийг даавуугаар урлаж хатгасан ба нахиа болон цэцгийн ишийг хатгамлын аргаар бүтээсэн ингэхдээ чулуун жижиг чимэглэлүүдийг нэмж шигтгэсэн.

Энэ мэтчилэн халуун орны цэцэгсийг хувцас загварт шингээсэн Жон Галлиано, Сициль арлын цэцэгсийг тод томруунаар даашинз дээрээ дүрсэлдэг Dolce & Gabbana, Chanel-ийн нэрийн хуудас болсон Камелия цэцэгс хувцсаар нь амилж, Marc Jacobs загварын ордны бэлгэ тэмдэг хонин нүдэн цэцэг хийгээд түүнээс гаргаж авсан нэрийн үнэртэн, Louis Vuitton брэндийн үнэт өв болох арьсан эдлэл дээр буулгасан дөрвөн навчит цэцгийн дардас гээд олон олон цэцэгс загварт ийн буужээ. Эцэстээ загварын орднууд өнгөрснийг хуулбарладаггүй, харин түүнийг тайлж уншдаг мэт…

Цэцэгс ийнхүү хувцсан дээр буухдаа улирал дагахгүй, харин хүний дотоод мэдрэмжийг даган амьдардаг бяцхан бэлгэдлүүд гэж хэлж болох. Нэгэн үед бэлгэдэл байсан зүйл нөгөө үед гоо зүй болж, дараа нь дахин утга бэлгэшээл болон хувирна. Тиймээс энэ өгүүлэл төгсөж байгаа ч цэцгийн тухай түүх төгсөхгүй. Учир нь хувцас загвар өөрөө цаг хугацаанд үл захирагдах бидний дурсамж дотор үргэлж шинээр дэлгэрч байдаг цэцэг гэж орлуулан бичвээс хувцсан дээр буусан цэцэгс гандахгүй, харин үе үеийн загварын тайзнаа дахин дахин дэлгэрсээр байдаг. Магадгүй загвар өөрөө ч ийм л зүйл биз ээ.

цааш үзэх