19 дэх удаагийн Венецийн Архитектурын Биенналь эхэллээ

Арваннэгдүгээр сарын 23-ний өдрийг хүртэл үргэлжилнэ

Тавдугаар сарын 10-ны өдөр Венец хотноо олон улсын архитектурын 19 дэх удаагийн биенналь нээлтээ хийлээ. Энэ жилийн биенналийн куратороор Италийн архитектор, инженер, “Carlo Ratti Associati” студийн үүсгэн байгуулагч Карло Ратти ажиллаж байна. Тэрээр технологи, хот төлөвлөлт болон тогтвортой хөгжлийн огтлолцол дээрх төслүүдээрээ нэрд гарсан бөгөөд түүний энэ харах өнцөг нь үзэсгэлэнгийн ерөнхий концепцийн гол үзэл санаа болж өгсөн юм.

2025 оны биенналь “Intelligens. Natural. Artificial. Collective” гэх сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэнгийн гол зорилго нь өнөөгийн хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд архитектур хэрхэн дасан зохицож, өөрийгөө хөгжүүлэх боломжтойг байгалийн болон хиймэл оюун ухааны тусламжтайгаар шинжлэх явдал юм. Зохион байгуулагчдын онцолж буйгаар, уур амьсгалын хямрал болон нийгмийн өөрчлөлтийн энэ үед архитектур маш хурдтай хувьсаж, дасан зохицох шаардлагатай. Иймээс тус үзэсгэлэн нь салбар хоорондын хамтын ажиллагааг дэмжиж, архитекторууд, эрдэмтэд, уран бүтээлчид төдийгүй инженерүүд ч хамтдаа дэлхийн амьдралыг сайжруулах шийдлүүдийг эрэлхийлэхийг уриалж байгаа юм.

Биеннальд дэлхийн 65 улсын нийт 750 уран бүтээлчийн бүтээсэн 300 орчим төсөл дэлгэгдэх юм. Энэ жил анх удаагаа Азербайжан, Того, Оман, Катар зэрэг улс өөрсдийн үндэсний павильонуудыг толилуулж буйгаар онцлог болж байна.

Уламжлал ёсоор, үзэсгэлэн Венецийн Жардин цэцэрлэгт хүрээлэн, хуучин байлдааны усан онгоцны үйлдвэр байсан Арсенал болон Маргера цайз гэх үндсэн гурван талбайд байрлах бөгөөд 2025 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Ц. Усанболор

2025-05-12, 15:39