Гоёл чимэглэлийн ертөнцөд шинэ нэр: Навч брэндийн үүсгэн байгуулагч Г.Тэгштуяа

"Уламжлал"

Монголын загварын ертөнцөд өрнөж буй шинэ үйл явдал бүрийг уншигчиддаа таниулахыг зорьдог Бюро 24/7-гийн анхаарлыг Г.Тэгштуяа гэх залуу дизайнер татлаа. 2018 оны долоодугаар сард Герман улсын Дюссельдорфын их сургуульд гоёл чимэглэлийн дизайнераар бакалаврын зэрэг хамгаалсан Г.Тэгштуяа өдгөө Ariane Ernst гоёл чимэглэлийн брэндэд туслах дизайнераар ажиллахын сацуу өөрийн нэрийн Навч (@navch_design) брэндээ үүсгэн байгуулжээ."Ээжийн минь нэр байгаа юм" хэмээн Г.Тэгштуяа брэндийнхээ нэрийг бидэнд тайлбарлаж, анхны гоёл чимэглэлийн цуглуулгаа танилцуулсан юм. Бат бөх, зэвэрдэггүй ган материалаар хийсэн өлзий хээ бүхий ээмэг болон чокер, байгалийн чулуу мэт харагдах шилэн чимэглэлтэй бөгж зэрэг нь "Уламжлал" цуглуулгад багтсан бөгөөд энэхүү цуглуулгаас монгол үндэсний өв уламжлал болон орчин үеийн уур амьсгал хоорондоо хэрхэн төгс зохицож буй нь харагдана. Г.Тэгштуяа аксесуаруудынхаа дизайныг гаргахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн болох хүртэл бүхий л зүйлийг өөрийн гараар хийдэг бөгөөд ингэж түүний загварууд ахин давтагдашгүй, онцгой болдог байна. "Уламжлал" цуглуулга дахь ихэнх загваруудыг олон янзаар загварчлан зүүх боломжтой байдлаар хийсэн нь бидний сонирхлыг улам бүр татлаа.

Дизайнер Г.Тэгштуяа Герман улсад суралцаж байх хугацаандаа уран бүтээлээ олон нийтэд таниулах зорилгоор 2016 онд Амстердам хотноо зохион байгуулагдсан "Sieraad" олон улсын гоёл чимэглэлийн үзэсгэлэн, 2017 онд Дюссельдорфын Урлагийн музейгээс зохион байгуулсан "Klunkerbunker" үзэсгэлэн, 2018 онд Австрийн Вена хотод зохион байгуулагдсан "Momentaufnahme" зэрэг олон улсын үзэсгэлэнгүүдэд оролцжээ.

Навч брэндийн Монгол дахь анхны зураг авалтыг гэрэл зурагчин Б.Очхүү авч, нүүр хувиргагчаар Номин, загвар өмсөгч Б.Цэрэндолгор оролцсон бол, стилистээр Г.Тэгштуяа өөрөө ажиллажээ. Цаашид дизайнер бүсгүй Герман улсад мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ Навч брэндийн үйл ажиллагаан дор монголын өв соёл, уламжлалыг дэлхий дахинд таниулах зорилготой гэдгээ бидэнтэй хуваалцсан юм.

Дашрамд дуулгахад, есдүгээр сарын 15-нд буюу ирэх бямба гаригт Downtown барилгын II давхарт байрлах New Avenue ресторанд Навч брэнд шинэ цуглуулгаа танилцуулахаар болжээ. Энэхүү танилцуулга үйл ажиллагаа нь 13-18 цагийн хооронд үргэлжлэх ба очихыг хүссэн хэн бүхэнд нээлттэй юм.

Ц.Намуун

2018-09-13, 14:53