Загварын туршилт: Aав, ээжийн хуучин хувцас + Futuristic Type брэнд

Берлин рүү нүүхдээ ачаандаа арай хийн багтаан хэдэн нандин зүйл авч ирсэн нь аав, ээжийн хуучин хувцаснууд: 20, 30 жилийн түүхтэй, томдсон, өргөн мөртэй, бага насны дурсамжид бүдэг бадаг үлдсэн, гэр бүлийн зургийн цомгоос хааяа олж хардаг, хоймрын авдар эсвэл хувцасны шүүгээний харанхуй буланд эвхээстэй байдаг байсан хуучин хувцаснууд. Тэдний залуу насны тодхон дурсамжийг, "өнгөрснийг", тэртээх он жилүүдийг бэлгэдэх, харин одоо "минийх" гэгдэж, амьдралын минь нэг хэсэг болж, "биеийг" минь, үзэл санааг минь илтгэх болсон хуучин хувцаснууд. 8, 9 жилийн өмнө аав, ээжийнхээ хуучин хувцсыг өмсөж эхлэхдээ зөвхөн өнгө, материал, загварт нь дурладаг байв. Гэвч одоо эдгээр хувцаснуудыг өмсөх өөр олон шалтгаанууд нэмэгдсээр...

Хувцас, хувцаслалтыг "эдийн соёл" гэсэн утгаар нь авч үзвэл тухайн улс, соёлоос хамаараад өөр тайлбарууд гарч ирнэ. Полинез ард түмний нэгэн итгэл үнэмшлээр бол хувцсанд өөр цаг үе, өөр газарт буй хүмүүсийг хооронд нь холбох хүч байдаг байна. (Küchler, 2005) Хэдийгээр энэ нь Полинез ардын итгэл үнэмшил боловч гэрээсээ хол, 8000 гаруй километрийн зайд суухад аав, ээжийн хуучин хувцаснууд надад хань болох шиг санагдаж, өрөөнд минь өлгөөтэй байхыг нь харах, хаашаа ч юм өмсөөд гарах эсвэл аяллаар явахдаа цүнхлээд явахад нөмөр нөөлөг, түшиг тулгуур мэдрэгдэнэ.

Ер нь хуучин хувцас өмсөхийн давуу тал их. Эдийн засагт хэмнэлтэй, байгаль орчинд ээлтэй. Өнөөгийн хэрэглэгчдэд хувцас худалдан авалтын тал дээр цөөхөн хэдэн сонголт бий. Fast Fashion буюу "Хурдан загвар" -ын хөлийг гүйцэх гэж сар, улирал тутам гарах шинэ загварын хойноос гүйн, хувцас үйлдвэрлэлийн "аварга" том брэндүүдэд мөнгөө тушаах, аль эсвэл "хөгжиж буй" аль нэг оронд, бага насны хүүхдүүд, голдуу эмэгтэйчүүд маш бага хөлсөөр өдөр шөнөгүй ажиллаж хийсэн "хямд" хувцаснууд мөн хаана үйлдвэрлэгдсэн нь мэдэгдэхгүй, хэд өмсөөд хог дээр хаягдах, "богино настай" хувцаснуудыг олдоц ихтэй, хямдыг нь бодож худалдан авах гэх мэтчилэн. Гэвч нөгөө талаар олон оронд чанартай хуучин хувцсыг бага мөнгөөр худалдан авч өмсөх нь хэвийн үзэгдэл болсон төдийгүй ингэснээр утга учиргүй, зах замбараагүй үйлдвэрлэгдэх шинэ хувцас худалдан авахаас зайлсхийж байгаа юм. Харин монголчууд хуучин хувцас, тэр тусмаа өмнө нь хэнд харьяалагдаж, ямар хүн өмсөж байсан нь мэдэгдэхгүй хувцас, эд хэрэглэлийн тал дээр их болгоомжтой ханддаг. Жишээ нь, тухайн хувцасны өмнөх эзэн нь өвчин зовлонтой, "муу, муухай" хүн байсан бол тэр "хар энерги" нь хувцсанд нь шингэж наалдсан байвал яах вэ, ер нь ямар ч хүн өмсөж байсан юм билээ гэх мэтчилэн болгоомжилдог учраас хуучин хувцасны бизнес төдийлөн хөгждөггүй байх. Гэвч энэ тохиолдолд өөр нэг сонголт бий бөгөөд гэр бүлийнхэн, ойр дотныхоо хүмүүсийн өмсөхөө, таарахаа больсон чанартай хувцас, хэрэглэлийг "хуучин" гээд зүгээр хаялалгүйгээр үргэлжлүүлэн, үе дамжуулан өмсөж, хэрэглэх нь тохиромжтой байж болох юм.

Ийнхүү аав, ээжээсээ "өвлөж" авсан зарим хувцаснуудаа би энэ удаад "Futuristic type" брэндийн загваруудтай хослуулан, шинэ өнгө төрх, хэв маягтайгаар танилцуулж байна. Тухайн брэндийн загваруудыг зөвхөн Монголд үйлдвэрлэгдсэн, ирээдүйн хэв загвартай гэдэг утгаар нь өмсөж, хэрэглэдэггүй бөгөөд энэхүү брэндийн цаана байх илүү том зорилгыг үнэлж, зөвхөн хувцас загвар төдийхөн биш сансар огторгуй, техник, технологи, шинжлэх ухаан гээд бүхэл бүтэн амьдралын хэв маягийг илэрхийлэх гэсэн дизайнерынх нь тэмүүллийг дэмждэг юм. "Futuristic type"-ийн загвар бол "ирээдүйн боломжит нэгэн хувилбар" бөгөөд ирээдүйн өнгө төрх, хэлбэр дүрсийг илтгэн, ирж яваа цагийг бэлгэдэж буй юм.

Тиймдээ ч миний аль хэдийн хэдэн арван жилийг элээсэн ч чанараа алдаагүй "өнгөрснийг илтгэх" хуучин хувцас өмсөж, хэрэглэх гэсэн хүсэл, мөн "Futuristic type" брэндийн одоо ч, ирээдүйд ч өмсөхүйц "урт настай", чанартай хувцас урлах гэсэн зорилго хоорондоо ийнхүү зохицож буй юм. Харин ээжийн минь торгон цагаан цамц, урт ханцуйтай өвлийн даашинз, хуниастай ягаан юбка, аавын минь өргөн мөртэй саарал хүрэм "Futuristic type"-ийн огторгуйн мөнгөлөг хүрэм, нисгэгчийн малгай, шөнийн тэнгэрийг илтгэх сар, од эрхсээр чимэглэсэн цамц, "Futurist 01", "Player 01" зэрэг зарим загваруудтай өнгө, материалын хувьд хэрхэн зохицох бол гэдэг нь сонин.

 

Э.Золжаргал

2018-05-21, 14:00

  • Фоторедактор: Nanogame
  • Туслах зурагчин: Э.Болор-Эрдэнэ, Anna Jentsch
  • Зураг: Björn Reichhardt