Бюро 24/7 тойм: Monalun брэндийн 2017 оны зуны капсул цуглуулга

"Нүүдлийн тогоруу"

Загварын ачаар бид өдөр тутмынхаа нэгэн хэвийн хэмнэлийг түр мартаж, хэсэг хугацаанд ч болов уу өөр ертөнц руу умбадаг. Гоёмсог загвар ба зургуудаараа бидний амьдралыг чимдэг загварын салбар нь үймээн, шуугианаар элбэг болсон их хотын завгүй өдрүүдэд баяр баясгалан авчирч, өнгө нэмдэг болжээ. Ийм төрлийн эерэг уур амьсгал цацруулдаг дотоодын цөөн брэндүүдийн нэг бол яахын аргагүй Monalun юм. Үргэлж өөдрөг уур амьсгалтай, өнгөлөг хувцас санал болгодог брэндийн үүсгэн байгуулагч Б.Номунгэрэл энэ удаад бидний ой ухааныг хөвсгөр өд, тод өнгө ба зугаатай эсгүүрээр сатааруулж байна. Тэрээр 2017 оны зуны улиралд тив дамжин нүүдэллэдэг тогоруу шувуунаас санаа аван, капсул цуглуулга бүтээж, каталогийн зураг авалтaa танилцууллаа.

Нийт хоёр хэсгээс бүрдэх цуглуулгын эхний хэсэгт Mongolia's Next Top Model шоу нэвтрүүлгийн оролцогч Э.Оюунбилэг гол дүр гүйцэтгэж, өд ба хатгамлаар баялаг эмэгтэйлэг хувцаснуудыг амилуулжээ. Өдөр тутмын болон үдшийн загварууд хосолсон шинэ цуглуулгад ерөнхийдөө сонгодог эсгүүр давамгайлж, өрнө дорнын хэв маяг бүхий материал ба хатгамалтай хосолсон байлаа. Гэхдээ загвар бүрийг нэгтгэж, содон болгож байсан ганц зүйл бол өд юм. Юбканы эмжээр, топны энгэр, даашинзны ханцуй хэсгээр орсон өдтэй элемент нь цуглуулгыг дахин давтагдашгүй болгож, орчин үеийн аяс нэмсэн харагдлаа. 

Б.Номунгэрэл мөн шинэ цуглуулга бүрээ өвөрмөц хийцтэй аксесуараар баяжуулж, хувцаснуудаа сонирхолтой байдлаар загварчилдаг уламжлалтай. Сандаалтай хослуулсан урт оймс, тод өнгийн пом-помоор чимэглэгдсэн хуруугүй бээлий зэрэг нь хувцаснуудыг илүү дэггүй харагдуулж, дулаан өдрүүдэд хэрэгжүүлж болом зугаатай санаануудыг өгч байлаа.

Цөөн тоогоор гарах уг капсул цуглуулгын хоёрдугаар хэсгийг бид тун удахгүй танилцуулах болно. Шинэ загварууд хараахан худалдаанд гарч амжаагүй байна.

Загвар өмсөгч: Э.Оюунбилэг "Mongol Model Agency"
Зурагчин: Б.Бату "Venlis Mongolia Studio"
Нүүр будалт: Isabella Bella "Bella Art Academy"
Үс засалт: Г. Гансүлд "Le Beautique Spa"

Ө.Тодгэрэл

2017-05-29, 18:52