Нижгэнэсэн алга ташилт хүртсэн Richard Quinn-ы загварын шоу

“House of Quinn”

Өнгөрөгч Бямба гарагт Лондон хотноо Richard Quinn брэндийн намар-өвөл 2020 улирлын загварын шоу болж өнгөрлөө. Хүсэл эрмэлзлээр бялхсан залуу дизайнер Ричард Куинн загварын шоугаа "House of Quinn" гэх нэр дор зохион байгуулсан бөгөөд тайзнаа гарах моделиудын стайлингийг алдарт Карин Ройтфельд хариуцан ажиллажээ.

Хөлөөс толгой хүртэл сувдан хатгамлаар бүрхэгдсэн, тод өнгийн цэцгэн хээтэй торгон даашинзаар гоёсон, мөн өдөн чимэглэлтэй үслэг хүрэм өмссөн моделиуд яг л улаан хивснээ алхаж буй мэт сүрлэг харагдаж байсан ч дизайнерын хэлснээр эдгээр нь "өдөр тутамд өмсөх зориулалттай кутюр загварууд" аж. Гарьхан цэцэгс болон цуглуулгын онцлох хээнүүдээр чимэглэсэн өвөрмөц загварын тайз, Английн дуучин Ханна Грейсийн нууцлаг аялгуу, тачаангуй уур амьсгал бүрдүүлэх хар бараан тайзны тусгал гээд хүрэлцэн ирсэн зочид Ричард Куинны ертөнцөд бүрэн уусаж чадсан бөгөөд загварын шоу өндөрлөсний дараа дизайнерыг нижгэнэсэн алга ташилтаар урамшуулсан юм.

Buro.Mongolia

2020-02-17, 11:00