Эмми 2026: Онцлох маникюрын шийдлүүд
78 дахь удаагийн Эммигийн улаан хивсний ёслол 2026 оны есдүгээр сарын 14-нд АНУ-ын Лос-Анжелес хотын "Peacock" театрт амжилттай болж өндөрлөлөө. Тус наадмын улаан хивсний ёслолд алдартнууд тод өнгийн, дахин давтагдашгүй өвөрмөц маникюр гэхээс илүү сонгодог хуучиршгүй хэв маягийг өөрсдийн онцлог төрхдөө тохируулж шинэчлэн иржээ. Ингээд уншигч танд энэ жилийн улаан хивсний ёслол дахь алдартнуудын голлох маникюрын шийдлүүдийг хүргэж байна.
Зөөлөн металл гялбаа бүхий маникюр
Хумсны будгийн өнгө гэрлийн нөлөөнд хувирч, металл мэт гялалзах нь шинэ зүйл биш ч энэ удаа илүү зөөлөн хувилбараар эргэн ирж байна. Тухайлбал Селена Гомезийн өмссөн Louis Vuitton брэндийн алтлаг даашинзанд тохируулж, маникюр артист Том Бачик “Sunset Frost” буюу жаргаж буй нарны туяа хэмээх хумсны будалтыг бүтээжээ. Уг будалт нь гэрэл тусах үед солонгорон гялтганаж бүдэг ягаан, алтлаг өнгийн шилжилтээр тодрон харагддаг онцлогтой байлаа.


Цахим орчинд тренд болоод буй тус будалтыг урлахдаа энгийн алмонд хэлбэртэй хумсыг шаргал ягаавтар туяатай будгаар будаж, илүү гялалзуулахын тулд хумсны тунгалаг өнгөлөгч болон хумс бэхжүүлэх тос ашиглажээ.
Зөөлөн өнгө болон хромын хоршил
Зөөлөн өнгөний эрин үргэлжилсээр л байна. Арга хэмжээний үеэр сүүн цагаан өнгөөр хумсаа гоёсон оддоос эхлээд зөөлөн ягаан өнгөн дээр гялалзуулагч нунтаг давхарлаж өнгөлсөн алдартнууд ч цөөнгүй байлаа.


Суприя Ганешийн “Сүүн хром” будалт түүний Alexander МcQueen брэндийн цайвар цэнхэр даашинзтай нь хосолжээ. Тэрээр маш зөөлөн сүүн ягаан, цайвар өнгийн суурь дээр сувд мэт гялалздаг хром нунтаг түрхсэн нь хумсыг гэрэл тусах бүрд зөөлөн гялалзуулж, ерөнхий төрхийг илүү цэвэрхэн харагдуулжээ.
Фрэнч будалт одоо ч сонгодог сонголт хэвээрээ
Сонгодог фрэнч маникюр улаан хивсийг чимсээр байна. Сиара Миллер уламжлалт цагаан хувилбарыг сонгосон бол харин Аллисон Женни хар френч будалтыг сонгож сонгодог маникюрийн шийдэлд өнгө нэмжээ. Энэ улиралд фрэнчийг шинэчлэх хамгийн энгийн арга нь хэлбэрийг нь өөрчлөх бус, үзүүрийн өнгийг солих байлаа. Хар, бор, улаан эсвэл металлик өнгөөр будалтаа сонгоход л уламжлалт фрэнч будалт илүү орчин үеийн харагдаж болох юм.




Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт