Tradwife: Тулгалт уу? Сонголт уу?
Яагаад залуу эмэгтэйчүүд карьерын хойноос хөөцөлдөхөөс илүүтэй гэрийн эзэгтэйн амьдралыг сонгох болов?
Сүүлийн үед цахим орчинд нэгэн сонирхолтой дүр зураг улам ихээр тодрох болжээ. Карьер, санхүүгийн хараат бус байдал, өөрийгөө хөгжүүлэхийг эрх чөлөөний илэрхийлэл гэж үздэг байсан үеийнхний дараа зарим залуу эмэгтэйчүүд эсрэг чиглэл рүү хандаж байна. Тэд ажил, карьерын төлөөх уралдаанаас татгалзаж, гэр бүл, хүүхэд, гэр орноо авч явах зэрэг өдөр тутмын амьдралыг сонгох болжээ.
Энэ хэв маягийг “Tradwife” хэмээн нэрлэдэг бөгөөд traditional wife буюу уламжлалт эхнэр гэсэн үгийн товчлол юм. Өөрөөр хэлбэл гэр бүл, үр хүүхэд, гэр орны амьдралдаа түлхүү анхаарч, өрхийн өдөр тутмын ажлыг хариуцах сонголтыг илэрхийлнэ. Өглөөний цай бэлтгэх, талх нарийн боов хийх, гэр орноо цэвэрлэх, хүүхдээ асрах зэрэг өдөр тутмын амьдралаа харуулсан бичлэгүүдээр дамжуулан энэ хэв маяг сошиал орчинд улам бүр түгээмэл болж байна. Иймд сэтгэлзүйч Лариса Каравейцевагаас дээрх чиг хандлага яагаад олон эмэгтэйчүүдийн анхаарлыг татаж байгааг тодруулъя.

“Чи чадна” хэмээх үг “чи тэгэх ёстой” гэдгээр солигдсон нь
Эмэгтэйчүүдэд боловсрол эзэмших, ажиллах, өөрийн гэсэн орлоготой болох, карьер бүтээх боломж нээгдсэн нь мэдээж эрх чөлөөний том алхам байсан. Гэсэн ч өнөөгийн нийгэмд зарим эмэгтэйчүүдийн хувьд энэхүү дүр төрх ядарсан, ажлын хуваарь нь дүүрсэн эмэгтэйн дүр зураг болон хувирсан. Мэдээж энэ нь бидэнд өмнөх үеийн эмэгтэйчүүдтэй харьцуулахад маш олон боломжийг олгосон. Тухайлбал, боловсрол эзэмших, бие даан амьдрах, мэргэжлээ сонгох, карьер хөөх, нөхрөөсөө эдийн засгийн хараат бус байх боломжийг өгсөн.


Гэвч энэ нь “чи чадна" биш “чи тэгэх ёстой", “чи хийх ёстой" гэх дарамт болж хувирсан. Хүний төсөөлсөн төгс “би” болон бодит амьдралын хоорондын зай ихсэх тусам “би хангалттай амжилттай биш”, “би хангалттай бүтээмжтэй биш”, “би хангалттай сонирхолтой биш”, “би амьдралаа бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна” гэсэн мэдрэмжийг төрүүлж эхэлдэг. Тиймээс зарим эмэгтэйчүүдийн хувьд амбиц, карьераас татгалзах нь ухралт биш, харин өөртөө тавьсан шаардлагаасаа түр ч болов чөлөөлөгдөх оролдлого байж болох юм.
Тэгвэл уламжлалт гэрийн эзэгтэйн амьдралын хэв маягт яагаад татагдах болов?
Tradwife контент нь гэр бүлийн өдөр тутмын амьдрал, ахуйн баяр баясгалан, хүүхэд өсгөх үйл явцыг дүрсэлсэн байдаг. Энэ концепцд ажлын чат, түгжрэл, оффис, хурлын өмнөх түгшүүрт байдал зэргийг огт тусгадаггүй. Орчин үеийн ажил хөдөлмөр ихэвчлэн хийсвэр шинжтэй болсон. Өдөржин чатанд хариу өгч, дуудлага хийж, бичиг баримт зөвшилцөн ажиллачхаад орой нь “би өнөөдөр яг юу бүтээв?” гэдгээ тодорхой ойлгохгүй байх үе олонтоо. Харин гэрийн ажил үүнээс огт өөр. Жишээлбэл, гурилаар талх хийж, бохир өрөөнөөс цэвэрхэн өрөөг бий болгодог. Ингэснээр хийж буй үйлдлийнхээ тодорхой үр дүнг урьдчилан таамаглах боломжтой байдал, өөрийн хийсэн зүйл шууд утга учиртай байгааг мэдрэх боломж бүрддэг. Хүн байнга сонголт хийж, өрсөлдөж, ирээдүйгээ төлөвлөж, тодорхойгүй нөхцөлд амьдрах шаардлагатай болсон өнөөгийн нийгэм дунд ийм төрлийн амьдрал нь сэтгэлзүйн хувьд илүү аюулгүй, тогтвортой орчин мэт мэдрэгдэж болох юм.

Tradwife үзэгдлийн түгээмэл болж буй шалтгааныг зөвхөн консерватив хандлага руу чиглэсэн өөрчлөлт хэмээн тайлбарлах нь учир дутагдалтай. Энд өөр нэг механизм ч үйлчилж байж болох. Залуу эмэгтэйчүүд өөрсдийн өмнө нэгэн тодорхой амьдралын жишээг олж харсан. Тэд ажлаасаа байнга ядарч туйлдсан, өөрийнхөө улам бүр “сайжирсан” хувилбарыг бүтээхийн төлөө эцэс төгсгөлгүй уралдаж, өөрийн хүч чадал, бие даасан байдал, эрх чөлөөг дахин дахин батлах шаардлагатай эмэгтэйчүүдийг олж харсан. Харин тэд энэ замыг давтахыг огтхон ч хүсээгүй. Ингэснээр дээд үеийн эмэгтэйчүүдийн амьдралын жишээ залуу эмэгтэйчүүдийг яг адилхан амьдрахад урамшуулаагүй, харин ч эсрэгээрээ амьдралаа өөрөөр зохиоход түлхэц болсон байж болно.
Хэрэв бидний ээж, эмээ нар бие даасан, амжилттай, хараат бус байх эрхийн төлөө олон үе дамжин тэмцэж ирсэн бол өнөөдөр зарим залуу эмэгтэйчүүд энэ загварын эсрэг туйл мэт харагдах дүр төрхийг сонгож байна. Тиймээс tradwife хэв маягийн бичлэг хийж буй эмэгтэй заавал “эрэгтэй хүн гэр бүлийн тэргүүн байх ёстой” гэсэн санааг хадгалж байгаа хэрэг биш. Тэрээр “би хаашаа ч яарахгүй байж болох уу?” хэмээх санааг хадгалж байгаа хэрэг юм.
Гол асуудал нь уламжлалт гэрийн эзэгтэй ч гэсэн ажил хийдэг
Гэхдээ уламжлалт амьдралыг үзэсгэлэнтэйгээр дүрсэлсэн тэрхүү зураглалд нэг зүйл бий. Гэр орон өөрөө өөрийгөө аваад явж чадахгүй. Хэн нэгэн хоол хийх, хүнс цуглуулах, хувцас угаах, хүүхдээ эмчид үзүүлэх цаг товлох, шүдний оо хэзээ дуусахыг санах, төрсөн өдрийн арга хэмжээ зохион байгуулах, маргааш гэр бүлээрээ юу идэхээ шийдэх хэрэгтэй болдог.
OECD буюу эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын мэдээлснээр, хөгжингүй орнуудад ч эмэгтэйчүүд цалингүй гэрийн ажил болон ойр дотнынхоо хүмүүсийг асран хамгаалахад өдөрт дунджаар дөрвөн цаг орчим, харин эрэгтэйчүүд хоёр цаг орчим зарцуулдаг байна. Өөрөөр хэлбэл, оффисын ажлаас татгалзах нь заавал ажил хөдөлмөрөөс бүрэн татгалзаж байгаа гэсэн үг биш юм. Заримдаа энэ нь ердөө л цалинтай эдийн засгаас цалингүй хөдөлмөр рүү шилжиж байгаа хэрэг. Тиймээс энд сонголт ба тулгалтыг ялгах нь онцгой чухал байр суурийг эзэлж байна.


“Би гэр орноо авч явахыг хүсэж байгаа тул бид гэр бүлийн хүнтэйгээ ярилцаж, амьдралаа ингэж зохион байгуулсан учир би үүнийг хийж чадна” гэдэг нь сонголт юм. Харин “эмэгтэй хүн зөв амьдрахын тулд нөхрөө халамжлах ёстой. Тэгэхгүй бол ямар нэгэн буруу зүйл байна” гэж бодох нь тулгалт юм.
Шинэ эрх чөлөө – заавал уламжлалт арга барил биш
Асуудал нь карьертай эмэгтэйн амьдрал уу, гэр бүлийн амьдрал уу гэдэг загваруудын аль нэгэнд нь биш. Харин тэр загваруудын аль нэг нь цорын ганц зөв сонголт болж хувирахад асуудал үүсдэг. Эдгээр хоёр хувилбар хоёулаа амьдралын боломжит хувилбаруудын нэг байхаа больж, заавал дагах ёстой зүйл болон хувирсан мөчөөс эхлэн сэтгэлзүйн хувьд аюултай болж болно.
Жинхэнэ эрх чөлөө гэдэг нь нэг л “гоё” дүр зураг сонгож, түүнийгээ насан туршдаа дагаж, түүнд нийцэх шаардлага дуусах тэр цэгээс эхэлдэг. Дэлхий ертөнц эмэгтэй хүн амьдралаа өөрөө сонгож чадна гэж олон жилийн турш ярьсан юм бол эцэст нь түүнд үүнийгээ хийх эрхийг нь олгох хэрэгтэй.


Эцэст нь хэлэхэд эмэгтэй хүн карьер хөөж, санхүүгийн хувьд бие даасан амьдралыг сонгох уу, эсвэл гэр бүл, үр хүүхэд, гэр орондоо илүү их цаг зориулсан амьдралыг сонгох уу гэдэг нь зөв, буруугийн тухай асуудал биш. Хамгийн чухал нь тэрхүү сонголт өөрийнх нь хүсэл, үнэт зүйлтэй нийцэж байна уу гэдэгт оршино.
Хэн нэгэнд карьер, амжилт, шинэ зүйл бүтээх нь аз жаргал байж болох бол өөр нэгэнд гэр бүлдээ цаг зориулж, гэр орноо өөрийн хүссэнээр авч явах нь амьдралынх нь хамгийн үнэ цэнтэй хэсэг байж болно. Мөн дээрх хоёрын аль нэгийг заавал сонгох гээд хичээх шаардлагагүй. Хүн өөрийн амьдралын хэмнэлийг өөрөө тодорхойлж, карьер, гэр бүл, хувийн орон зайгаа хүссэнээрээ хослуулж болно.