Хайх

Нью-Йорк: 2027 оны хавар-зуны загварууд

Нью-Йорк: 2027 оны хавар-зуны загварууд

Khaite, Calvin Klein, Ralph Lauren болон бусад

Text: Ж.Булган


Нью-Йоркийн загварын долоо хоног амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уламжлал ёсоор тус долоо хоногийн үеэр Ralph Lauren, Tommy Hilfiger, Ralph Lauren зэрэг хэн бүгдийн сайн мэдэх брэндүүд өөрсдийн 2027 оны хавар-зуны загваруудаа танилцуулcан бол Altuzarra, Khaite зэрэг залуу брэндүүд өнгө төрх, чиг хандлагаараа олны анхаарлыг нэлээдгүй татлаа. Дараа оны хавар-зуныг эдгээр брэндүүд хэрхэн тодорхойлсныг хамтдаа харцгаая.


Carolina Herrera

Даашинз урлалын загварын орднууд дундаас өөрсдийн хэв маягаар ялгарсаар ирсэн Carolina Herrera энэ удаад илүү цэгцтэй, өдөр тутмын гэж тодорхойлж болох загваруудыг танилцууллаа. Даашинз болон ажил хэрэгч загваруудаа бүтээхдээ сонгомол байдлаар тодорхой хэсэгт чимэглэл нэмж, дийлэнх загварууд нь бэлхүүс нарийн, цээж болон хөлийн харьцааг тодотгох тэгш хуваалтуудаар цуглуулгаа бүрдүүлжээ.


Altuzarra

Эрэгтэй байкер хүрэмтэй хамт эмэгтэйлэг А хэлбэрийн даашинз өмсүүлсэн эхний гарааны загвараас харахад Altuzarra брэнд ирэх жилийг илүү эрх чөлөөтэй, дүрэмд баригдаагүй хувцаслалтаар тодорхойлж буй нь илт байлаа. Том аралтай савхин бүсийг бэлхүүс хэсэгт бус ташаа хэсэгт тэлээлж, график дүрслэлтэй торгон майкыг харандаа хэлбэрийн юбкатай хослуулж илүү сахилгагүй, нэг хэв шинжид үл баригдах загварууд олонтоо ажиглагдлаа.


Ralph Lauren

Улирал бүр алтлаг өнгийг хамгийн тансаг хэлбэрээр онцолдог Ralph Lauren энэ удаа ч уламжлалаасаа гажсангүй. Цээж богино эсгүүртэй алтлаг өнгийн хүрэм, шар атлас даавуугаар урласан урт даашинз зэрэг нь тансаг байдлыг өдөр тутмын хувцаслалтад уусгах брэндийн арга барилыг илэрхийлнэ. Түүнчлэн V хэлбэрийн богино хантааз, жаккард хүрэмтэй харгалзуулсан өргөн жийнсэн өмд танилцуулсан нь онцлох загваруудын нэг байв. 


Diane von Furstenberg

Тус брэндийн шинэ бүтээлч дизайнер болох орос гаралтай эрхэм Генри Занков анхны цуглуулгаа ийнхүү амжилттай танилцууллаа. Diane von Furstenberg-ийн нэрийн хуудас болсон загвар бол Wrap Dress буюу гурвалжин энгэртэй даашинз юм. Үүсгэн байгуулагч Диана тус загвараараа 1970-аад оноос хойш өдийг хүртэл янз бүрээр загварчилж ирсэн ба энэ удаад шинэхэн дизайнер Генри Занков үргэлжлүүлэн энэхүү бэлгэ тэмдэг болсон силуэтийг хэрхэн шинэчилж, өөрийн өнцгөөс тайлбарласныг анхны цуглуулгаас нь харцгаая.


Calvin Klein Collection

Хар, усан цэнхэр, цагаан гэсэн гурван өнгөнүүд тэдний ирэх жилийн хавар-зуны голлох өнгө болж танилцуулагдлаа. Энгийн гэх тодотголоос нэгэнтээ давсан тэдний загварууд жил ирэх тусам илүү өргөн сонголтуудаар тэлж, минимал хэв маягийг төрөл бүрийн силуэт, хийцүүдээр баяжуулсаар байна. Энэ удаад тэд ирэх жилийн налгар өдрүүдэд зориулсан загваруудаа урлахдаа ч мөн адил нарийн эсгүүр, тодорхой хэлбэр, орчин үеийн өнгө аяс ямар байхыг өөрсдийнхөөрөө ийн буулгажээ.


Khaite

Нью-Йоркийн загварын салбарт өөрийн хэв маягаар хүчтэй байр суурь эзэлдэг брэнд бол Khaite. Ялдам атлаа сахилгагүй, хайнга хувцаслалтуудыг өөр хооронд нь хольсноор тодорхойлж үл болом загварууд танилцуулагдсан нь яг л Нью-Йоркийн залуу бүсгүйчүүдэд зориулагдсан гэлтэй. Олон нугалаастай дэрвэгэр юбка, бэлхүүс хэсгийн зангилаа, унасан мөртэй хүрмээс цухуйх богино мөрөвчтэй сарафан зэрэг давхарласан хэсгүүдээр Khaite брэнд эмэгтэй хүний гоо зүйг ийнхүү өөрөөр тайлбарлав.


Michael Kors

Michel Kors өөрсдийн загварыг урлахдаа модернист эшлэлүүдээс санаа авчээ. Энэ ч утгаараа хурц ёгт утгатай шүлгүүд загварт нь буухдаа геометр далий хуваалтуудаар илэрхийлэгдлээ. Түүнчлэн цуглуулгад тэгш бус эсгүүрүүд давамгайлж, даашинзны хормой зүүнээс баруун тийш зиг-заг хэлбэрээр үргэлжилж, урд хормой нь арынхаасаа богино эсвэл хажуугийн оёдлоос эхлэн залгаа туузууд унжих зэрэг шийдэлтэй байв. Өнгөний сонголтын хувьд цагаан, хар суурин дээр улаан, шар, ногоон, цэнхэр зэрэг эрч хүчтэй өнгөнүүдийг хослуулжээ.


Thom Browne

Шоо дөрвөлжин хээнүүдийг өөр хооронд зоригтой хослуулдаг Thom Browne ээлжит этгээд загваруудаа танилцууллаа. Тэд 2027 оны хавар-зуны цуглуулгаа бүтээхдээ шавжаас санаа авч, эрвээхэй, зөгий, соно зэрэг дүрслэлийг твид хүрэм, сүлжмэл загваруудад шингээсэн байна. Шоуны үеэр загварууд ард ардаасаа танилцуулах үед авгалдайнаас эрвээхэй болон хувирч буй мөчлөгийг харуулж энэ бүхнийг урлахдаа дөрвөлжин хээ, нарийн хийцээр бүтээжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх