Сар шинэдээ хэрхэн зөв, зохимжтой хувцаслах вэ?

Хаврын эхэн сарыг угтаж, өвлийг өнтэй давснаа бэлгэшээн Монголын уламжлалт цагаан сарын баяр айсуй. Энгийн үгээр Монголын уламжлалт шинэ жилийн баяраар шинэ дээл хувцсаар төрөл садантайгаа учран золгох нь олон олон бэлгэдэл утгуудтай билээ. Цагаан сарын баяраар ямар хувцсаар гоёх вэ гэдэг асуулт хэн бүгдэд бий. Нөгөөтээгүүр хувцаслалтаараа тухайн жилийн өнгө, уламжлалт соёлоо дээдэлж хувцаслах нь ч зүй ёсны хэрэг. Үүгээр уншигчдадаа зориулан энэ жилийн хувцаслалтад тань хэрэг болохуйц шинэ санааг хүргэж байна.


МОРИНЫ ХАТГАМАЛ


XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морь жилийн өнгө идэр, залууст амгалантай хэмээн зурхайн зурлагт буужээ. Иймдээ ч та энэ жил дээл хувцасдаа морины хатгамалаар гангарах нь нэг талаараа бас л бэлэгшээл юм. Энэ жилийн баяраар тохиолдуулан дараах брэндүүд загварууддаа морины хатгамалыг дүрслэн буулгажээ.

Atoz
O Couture

ЦЭНХЭР ӨНГӨ


Энэ жил дан ганц Ази гэлтгүй цэнхэр өнгийн торгыг Европ брэндүүд ч мөн онцолж байна. Цэнхэр өнгө нь монгол ёсонд тэнгэрийг бэлгэддэг төдийгүй итгэлцэл, эв эеийг илэрхийлдэг билээ. Хэрэв та гүн бор өнгийн арьстай бол тод цэнхэр өнгийн торгон дээл хамгийн тохиромжтой гэдгийг мартуузай.

Michel&Amazonka
Atoz

НООЛУУР БОЛОН САРЛАГИЙН ХӨӨВӨР


Монгол түмний хувцас гоёлд ноос, ноолуур, хөөвөр эртнээс салшгүй байр суурь эзэлсээр ирсэн. Эрс тэрс уур амьсгал, нүүдлийн ахуйд зохицсон эдгээр байгалийн түүхий эд нь монгол хувцасны соёлд тансаг хийгээд нүнжиг байдлыг илтгэдэг. Сарлагийн хөөврөөр дагнан хувцас танилцуулдаг Bodios брэнд болон Gobi Cashmere энэ жил завсрын өнгийг санал болгож байна.

Gobi Cashmere
Bodios Mongolia

ТОРГОН АЛЧУУР 


Шоо дөрвөлжин торгон алчуур хэзээд эмэгтэйчүүдийн гангараа байдаг. Дан ганц хүзүү ороох бус торгон алчуурыг загварчлах олон арга байдгийн хамгийн түгээмэл жишээ бол цүнхний бариул ороох, үсээ зангидах гэхчлэн олон шийдлүүд бий. Энэ жил хамгийн өвөрмөц хээ загвартай торгон алчуурыг Baigal, Michel & Amazonka брэндүүд санал болгож байна

Baigal
Michel&Amazonka

ХАРАНДАА БОЛОН А ХЭЛБЭРИЙН ЮБКА


Цагаан сар гэлтгүй, өдөр тутмын амьдралдаа ч монгол цамц, хантаазны доогуур юбка хослуулан өмсөх боломжтойг та бид аль хэдийнээ хэвшил болгосон билээ. Орчин үеийн силүэттэй европ эсгүүрийн даашинзнуудыг энэ жил үндэсний брэндүүд дахин онцолсоор байна.

Atoz
Michel&Amazonka

ҮНДЭСНИЙ ДЭЭЛ БА ТОРГОНЫ ХЭЭ


Дээл хувцсанд торгоны өнгө, хээ нь хоорондоо яг ижил байх ёстой гэсэн уламжлалт ойлголт нэгэнт өөрчлөгджээ. Харин ч эсрэг өнгийн, тод хээтэй торгыг үндсэн өнгөтэй ухаалгаар сөргүүлэн ашиглах нь илүү орчин үеийн, загварлаг шийдэл болж байна. Үүнийг монгол брэндүүд өөрсдийн шинэ бүтээлүүдээрээ зоригтойгоор нотолж буй.

O Couture
Michel&Amazonka

Ж.Булган

2026-02-03, 13:14