Марго Роббигийн жинхэнэ Барбигаас сэдэвлэн бүрдүүлсэн төрхүүдийг харцгаая

Яг л дуурийн тоглолт, балет үзэхдээ сонгодог хэв маягаар хувцаслах ёстой шиг “Barbie” кино өөрийн гэсэн дресс-кодыг үүсгээд байгаа билээ. Хүмүүс тус бүтээлийг үзэхдээ ягаан хувцас, ягаан аксесуараар гоёж кино театрыг “Barbie Land” болгон хувиргаж байгаа гэхэд хилсдэхгүй. Кинонд дүр бүтээсэн жүжигчид ч мөн трейлэрээсээ эхлээд нээлтийн арга хэмжээнүүд дээр хүртэл барби дресс-кодоо мөрдсөөр байгаа юм. Тэр дундаа Марго Робби болон түүний стилист Эндрю Мукамал нар илүү шинэлэг байх үүднээс Mattel компаниас гаргадаг байсан 1960, 1980, 1990-ээд оны Барбинуудыг хувцсаараа дамжуулан амилуулаад байна.

Сонирхуулахад, тус киноны “Box Office”-оос олсон орлого 1 тэрбум ам.доллар давсан талаар Warner Bros.-ын зүгээс саяхан мэдээлжээ. Ингэснээр Грета Гервиг бие даан найруулсан бүтээлээрээ тус амжилтад хүрсэн анхны эмэгтэй найруулагчаар тодроод байгаа юм. Холливүүдийн түүхэнд тэрбум ам.доллароор хэмжигдэх кино бүтээсэн ердөө 28 эрхэм байдгаас бүгд эрэгтэй найруулагчид юм. Тэгвэл Грета Гервиг хүйсийн харьцааг 28:1 болгон ахиулж чаджээ.

Prada

Лас-Вегас хотод болсон “Barbie”-гийн нээлтийн үеэр Марго Робби ретро хэв маягтай, бүдэг ягаан өнгийн, шоотой хослолоор төрхөө бүрдүүлсэн билээ. Энэхүү гоёл нь Prada загварын ордных бөгөөд 1964 онд гарч байсан “Sparkling Pink” Барбигийн даашинзтай дүйцэхүйц загвартай байна.


Valentino

Лос-Анжелес хотод болсон арга хэмжээн дээр Марго Робби бөмбөлгөн хээтэй Valentino-гийн мини даашинз өмссөн билээ. Түүний стилист Эндрю Мукамал тус даашинзыг 2015 онд гарч байсан “Pink & Fabulous” цуврал хүүхэлдэйгээс сэдэвлэн сонгосон байна.


Atelier Versace

Сиднейн контемпорари урлагийн музейд болж өнгөрсөн “Barbie”-гийн нээлт дээр Марго Робби Versace-гийн 1994 оны винтэж даашинз өмсөж “диско Барби” хэв маяг бүрдүүлсэн билээ. Энэхүү гоёлыг өмнө нь Клаудиа Шиффер өмсөж байсан удаатай.


Versace

Марго Роби Сөүл хотоор зочлохдоо 1980 оны Барбид хувирчээ. Түүний болон стилистийн сонгосон цагаан өнгийн бартаа захтай тод ягаан пиджак, өнгө дагуу харандаа хэлбэрийн юбка, бөмбөлгөн хээтэй туузаар ороосон сүлжмэл малгай, ретро гар утас нь 80-аад оны өнгөлөг хэв маягийг төгс бүрэлдүүлж байв.


Balmain

1992 онд "Earring Magic" цувралд багтсан Барбиг киноны хамт олон Мексикт амилуулж чаджээ. Марго тус Барбигаас санаа аван хувцаслахдаа Balmain-ы мини даашинз сонгосон бөгөөд нэг ч деталь алдалгүй хийсэн ээмэг, гинжин бүсээр гоёж, мөн үсээ хөвсийлгөн буржийлгасан байлаа.


Herve Leger

Энэ бол түүний бүрдүүлсэн төрхүүдээс хамгийн түүхэн ач холбогдолтой нь. Учир нь уран бүтээлчийн өмссөн хар цагаан хөндлөн судалтай даашинз нь 1959 онд гарч байсан барбигийн анхны загварыг төлөөлж байгаа юм. Тус зургаас Маргогийн өмссөн гутал, нарны шил, цагариган ээмэг, үсний засалт зэрэг нь анхны Барбитай маш төстэй болсныг анзаарах боломжтой.


Vivenne Westwood

Энэ удаа гол дүр маань 1960 он руу буцжээ. Тэрээр "Enchanted Evening" нэрээр гарч байсан үдшийн хэв маягтай Барбигийн төрхийг хэрэгжүүлсэн байв. Ингэхдээ Vivenne Westwood-ын тэгш бус хэмтэй атласан даашинз, цагаан үслэг хүрмээр гоёсон байна.


Emilio Pucci

Emilio Pucci-гийн даашинз, Manolo Blahnik-ын өндөр өсгийт, Chanel-ын цүнх болон ээмэгний тусламжтай Марго болон стилист Эндрю нар дахин нэг удаа 1980-аад оны гоо зүйг бүрдүүлж чаджээ. Тэдний харуулсан Барби тухайн үед "Totally Hair" цуглуулгад багтаж байсан.


Schiaparelli

Энэ бол Марго Роббигийн дэлхийн нээлтийн арга хэмжээний үеэр өмссөн анхны хар өнгийн даашинз юм. Тус классик гоёлыг Schiaparelli кутюр загварын ордныхон 1960 онд “Solo in the Spotlight” нэрэн дор гарч байсан барбигийн төрхийг дуурайлган урлажээ.


Buro.Mongolia

2023-08-07, 17:32