Австрали улс сошиал хэрэглээг хориглосон анхны улс боллоо

Арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Австралид 16-аас доош насны хүүхдүүд сошиал сүлжээ ашиглахыг хориглосон хууль хүчин төгөлдөр болсон байна. Ингэснээр Австрали улс өсвөр үеийнхний цахим хэрэглээг албан ёсоор хязгаарласан дэлхийн анхны улс болж байгаа юм.

Уг хуулийн хүрээнд TikTok, Instagram, Facebook, Snapchat, YouTube, X, Reddit, Twitch, Kick, Threads зэрэг олон улсын арваад сошиал платформ хэрэглэгчдийн насны ангиллыг шалгах үүрэг хүлээж, үүгээр 16-аас доош насныханд дээр дурдсан платформ руу хандах эрхийг нь хязгаарлах ёстой болж байна. Хоригийг зөрчсөн тохиолдолд компаниудад 49.5 сая австрали доллар буюу ойролцоогоор 33 сая ам.долларын торгууль ноогдуулах гэнэ.

Энэ шийдвэрийг олон эцэг эхчүүд болон, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд дэмжиж байгаа хэдий ч томоохон технологийн компаниуд эсрэг байр суурьтай байгаагаа ч мөн мэдэгджээ. Австралийн Холбооны Улсын Парламентын Сенат уг хуулийн төслийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард баталсан байна. Хуулийн санаачлагчид энэхүү хориг нь хүүхдүүдийг цахим сүлжээнээс үүдэлтэй сэтгэлзүйн болон бусад хор хөнөөлөөс хамгаална гэж онцолсон байна.

Арванхоёрдугаар сарын 10-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезе хуулийн хэрэгжилтийг “түүхэн өдөр” хэмээн нэрлэжээ. Тэрээр: “Энэ шийдвэр асар их нөлөө үзүүлнэ. Энэ бол манай улсад тулгарч буй нийгэм, соёлын хамгийн том өөрчлөлтүүдийн нэг юм. Үр нөлөө нь дэлхий даяар мэдрэгдэх томоохон шинэчлэл” хэмээн мэдэгджээ.

Ц. Усанболор

2025-12-22, 15:36