2020 оны декорын 3 чиг хандлага

Энэ онд гэрээ хэрхэн тохижуулах вэ

Эклектик хэв маяг

Eccentric country буюу Английн хөдөө нутаг дахь байшинг санагдуулам байдлаар гэрээ тохижуулах нь энэ оны гол чиг хандлагын нэг гэдгийг дизайны зөвлөх Кай Прайс онцоллоо. Хээ угалз, декор, ханын цаас зэрэг төрөл бүрийн зүйлсийг нэг дор уусган бий болгодог энэхүү хэв маягийг дотоод засалд өөрөөр эклектик хэмээн нэрлэдэг.

Хөдөө нутгийн байшин мэт уур амьсгал бүрдүүлэх энэхүү засал нь тав тухтай мэдрэмж төрүүлэхээс гадна тухайн хувь хүнд өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх боломжийг олгодог билээ. 2020 онд эклектик хэв маягийг бүрдүүлэхэд шаргал, цайвар ягаан, ногоон гэсэн өнгөний цуглуулга туслах ба зөөлөн сандал, винтэж хэв маягтай гэрлийн чийдэн зэрэг хэрэг болно.

Цэнхэр өнгө

Pantone өнгөний институтээс 2020 оны онцлох өнгөөр нэрлэсэн сонгодог цэнхэр өнгө дотоод засалд онцгой байр суурь эзэлж байна. Тансаг шинж чанараа хэзээд ч хадгалж чаддаг цэнхэр өнгө гичний шар болон бүдэг ягаан өнгөтэй гайхалтай зохицдог байгаа.

Байгалийн өнгө төрх

Байгаль дэлхийдээ хүндэтгэлтэй хандаж, ухамсартай амьдралын хэв маягийг эрхэмлэх хандлага дотоод засалд ч мөн нэвтэрлээ. Нэхий, ноолуур зэрэг байгалийн материалаар хийгдсэн декор ,тавилгууд илүү анхаарал татах болж цэвэр мод, хулс болон сүлжмэл тавилгууд эрэлттэй байгааг мэргэжилтнүүд дурдсан юм.

Түүнчлэн байгалийн өнгө төрхийг дотоод засалдаа хэрэгжүүлнэ гэдэг нь масс зах зээлд зориулсан декор, чимэглэлээс татгалзан хэзээд ч үнэ цэнэтэй байх зүйлсээр эргэн тойрноо тохижуулан ухамсартай худалдан авалт хийхийн нэр болохыг Кай Прайс хэлсэн юм. Мөн модон тавилга, сүлжмэл декороос гадна хатаасан цэцэг ургамал, керамик ваар нь орчин тойронд байгалийн төдийгүй хээнцэр өнгө төрхийг нэмдэг байгаа.

Buro.Mongolia

2020-03-27, 16:51