Дэлхийн шилдэг гудамжны хоолнууд

Гудамжны хоолны сонголт улам л өргөжсөөр

Та “Street food” буюу гудамжны хоолны соёл яагаад орон орны хүмүүст чухал байдаг талаар бодож үзсэн үү? Хэдий уг соёл манай улсад бусад орнуудын адил хангалттай сайн дэлгэрээгүй ч дийлэнх орны хүмүүсийн хувьд гудамжны хоол амьдралынх нь хэв маягийн томоохон хэсэг байдаг. Зөвхөн жуулчдад гэлтгүй тухайн улс орны иргэдийн дунд гудамжны хоол нь өдөр бүр эрэлт хэрэгцээтэй байдаг тул өнөөгийн цар тахлын нөхцөл байдалд ч уг соёл дэлгэрсээр буй билээ. Учир нь олон хүмүүсийн хувьд гэртээ хоол хийх нь илүү зардалтай байдаг төдийгүй багагүй цаг хугацаа шаарддаг байна. Харин сүүлийн үед улам л эрчээ авч буй гудамжны хоолнууд хямд, амттай байдгаараа онцлог билээ. 


Mango sticky rice

Тайланд улсын хамгийн алдартай амттан бол манго жимстэй цагаан будаа юм. Амтгүй сонсогдож байна уу? Яг үнэндээ жуулчид болон Тайландчууд уг амттанд их дуртай байдаг тул та завшаан гарах юм бол заавал амтлаад үзээрэй. Бас гэртээ хийж бэлтгэхэд ч амархан байна. Цагаан будаагаа кокосын сүүнд чанаж болгоод манго жимсийг хэрчээд хамтад нь таваглах хэрэгтэй. Тайландад ихэнхдээ будаан дээрээ кунжутын үр цацаж өгдөг байна.


Донер Кебаб

Жинхэнэ амтыг нь мэдрэхийн тулд Турк болон томоохон Европын хотуудыг зориорой. Манайхны их дуртай нэгэн хоол учраас дэлгэрэнгүй тайлбарлаад ч хэрэггүй биз ээ. Гэхдээ уг хоолны гол учир нь амтат соусандаа байдаг юм шүү.


Зүсэм пицца

Пицца нь Итали улсаас гаралтай хэдий ч дэлхийн өнцөг булан бүрт алдартай. Гэхдээ үнэ, чанарын хувьд хамгийн боломжийн хувилбаруудыг АНУ-аас олох боломжтой. Манхэттенд нэгэн цагт пиццаны газрууд үйлчлүүлэгчдийнхээ төлөө тэмцэж, үнийг нь 1,5 доллараас 75 цент хүртэл бууруулж байсан түүхтэй.


Туркийн пиде

Туркийн пицца хэмээн нэрлэж болох уг хоол нь арвин мах болон бяслагтайгаараа онцлог юм. Мөн ихэвчлэн зууван хэлбэртэй зарагддаг байна.


Бао (бууз)

“Бao” эсвэл манайхаар бол бууз нь ихэнх Ази орнуудад алдаршсан зоог билээ. Монголчууд түлхүү мах болон ногоотой хийдэг бол бусад орнуудад дүпү, шар хулуу, чихэрлэг буурцаг зэрэг олон төрлийн орцтой буузыг санал болгодог байна.


Crêpe

Хүн бүрийн мөрөөдөл болсон Франц улс нь амттайгаараа алдартай “Crêpe” буюу шарвинг анх зохион гаргажээ. Дэлхийг шуугиулдаг уг амттан бүх оронд зарагддаг бөгөөд худалдан авагчийнхаа нүдэн дээр хайрч, шарагдан хүссэн жимс болон амттанаар нь чимэглэгддэг онцлогтой.


Гудамжны жимснүүд

Зүүн Өмнөд Азийн орнуудад төрөл бүрийн жимс агуулсан жижиг тэрэгнүүд гудамжаар нь дүүрэн харагддаг. Жишээ нь зөвхөн Тайланд, Вьетнам зэрэг орнуудад ургадаг өвөрмөц сайхан жимснүүдийг жуулчид хямд үнээр худалдаж аваад дорхноо дуусгадаг гэнэ.


Тако

Мексик улсын урдаа барьдаг хоолнуудын нэг бол тако юм. Уг хоолны онцлог нь эрдэнэ шишийн тортилланд салса соус, сонгино, төрөл бүрийн мах болон кориандр амтлагчийг хийдэгт оршдог. Цагаан хоолтнуудад зориулсан хувилбарууд ч олон бий.


Роти, Наан, Паратха болон Чапати талхнууд

Эдгээр нь Энэтхэгийн алдарт улаан буудайн гурилын талхнууд юм. Хэрэв та Энэтхэг улсаар зочилбол тэнд бүх хүмүүс уг талхыг хоолтойгоо амтархан зооглож буйг харах болно. Талхнууд нь дангаараа ч зарагддаг бөгөөд нэмэлтээр чихэрлэг, халуун ногоотой эсвэл давслаг соуснууд дагалдуулан авч болдог байна.


Претцель

Герман болон Австри улсын бэлгэ тэмдэг болох уг алдартай зангилаа хэлбэртэй нарийн боовыг та сайн мэдэх биз ээ. Том ширхэгтэй давстай претцель нь шар айрагтай илүү зохицдог байна. Мөн чихэрлэг зүйлд дуртай хүмүүсийн сэтгэлд нийцэх хувилбарууд ч бий. Нэмэлтээр бяслаг, зайдас гээд л олон төрлийн дагалдах зүйлстэй претцелийг ч бас олж болно.


Pljeskavica

Бургерийг санагдуулам тус хоол нь амталсан гахай, үхэр, хонины махийг грильдэж шарсан Серби улсын үндэсний зоог юм. Уг хоолыг сонгино, кажмак (сүүн крем), халуун ногоо, бяслаг зэрэг зүйлсээр амталдаг байна.


Kürtőskalács

Уламжлалт Унгар улсын энэхүү амттан бол хоосон дотортой, чихэрлэг, мөн ороомог хэлбэртэй нарийн боов юм. Үүнийг элсэн чихэр, ваниль, самар, бүйлс эсвэл шоколадаар чимэглээд зардаг байна. Уг нарийн боовноос олон улсууд санаа авсан байдаг. Жишээ нь Чех улсад Trdelník нэртэй ижил гурилан бүтээгдэхүүн мөн алдаршсан юм.


Такояки

Японы Осака хотоос гаралтай энэхүү “өхөөрдөм” жижиг бөөрөнхий хэлбэртэй хоол нь шарсан гурилан дотроо наймаалжны тэмтрүүл болон ногоонууд агуулдаг юм. Эдгээрийг ховил бүхий тусгай хайруулын тавган дээр бэлтгэдэг байна. Японоор зочлохдоо заавал амталж үзээрэй.


Пути́н

Манай хойд хөршийн удирдагчийн нэртэй төстэй сонсогдох тус зоог гудамжны хоолнууд дундаас хамгийн алдартай нь гэж хэлж болох юм. Уг хоол Канадаас гаралтай бөгөөд шарсан төмс, бяслаг болон олон төрлийн соусаар хийгддэг.


Хот-Дог

Шатахуун түгээх станц, хөгжмийн наадам, эсвэл гудамжинд хамгийн их олдоцтой хөнгөн зууш бол хот-дог билээ. АНУ-ын гудамжнуудаар болон Берлин хотын бүх өнцөг булангаар зарагддаг байна.

Buro.Mongolia

2021-08-17, 13:59