Жинхэнэ Солонгос хоолны амтыг бүтээгчид

Та бидний амтархан идэх дуртай булгуги, жэюүг бугым, калбижим, бибимбаб зэрэг солонгос үндэстний хоол нь тус улсын уул нурууд, хээр тал, далайн хадан эрэг хосолсон газарзүйн онцлог болоод улирлын шилжилт, өөрчлөлтөөс үүдэн хүнсээ урт хугацаанд хадгалах шаардлага, хэрэгцээнээс улбаалан олон зуун жилийн туршид бүрэлдэн тогтжээ. Тиймээс улирлын чанартай ногоог даршлах, исгэх, хатаах зэрэг арга нь солонгос гал тогооны салшгүй нэгэн хэсэг бөгөөд уламжлалт зоогийн ширээнд нь үндсэн хоол, агшаасан цагаан будаа, хөнгөн шөлнөөс гадна бид бүхний “панчан” гэж нэрлэж заншсан жижиг хачруудыг зэрэгцүүлэн тавьдаг нь ийм учиртай. Тэгвэл солонгос хоолны тэр танил амтыг бүрдүүлэгч нууц орц нь юу вэ?


Гүчүжан

Солонгос хоолны хамгийн их танигдсан амтлагчдын нэг бөгөөд улаан чинжүүний нунтаг, наалдамхай будааны гурил, исгэсэн шар буурцгийн нунтаг, давс зэрэг орцуудыг холин хутгасны дараа шавар ваарт хийж ойролцоогоор нэг жил орчим исгэж боловсруулсан өтгөн сүмс юм. Тус орцонд орцонд улаан чинжүүний хурц амтыг будааны цардуулын исгэлтээс үүсссэн чихэрлэг амт болон шар буурцгийн исгэлэн амттай хослуулсан нь бибимбаб, жэюүг бугим зэрэг хоолны үндсэн амтлагч нь болдог билээ.

Gochujang 

Bibimbap

Гүчүгару

Солонгос сортын давжаа улаан чинжүүг наранд хатааж, нунтагласан амтлагч бөгөөд сүмс биш тул солонгос хоолны халуун ногооны амтыг оруулдгаараа гүчүжанаас ялгаатай юм. Солонгосын хамгийн алдартай “панчан” болох кимчины хамгийн чухал орцуудын нэг бөгөөд мөн кимчижигэ, юггэжан зэрэг хоолны амталгаанд ордог.

Gochugaru Korean Chili Flakes

Yukgaejang

Ганжан

Исгэсэн шар буурцгаас гаргаж авсан амтлагч боловч дэнжаныг бодвол илүү шингэн тогтоцтой байдаг. Дэнжаныг бэлтгэх явцад шингэн хэсгийг шүүн ялгаж авсан хэсэг бөгөөд ихэвчлэн хоолыг бүрэн болгож дууссаны дараа кетчуп, цуу адил нэмэлт хоолны амтлагч байдлаар ашигладаг.


Дэнжан 

Дэнжан бол Солонгосын уламжлалт гал тогоонд олон зууны турш хэрэглэж ирсэн исгэсэн шар буурцгийн сүмс юм. Энэхүү амтлагчийн өтгөн тогтоц бүхий гашуун хэр нь баялаг амт нь дэнжанжигэ хэмээх шар буурцгийн шөлний үндсэн амтыг бүрдүүлдэг билээ.

Doenjang paste

З. Зоригт

2026-11-14, 17:09