Эрчүүдээ мартаагүй биз

Цэргийн баяраар эрчүүдээ хэрхэн баярлуулах вэ?

Эх орноо хамгаалан тулалдахад бэлэн эр цэргийн баярын өдөр айсуй. Эр цэргийн албаа хаагаагүй ч бай энх бус цагт Их Монгол улсаа хамгаалан тулалдах нь аав, ах, эрэгтэй дүү, хань нөхөр, эрэгтэй найзууд тань мөн билээ. Тиймээс эрчүүдээ баярлуулж, урмаар тэтгэх нь халамжит хань, хайртай охид өөрсдийн сэтгэлээ илэрхийлэх хамгийн том боломж юм. Гэвч эрчүүдэд бэлэг сонгох нь зүүг өвсөн дундаас хайх шиг хэцүү гэдгийг уншигч та бүхэн ч дуу нэгтэйгээр санал нэгдэх биз. Өөрсдийн мэдрэмжээ төдийлөн уудалдаггүй, гүндүүгүй зантай байх тусмаа эрчүүд яг юунд хамгийн ихээр баярладаг нь ихэд нууцлаг, таахад бэрх болж ирдэг. Тиймээс та бүхэндээ судалгаа, тоо баримт дээр үндэслэн гаргасан эрчүүдээ баярлуулах санаануудыг толилуулж байна.


Цаг хугацаа, эрх чөлөөг бэлэглээрэй

Хэрвээ эр нөхөр тань цэргийн баяраар найз нөхөдтэй хамтдаа цагийг өнгөрөөхийг хүсвэл бүү гомдоорой. Эмэгтэйчүүдийн нөхөрлөл ихэвчлэн хоорондын харилцан яриа дээр дотносдог бол эрчүүдийн нөхөрлөл ихэвчлэн спортоор цуг хичээллэх, PC тоглоом тоглох, хамтдаа анд явах гэх мэт хамтын үйл ажиллагаагаар илэрхийлэгдэх нь элбэг. Судалгаагаар эрчүүдийн 92% нь найз нөхөд юм уу гэр бүлийн хамтаар баяр тэмдэглэхэд хамгийн дуртай байдаг хэмээн хариулжээ. Мөн дэлхийн судалгааны дата аналитикийн групп YouGov-ын тайланд эрчүүд баярын өдрийг элдэв хариуцлага үүрэхгүйгээр нам тайван стрессгүй тэмдэглэхийг илүүд үздэг гэсэн байна. Тиймээс хэрвээ эрчүүд найз нөхөдтэй цагийг өнгөрүүлэхийг хүсвэл энэхэн хүслийг хүндэтгэх нь магад хамгийн сайхан бэлэг байж ч мэднэ.


Гэр бүлээрээ гэнэтийн сюрприз бэлэглээрэй

Хэрвээ эр нөхөр тань гэр бүлээрээ баяраа тэмдэглэн өнгөрүүлэхийг хүсвэл ажлаа тараад ирэхэд нь гэнэтийн сюрпризтэй угтаарай. Хаалгаар орж ирэхэд нь цаасан салют буудуулж, “Та бол энэ ертөнцийн хамгийн сайн аав. Тандаа бид бүгд хайртай шүү” гэх мэт халуун дотно үгийг томоор бичин, бүгдээрээ эгнэн зогсож угтвал магад баярын нулимсыг нь ч харж мэдэх нь бий. Хүүхдүүд нь хүсвэл аавдаа зориулж дуу дуулж өгсөн ч, зураг зурж өгсөн ч, эсвэл сэтгэлийн захиа бичсэн ч болно. Гэр бүлдээ аав хүн ямар том орон зайг эзэлдэг гэдгийг хундаганы үгээр илэрхийлээрэй.


Гараа гаргаж бэлдсэн дуртай хоолоор нь дайлаарай

Сюрпризээ барьж дууссаныхаа дараа хөнгөн чимэглэсэн хоолны ширээндээ уриарай. Халуун ам бүлээрээ цагийг жаргалтай өнгөрөөх нь эр хүнд юу юунаас илүү үнэ цэнтэй бөгөөд мартагдашгүй дурсамжийг үлдээнэ. Үндсэн хоолноос гадна хөнгөн зууш, амттан, оргилуун дарс бэлдэх нь баярын уур амьсгалыг нэмж өгнө. Ширээ тойрон суухдаа гэр бүлийн хуучны дурсамжуудаа яриарай.


Романтикаас илүүтэй прагматик бэлэг сонгоорой

Сюрпризээ ч барьчихлаа, дуртай хоолоор нь ч дайлчихлаа, сэтгэлийнхээ үгээ ч хэлчихлээ. Одоо л өөрийн бэлтгэсэн биет бэлгээ гардуулах цаг. Гардуулахдаа хөгжилтэй байлгах үүднээс “Оны Шилдэг Аав”, “Оны Шилдэг Хүүхэд Саатуулагч” гэх мэт инээд хүргэм бичигтэй тууз биеэр нь ороож, тусгайлан боож бэлтгэсэн бэлгээ өгөөрэй. Бэлгээ сонгохдоо өөрийнх нь хоббинд нийцэх, хэрэг болохуйц зүйл сонгоорой. Жишээлбэл фитнесээр хичээллэдэг бол нурууны бүс, бээлий; ууланд алхах дуртай бол уулын таяг, дуран; усанд сэлэх дуртай бол усны хувцас, малгай, нүдний шил гэх мэтээр зөв хоббиг нь дэмжсэн бэлэг өгөөрэй. Дийлэнх эрчүүд биет бэлгийн тухайд ихэвчлэн шууд хэрэглэж болох зүйлд илүү дуртай байдгийг мөн YouGov тайландаа дурджээ. Тиймээс цэцэг, бэлэг дурсгалын зүйлээс аль болох татгалзаарай.

Дээрх дөрвөн санаа ихэвчлэн эхнэрүүдэд зориулсан мэт санагдаж болох ч хайртай аав, өвөөгөө баярлуулахдаа ч хэрэгжүүлж болох юм. Харин ганц бие залуу эрчүүдийн тухайд сүүлийн санаа хамгийн тохиромжтой байх болно. Эмэгтэйчүүдэд хандсан утгатай баяр Монголд хэд хэд байдаг бол эрчүүдэд талархсан баяр “Эр Цэргийн Баяр”-аар л хязгаарлагддаг. Тиймээс уншигч бүсгүйчүүд та бүхэн минь цэргийн албаа хаагаагүй ч бай танил дотно эрчүүдээ цааргалалгүй баярлуулж, унаж босох амьдралыг нь урам зоригоор тэтгэх гайхалтай дурсамжийг нь бүтээж өгөөрэй.

З. Зоригт

2026-03-14, 12:00