Соёл хоорондын хил хязгаарыг бүдгэрүүлж буй даяаршил, технологийн хөгжлийн энэ эрин үед олон хэлний мэдлэгтэй байх нь зөвхөн давуу тал болоод зогсохгүй зайлшгүй хэрэгцээ болжээ. Хоёр хэлний мэдлэгтэй байх нь мэргэжил карьерт шинэ боломжуудыг нээхээс гадна соёл, нийгмийн харилцааны ур чадварт ч хүчтэй түлхэц болдог.
Иймд уншигчдадаа зориулан гадаад хэл эзэмшсэнээр карьер, боловсрол, нийгмийн харилцаа, бүтээлч сэтгэлгээнд хэрхэн нөлөөлдөг талаар англи хэлний багш, ярианы англи хэлний заах арга зүйч Анна Котикийн зөвлөгөөг хүргэж байна.
ХЭЛНИЙ МЭДЛЭГ ГЭЖ ЮУ ВЭ? МӨН НАСАНД ХҮРСЭН ХҮН ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ЮУ?
Хоёр хэлийг чөлөөтэй эзэмшиж, хэрэглэх чадварыг bilingual гэдэг. Өдөр тутмын харилцаа, соёлд хоёр хэлийг идэвхтэй хэрэглэгддэг орчинд өсөх үед төрлөхийн хоёр хэлний мэдлэг бий болдог ба суралцах шаардлагагүйгээр аль аль хэлийг өндөр түвшинд эзэмших боломж бүрддэг. Харин ярианы чадварыг ашиглан хэд хэдэн хэлийг сурах боломжийг олдмол bilingual хэмээн нэрлэдэг. Эдгээр төрлүүд нь хэлний мэдлэгийн түвшин, харилцааны шинжээрээ ялгардаг бөгөөд энэ нь соёл, нийгэмшил, тухайн орны хүмүүсийн эх хэлээр ойлголцохыг эрэлхийлэх замаар хөгждөг.
ГАДААД ХЭЛ БА КАРЬЕР
Олон хэлний мэдлэг нь ажил, хөдөлмөрийн орчинд хамгийн чухал хүчин зүйлсийн нэг бөгөөд энэ нь ажил олгогчид дээрх ур чадвартай ажилтныг түлхүү хайхад хүргэдэг. Ингэснээр компаниудад хил хязгаараа тэлж, олон улсын түвшинд гарах боломжийг олгодогтой холбоотой. Жишээлбэл өнөө үед аялал жуулчлал, зочид буудал, худалдааны салбаруудад энэ чадвар заавал байх шаардлага бий болсон. Статистик мэдээллээс харахад, хоёр хэлтэй хүмүүс ажилд орох магадлал өндөр төдийгүй бусад ажилчдаасаа илүү өндөр цалин авах нь түгээмэл ажээ.
Үүнээс гадна олон хэлний мэдлэг нь олон улсын байгууллагуудад түгээмэл тулгардаг ажилчид хоорондын соёлын ялгааг холбон нэгдмэл орчинг бүрдүүлж ажилладаг ач холбогдолтой. Хоёр хэлтэй хүмүүс янз бүрийн соёлын нөхцөлд дасан зохицох чадвартай тул “үнэтэй” ажилтнаар тооцогддог.
ХЭЛНИЙ МЭДЛЭГ ТАРХИЙГ ХЭРХЭН ӨӨРЧИЛДӨГ ВЭ
Олон хэлний мэдлэг нь оюун ухааны чадварыг сайжруулах нөлөө үзүүлдэг. Судалгаагаар хэд хэдэн хэлээр ярьдаг хүмүүс анхаарал төвлөрүүлэх, санах ой болон бүтээлч сэтгэлгээний үзүүлэлтээр илүү өндөр байдаг нь тогтоогджээ. Энэ нь гадаад хэлний нарийн төвөгтэй элементийг сурах явцад тархи их хэмжээний мэдээллийг боловсруулж, олон уургальч сэтгэлгээг хөгжүүлдэгтэй холбоотой.
Жишээлбэл шинэ хэл сурах нь оюутнуудад хувийн зохион байгуулалттай болох, асуудлыг шийдвэрлэх чадвараа сайжруулахад тусалдаг. Учир нь тэд янз бүрийн дүрмийн бүтэц, үгийн нэгдлүүдтэй ажиллах замаар аналитик сэтгэлгээ, уян хатан байдлыг хөгжүүлдэг байна.
ХАРИЛЦАА ХОЛБОО
Хос хэлтэй байх нь зөвхөн карьер ба боловсролыг олон талаас эзэмших боломжийг тэлээд зогсохгүй, нийгмийн харилцаанд манлайлах ур чадварыг хөгжүүлдэг. Хоёр хэлтэй буюу гадаад хэлийг сайн эзэмшсэн хүмүүс илүү зөөлөн, шинэ танилуудтай нээлттэй харилцаж чаддаг. Учир нь бусад орны хүмүүстэй идэвхтэй харилцсанаар ялгаатай талыг ойлгож, хүлээн авах чадвар нэмэгддэгт оршдог.
ШИНЖЛЭХ УХААНД ГАДААД ХЭЛ СУРАХЫН АЧ ТУСЫГ ЮУ ГЭЖ ТАЙЛБАРЛАДАГ ВЭ?
Судлаачид олон хэл мэдэх нь давуу талтайг баталдаг. Судалгаагаар хоёр хэлтэй хүмүүс олон ажилд зэрэг анхаарал төвлөрүүлж илүү хурдан шийдвэр гаргах чадвартай болох нь тогтоогджээ. Хэл сурах нь соёл хоорондын чадварыг бэхжүүлж, бусад ард түмнийг илүү сайн ойлгоход тусалдаг. Мөн тархины хөгшрөлтийг удаашруулж, деменци буюу оюун ухааны хомсдол үүсэх эрсдэлийг бууруулдаг. Иймээс хэл сурах нь зөвхөн практик ач холбогдолтой төдийгүй оюун ухаан, эрүүл мэндэд ач тустай хэмээн үзэж байна.
XX зууны хамгийн агуу философичдын нэг Людвиг Витгенштейн хэл зүй нь ертөнцийг илэрхийлдэг гэж үзсэн. Түүний философийн гол ойлголт нь хэл ба ертөнц бөгөөд Витгенштейн сэтгэхүйн хязгаарыг судалж, үгийн утга нь тухайн орчны хэрэглээнээс тодорхойлогддог гэж дүгнэсэн. Түүний санаа нь аналитик философийн үндэс болсон бөгөөд үүнээс гарсан дүгнэлт нь хүн олон хэл мэдэх тусам түүний ертөнц илүү өргөн байдаг хэмээжээ.
Мэдрэлийн тогтолцооны физиологич, хэл шинжээч, сэтгэлзүйч, синхрон орчуулагч Татьяна Черниговская олон хэл сурах талаар "Хэл бол харилцааны нэг хэлбэр гэж үзэж болно. Гэсэн хэдий ч өөр бусад орны хэл сурна гэдэг нь дахин шинэ ертөнц нээх боломж төдийгүй бидний ухамсарт аливааг дүгнэн шинжлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд хэл сурна гэдэг дан ганц харилцааны хэрэгсэл биш юм” гэжээ.
АНУ-ын хэл шинжээч Эдвард Сепир, Бенжамин Уорф нарын харьцангуй онол нь хэлийг сэтгэхүйн процесс болон ертөнцийг хүлээн авах байдалд хэрхэн нөлөөлдөгийг тайлбарладаг. Тэд “Аливаа үндэстний соёл, зан заншил нь тэдний өдөр тутмын хэл ярианд илүү их тусгагддаг нь тухайн ард түмний түүх, үнэт зүйлс, аж хэрэглээ зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой” гэж тодорхойлжээ.
Хүн шинэ мэдлэгийг эзэмших тусам тархины нейрон холбоо нэмэгдэж, түүний чанар сайжирч, саарал болон цагаан бодисын үр ашгийг нэмэгдүүлдэг. Үүнд нас огт хамааралгүй гэдгийг сана. Учир нь 80 настай ч гэсэн нейроны сүлжээ байнга хөгжиж, тархи өөрчлөгддөг. Олон арван судалгаа үүнийг баталсан тул шинэ хэл сурах нь харилцааны боломжийг өргөтгөж, тархиа урт хугацаанд эрүүл байлгахад тань туслах болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт