Жил ирэх тусам хиймэл оюун ухаан бидний амьдралд улам бүр гүн нэвтэрч байна. Зөвхөн ажил, сургуульд туслах төдийгүй, ярилцагч, дэмжлэг үзүүлэгч, сэтгэлзүйн зөвлөгчийн үүргийг хүртэл гүйцэтгэх болжээ. Гэвч үнэндээ хиймэл оюун ухаан сэтгэлзүйчийн үүргийг гүйцэтгэж чадах уу? Энэ тухай сэтгэл заслын эмч Елизавета Рачевскаягаас тодруулъя.
Хүмүүс яагаад “донтох” болов?
Хиймэл оюун ухаан эрчимтэй хөгжихтэй зэрэгцэн олон хүн өөрт тулгараад буй нөхцөл байдлаас шалтгаалан ChatGPT-д ханддаг болжээ. Зарим талаараа ойр дотнын хүмүүсээс бус хиймэл оюун ухаан хэт их ашиглах нь орчноос өөрийгөө тусгаарлах, нийгмийн харилцаанд сөрөг хүчин зүйл үзүүлж байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Үүгээр ч зогсохгүй нийгмийн ийм төрлийн өөрчлөлтүүд аажмаар бие махбодод ч нөлөөлж эхэлж байгааг ажиглах нь зүйтэй. Нурууны буруу суулт, төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны эмгэг гэх мэт хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлжээ.
Хүмүүс хиймэл оюун ухаанд дасаж буй дараагийн нэг илрэл бол бид ямар нэгэн бэрхшээлтэй нүүр тулгарсан үед даван туулах сонирхол багасаж буйд оршино. Бид аливаа зүйлийг хялбарчлах хүсэлд автах болсон. Дэлгэцийн цаанаас асуудлыг даван туулахад улам хялбар болж, бүгдийг шийддэг болжээ. Тухайлбал цастай өдөр ч гэрээс гаралгүйгээр хоолоо захиалж, онлайнаар кино үзэж, найзуудтайгаа чатаар дэлгэцийн цаанаас харьцана. Үүнд заавал өөр хэн нэгний хэрэгцээ гарахаа больж, үүндээ улам бүр ууссаар. Үнэндээ хиймэл оюун ухаанд сэтгэлзүйн зөвлөгч мэт хандах болсон нь яг эдгээр жишээнүүд нөлөөлсөн билээ.
Хиймэл оюун ухаан үнэндээ юу чаддаг вэ?
Хиймэл оюун ухаан нь хүнийг нууцлалтай орчинд өөрийгөө судлах боломжийг олгодог. Гэхдээ энэ нууцлал нь хийсвэр зүйл гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Жишээлбэл АНУ-ын хууль аль хэдийн зохион бүтээгч компаниудыг хэрэг мөрдөх ажиллагаанд чат ботод өгсөн мэдээллийг гаргаж өгөхийг тусгасан байдаг.
Мөн хиймэл оюун ухааныг ашиглахад юунаас ч ичиж, санаа зовох шаардлагагүй. Хэлэх эсвэл бичих бүх зүйл нээлттэй бөгөөд хэн нэгэнтэй шууд нүүр тулж харилцах шаардлагагүй. Хиймэл оюун ухаан танд маш богино хугацаанд шууд хариу өгдөг ба тэдгээр хариу нь ихэнх тохиолдолд үргэлж эерэг байдаг. Тэд юуг ч хэвийн гэдэг хандлагыг төрүүлдэг. Мөн үргэлж таныг дэмжиж, сэтгэл санааны хувьд ойлгож буй мэт мэдрэмжийг өгдөг. Олон хүн хиймэл оюун ухаантай харилцсан харилцаагаа дүгнэхдээ гүн утга агуулсан, ойлгомжтой, сэтгэлд нийцсэн туршлага гэж тодорхойлдог. Гэвч энэ нь зөвхөн төсөөлөл, хий хоосон зүйл юм. Дээрх мэдрэмж нь “дэмжлэг” авч буй мэдрэмжээс болж үүсэж буй хэрэг. Хүмүүс тухайн мөчид өөрийгөө хүлээн зөвшөөрөгдсөн, ойлгогдсон мэт мэдэрч, ихэвчлэн шийдлийг ч шууд хүлээн авч чаддаг. Ингэснээр хурдан дофамин буюу аз жаргалын даавар нэмэгдүүлэх боломжийг өгдөг. Хэрвээ та сэтгэлзүйн гүнзгий хямралд ороогүй зөвхөн хиймэл оюун ухаанаас дэмжлэг хүсэж, нөхцөл байдлыг өөр өнцгөөс харах, төлөвлөгөө гаргах хэрэгтэй бол ChatGPT тус дэм болох боломжтой. Ингэснээр танд хүнд бодлуудаас түр хугацаанд ангижрах боломжийг олгоно.
Яагаад хиймэл оюун ухаан сэтгэлзүйчийг орлож чадахгүй вэ?
Хиймэл оюун ухаан хүнийг бүтнээр нь харж, дүн шинжилгээ хийж чадахгүй. Түүнд ухамсар, бодит холбоо байхгүй. Хиймэл оюун ухаан үргэлж бэлэн бүтэцтэй шийдлүүдийг санал болгодог. Тэр өгсөн асуултуудад тулгуурлаж зөвлөгөө өгч буй мэт санагдах ч, амьд хүнд байх харилцааны мэдрэмж, сэтгэл хөдлөл зэргийг эзэмшдэггүй тул сэтгэлзүйчийг хэзээ ч орлож чадахгүй юм. Хиймэл оюун ухаантай харилцах үед хэрэглэгч бэлэн шийдлийг авах үед танд тун хэрэгтэй, тохиромжтой шийдлийг өгсөн мэт санагдаж болно. Яг л эм уух төдийд шинж тэмдэг намддаг шиг. Гэхдээ асуудал хэзээ ч шийдэгддэггүй. Учир нь мэргэжилтэнтэй ажиллах үед өвчтөн мэдрэмжээ мэдэрч, биеэр дамжуулан өөрийгөө илаашруулж, ухамсрын түвшинд асуудлаа шийддэг. Харин чаттай харилцах үед эрүүл холбоо тогтоож чадахгүй. Хэрэглэгч өөртэйгөө болон хиймэл оюун ухаантай харилцаж, эцэстээ улам бүр өөрийгөө хааж, харилцааны чадвараа хөгжүүлж чаддаггүй байна.
Мөн хүмүүс хиймэл оюуныг нэвтэрхий толь, лавлахын үүднээс маш ихээр ашигладаг. Гэвч зарим үед алдаатай мэдээлэл ирүүлдэг гэдгийг тэр бүр мэддэггүй. Харин ChatGPT хэдэн арван хариу санал болгодог бөгөөд хэрэглэгчид тэдгээрийг уншиж, шүүлтүүргүйгээр итгэдэг байна. Сэтгэлзүйчийн гол үүрэг бол хүн өөрийн мэдрэмжээ ойлгон даван туулахад нь туслах явдал юм (зөвхөн сэтгэл заслын эмчилгээ хангалттай эсэх, эсвэл эмийн тусламж хэрэгтэй эсэх нь асуудлын цар хэмжээнээс шалтгаална). Өмнө нь үйлчлүүлэгч сэтгэлзүйн асуудалтай, депресстэй байдалд байсан эсэх нэн чухал ба энэ үед үйлчлүүлэгч хиймэл оюун ухаанд хандах нь аюултай байж болно. Ийм тохиолдолд олон жилийн туршлагатай, өндөр түвшний сэтгэл заслын мэргэжилтэн л танд тусалж чадна.
Харамсалтай нь сэтгэлзүйн асуудалтай хүмүүс ихэвчлэн эмчид хандахын оронд хиймэл оюун ухаанд ханддаг болсон. Тэдэнд хүнтэй нүүр тулж, тусламж авах хэцүү байдаг. Ийм хүмүүс ичих, гэмших, айдаст автах мэдрэмжтэй байдаг бөгөөд чат руу бичих нь тэдэнд илүү хялбар санагддаг байна.
Сэтгэлзүйн асуудлыг шийдэхэд юу тусалдаг вэ?
Орчин үеийн бүх сэтгэл заслын судалгаагаар батлагдсан үр дүнд хүрэхэд хэд хэдэн арга барилыг хослуулах хэрэгтэй. Энэ бол танин мэдэхүйн арга болон бие махбод, сэтгэлзүйтэй ажиллах явдал юм. Эдгээр гурван аргыг ашиглаж чадах аваас эерэг нөлөө гарах болно. Энэ аргыг баталсан хүн бол “Бие бүхнийг санаж байдаг” номын зохиолч Бессель ван дер Колк билээ. Гэвч харамсалтай нь ChatGPT эдгээрийн алинд ч туслах чадамжгүй.
Одоогоор хамгийн түгээмэл буруу ойлголт бол бид өөрсдийгөө “зөвхөн нэг энгийн систем” мэт үзэж, үүнийг “захирч болох” гэж боддогт оршино. Гэвч хүн бол маш нарийн төвөгтэй систем. Өөрийгөө судлах тусам та ойлгоно. Энэ процесст эцсийн үр дүн гэж байхгүй. Давхаргууд дуусдаггүй, бадамлянхуа цэцгийн навч бүрийг таслахад хэзээ ч дуусдаггүй мэт үргэлж шинэ зүйл байсаар л байх болно. Үүнийг ухамсарласнаар эмчлэгдэж, өсөн дэвжихэд тусална.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт