Шоу цэнгүүн гэхээр хэн бүхний санаанд баасан гаригийн шөнө дунд чанга хөгжмийн аянд согтууруулах ундаанд хөлчүүрхэн бүжиглэж цэнгэх тухай л хамгийн түрүүнд бууж ирдэг. Гэвч шинэ цагийн залуус энэхүү уламжлалт ойлголтыг халж, огт өөр төрлийн “шоудалт”-ыг сонгож эхэлжээ. Энэ бол эрүүл хэв маягаар ч хөгжилдөн цэнгэж болохыг харуулсан “Wellness Darty” хэмээх орчин цагийн шоу цэнгүүний нэгэн хувилбар юм.
“Darty” гэх үг нь англи хэлний day, party гэх хоёр үгийн нийлэмж бөгөөд анхандаа өдрийн цагаар зохион байгуулагддаг үдэшлэгийг л хэлдэг байв. Харин “wellness darty” нь өдрийн цагаар архи, согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр бие болон сэтгэцэд эерэг нөлөө үзүүлэх хамтын арга хэмжээнүүдээс бүрдэх шоудалтын нэгэн хэлбэр болж хөгжжээ. Энэхүү үдэшлэг, арга хэмжээнд ирснээр та цоглог хөгжмийн аянд ижил сонирхол бүхий шинэ хамт олонтой танилцаж, хамтдаа пилатес, иог, калестеник зэрэг дасгал хөдөлгөөн хийж, халуун рашаан юм уу саунд орж, комбуча, матча, моктейль болон цэвэр жимсний шүүс уух зэргээр цагийг эрүүл, боловсон хэр нь зугаатай өнгөрүүлэх юм. Түүгээр ч барахгүй Daydreaker, Morning Gloryville, Soul Circus зэрэг “Wellness Darty” концептод тулгуурласан фестивалууд хүртэл зохиогддог байна.
"Wellness Darty" нь зөвхөн түр зуурын тренд бус, орчин үеийн залуусын соёлын салшгүй нэг хэсэг болж байна. Амралтын өдөр матча ууж, дасгал хийнгээ шинэ найз нөхөдтэй болох энэ боломж нь дижитал эрин үед амьдарч буй залуусын хувьд "бодит" бөгөөд "эрүүл" холбоо үүсгэх хамгийн шинэлэг гарц болж чаджээ. Дэлхийн том хотуудад хэдийнээ тренд болоод буй энэхүү соёл нь залууст эрүүл амьдралын хэв маяг заавал "уйтгартай" байх албагүй гэдгийг батлан харуулж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт