Velin сэтгүүл: Жон Гальяногийн дундаршгүй авьяас билгийг бурхан ч хорьж дийлээгүй

Өнгөрөгч долоо хоногт Vogue сэтгүүлийн зүгээс ирэх 2027 оны Мет Гала арга хэмжээний сэдвийг "John Galliano: Horizons" хэмээн зарласан билээ. Үүнтэй холбоотойгоор Velin сэтгүүлийн есдүгээр дугаарт орсон домогт загвар зохион бүтээгч Жон Гальяногийн ажил амьдралын талаарх хөрөг нийтлэлийг тус сэтгүүлийн зөвшөөрөлтэйгөөр бүрэн эхээр нь хүргэж байна. 

Хэрвээ та уран бүтээлч хэн нэгнээс “Таны ажлын хэцүү тал юу вэ” хэмээн асуухад хариулагч этгээд хэн байхаас хамааран “Миний бүтээлийг ард олон ойшоодоггүй” эсвэл “Хийж буй уран бүтээлдээ хэт автаж бодит ертөнцөөс тасарчих гээд байдаг” гэх мэт янз бүрийн хариулт сонсож болох ч, магад бүгд дуу нэгтэйгээр “Шинэ санаа төрөхгүй, гацалтад орох” гэж хариулах болов уу. Гэвч гацах нь бүү хэл, хэт их шинэ баялаг санаанууд тархинд нь багтаж яддаг болов уу гэмээр дундаршгүй авьяас билигтэй, суут уран бүтээлчид ч мөн бий. Тэдний нэг нь Жон Гальяно билээ.

Жон Чарльз Гальяно 1960 оны арван нэгдүгээр сарын 28-нд Их Британийн Гибралтар хотод төрсөн бөгөөд түүний аав Хуан Гальяно нь итали гаралтай бол ээж Анна Галиен нь испани хүн юм. Итали, испани гэх цог хийморьтой, халуун цустай эцэг эхээс төрсөн Жон Гальяногийн эд, эс бүр нь үүсэн бүрэлдсэн цагаасаа л хүний орчлон руу яаран тэмүүлсэн болов уу гэмээр. Ялангуяа ээж Анна Галиен нь гоо зүйн хатуу сахилга баттай нэгэн байсан бөгөөд балчир Гальяногийн хувцаслалтыг гэрээс гарах бүрд нягтлан шалгаж зөвхөн цэвэр цэмцгэр байдлыг бус, уг хувцаслалтаараа юуг илэрхийлэхийг зорьсон талаар асууж шалгаадаг байжээ. Түүгээр ч зогсохгүй ээж нь түүнд испани хөгжмийн аянд фламенко бүжиг заадаг байсан нь түүний өсөж торнисон орчин ямаршуухан театрын драматик орчин байсныг илтгэдэг. Улмаар гэр бүл нь түүнийг зургаан настай байхад нүүн Лондонгийн өмнөд хэсгийн тухайн үеийн Стритхэм одоогийн Далвич дүүрэгт суурьшсан бөгөөд Жон Гальяног католик шашинтны Ариун Антонигийн бага сургуульд элсүүлжээ. Түүний эцэг эх ч мөн католик шашинтан байсан бөгөөд хожмын бүтээлд нь гэгээн мөргөлч гэгээн папын өмсгөл зүүсгэл нэлээдгүй тусгагдсан байдаг нь тус шашны зан үйл түүний бүтээлч сүнсийг сэрээчхэв үү гэлтэй. Тэрбээр загвар зохион бүтээгч болохоор сэтгэл шулуудан Ариун Мартины Төв сургуульд элсэн орсон бөгөөд 1984 онд хувцас дизайны чиглэлээр 1-р зэргийн хүндэт цол тэмдэгтэй төгсжээ. Түүний төгсөлтийн дипломын ажил болох Les Incroyables коллекц нь загварын салбарынханд танилцуулагдсан даруйдаа шуугиан тарьжээ. Францын хувьсгалаас сэдэл авсан уг коллекц нь XVIII зууны угсаатан гаралтай эрчүүдийн өмсгөл болох өвдөг хүрсэн урттай бариу хүрмийг яльгүй сулруулж, захыг нь томсгон, шилбэ татсан урт оймсны оронд урт хар түрийтэй гутлаар орлуулж, энгэр орчмыг харин хаялга орхимж мэт цагаан сүрлэг оруулгаар шийдэж, моделиудын нүдний будалтыг цагаан, саарал өнгөөр хүрээлэн будсан нь Францын хувьсгалчид дэггүйтэж буй мэт эрх чөлөөтэй, савлагаатай харагддаг. Тухайн үеийн The Sunday Times сонины загварын редактор Жоан Бернштейн энэхүү коллекцыг нь тэр даруй худалдаж аван, өөрийн эзэмшдэг загварын бутик болох Browns-ын цонхон үзмэрийн хэсэгт байрлуулсан нь шинэхэн төгсөгч Жон Гальянод үгээр хэмжээлшгүй их урам зориг, хүсэл тэмүүлэл бэлэглэсэн нь лавтай.

Гараагаа амжилттай эхлүүлсэн Жон Гальяно дараагийн арван жилийн хугацаанд загварын салбарт хөлөө олох гэж тун адармаатай замыг туулна. Түүний анхны коллекц нь загварын салбарт шуугиан тарьсан шилмэл бүтээлүүд байсан ч, цөөн тооны шүүмжлэгчид түүний бүтээлийг хэт театрчилсан, өмсөхөд бус харагдахад л зориулсан гэх мэтээр сөрөг сэтгэгдэл мөн өгч байлаа. Тэр ч утгаараа түүний бүтээлүүд хэдий хосгүй байлаа ч, ард түмэн хотын гудамжаар жүжгийн дүр мэт сүржин хувцасладаггүй тул загварын зах зээлд амжилттай борлуулагдах эсэх нь тун эрсдэлтэй байв. Тиймдээ ч Жон Гальяно энэ хугацаанд Британийн загварын зөвлөлийн оны шилдэг дизайнер шагналыг хошой хүртсэн ч, загварын төслүүд нь мөн хоёр ч удаа дампуурсан юм. Хэдий бизнес, санхүүгийн хувьд хямралтай жилүүдийг туулж байсан ч Анна Винтур, Андрэ Леон Талли зэрэг загварын салбарыг чиглүүлэгчид түүнийг дэмждэг байсан нь хөдөлшгүй үнэн зүйл билээ. Энэ мэт олон загварын мэргэжилтнүүд түүний онцгой авьяас билигтэйг сайшаадаг байсан хэдий ч, Жонын хувьд түүний бүтээлүүд бодит хүмүүсийн амьдралд хэрхэн буулгах гаргалгааг эрэлхийлсэн арван жил байсан мэт. 1991 онд хэдийн Францын Парис хотод нүүн суурьшаад байсан Жон Гальяно анхны Парис дахь загварын шоугаа толилуулсан нь ирээдүйн аугаа замналынх нь суурь байлаа. Учир нь тэрбээр Парис руу нүүлгүйгээр Лондонд үлдэн суурьшсан бол карьерын маш өөр замнал туулах байсныг уншигч та удахгүй ойлгох болно.


GIVENCHY ОРДОНД ШИНЭ САЛХИ ОРУУЛСАН НЬ

Жон Гальяногийн аугаа амжилтыг дурдахын өмнө бид эхлээд 80, 90-ээд оны загварын салбарын нөхцөл байдлыг мэдэх хэрэгтэй. Тухайн үед он удаан жил алдар цуу нь түгсэн загварын орднуудын тогтсон арга барил хуучирч, үнэнч хэрэглэгчид нь ч даган хөгширч, олон нийтийн дунд “настайчуудын брэнд” гэх сөрөг шошгыг зүүж эхлээд байлаа. Иймээс шинэ залуу бүтээлч сэтгэлгээгээр цус сэлбэж, цоо шинэ хэрэглэгчдийг татахгүй бол хөгшин хэрэглэгчидтэйгээ цуг насан эцэслэхэд тун ойрхон байлаа. Үүнийг Chanel оройлон манлайлж, Карл Лагерфилдийг 1983 онд бүтээлч дизайнераар томилсноор мөхлийн ирмэг дээр байсан Chanel- ийг дахин мандан цэцэглүүлэх оновчтой шийдвэр байв. Үүнийг анзаарсан LVMH группийн үүсгэн байгуулагч Бернар Арно ч мөн шинэ залуу дизайнер эрэлхийлж байсан бөгөөд Жон Гальяно энэ цаг үед Парист тогтон суурьшиж таарсан нь хувь заяаны тохиол гэлтэй. Улмаар 1995 онд Givenchy брэндийн үүсгэн байгуулагч, домогт загвар зохион бүтээгч Убер де Живанши ажлаа орхих болсноо зарласнаар түүний залгамж халааг авах хүнээр Жон Гальяног томилох шийдвэрийг Бернар Арно гаргасан нь Францын загварын ордонд английн загвар зохион бүтээгч ахлан ажилласан анхны тохиолдол болж тэмдэглэгдэв. Givenchy брэндэд орсон даруйдаа Убер де Живаншигийн үеийн сонгодог элит хэв маягийг үндсээр нь халж, ХVII-XVIII зууны романтизмыг эрс шийдэмгийгээр модернизмтой хослуулж анхны от кутюр цуглуулгаа танилцуулав. Европын сэргэн мандалтын үеийн ялдам даашинзыг торон материалаар шийдэж, толгойн цэцгэн гоёлыг хурц шийдэмгий өнгөтэй болгон орчин цагийн силуэт бүхий даашинз, хослол, хүрэмтэй нийцүүлж, загвар өмсөгчдийн үсийг сүлжин дээр нь замбараагүй овоолсноор Гальяно өөрийн нэрийн хуудсаа шинээр тамгаллаа. Жон Гальяно Givenchy брэндэд ажиллаж байх хугацаандаа өөрийн чадвараа хангалттай батлан харуулсан тул, төд удалгүй Бернар Арно түүнийг өөр албан тушаал руу томилсноор амьдралд нь бас нэгэн шинэ хуудас эргэсэн билээ.

 Givenchy Fall Couture 1996
Givenchy Fall Couture 1996
Givenchy couture spring 1996
Givenchy couture spring 1996
Givenchy couture spring 1996
Givenchy couture spring 1996
Кристина Круз, Шалом Харлоу, Лин Тан, Дебра Шау нар Christian Dior От Кутюр зураг авалт

DIOR-ЫН АМИН СҮНС БОЛСОН НЬ

Тэр томилгоо бол Christian Dior-ын от кутюр хариуцсан бүтээлч захирал Жон Гальяно гэх албан тушаал байлаа. Энэ цаг мөчөөс Жон Гальяногийн ажил, амьдралын алтан үе тохионо. 1920-оод оны боб тайралт, флаппер даашинзыг дорнын хатдын алтлаг шаргал өнгөтэй хослуулан бүтээсэн түүний Dior дахь анхны цуглуулга нь нэгэн шинэ үзэгдэл байлаа. Өрнө дорнын соёлыг ингэж чадамгай бөгөөд шийдэмгийгээр нэгтгэж урласан нь Жон Гальяно л байлаа. Холливүүдийн алдарт жүжигчин Николь Кидман 1997 оны Оскарын улаан хивсний ёслол дээр түүний энэхүү коллекц дэх дорнын хэв маягтай цэцгэн хатгамлаар энгэрийг нь эмжсэн алтлаг үдшийн даашинзаар гоёсон нь хэвлэл мэдээллийнхнийг шуугиуллаа. Энэ бүхэн ердөө их түүхийн эхний хуудас л байлаа. Францын аристократ хувцаслалт, католик шашны соёл зан үйлийг эмэгтэйлэг гоо зүйтэй хольсон намар 2000 кутюр коллекц, Орос үндэсний хувцасны хээг монгол эхнэрийн дээлийн урт ханцуй, хүчирхэг мөртэй хослуулсан хавар 2002 кутюр коллекц, хятад торгон хээ, япон кимоног авангард хэв маягтай хослуулсан хавар 2003 кутюр коллекц, эртний Египетийн хатад, бурхдын дүрслэлийг хувцсаар амилуулахдаа футуризмтай хослуулсан хавар 2004 кутюр коллекц, Сиси хатны даашинз, толгойн титмэн гоёлыг кабуки будалттай хослуулсан намар 2004 кутюр коллекц гэх мэтээр түүний карьерын үсрэнгүй амжилтыг цааш дурдаад баршгүй. Түүний бүтээсэн загварын цуглуулгад хөндөгдөөгүй соёл, дурдагдаагүй түүх, туршигдаагүй шийдэл гэж ер үгүй. Жон Гальяногийн загварын шоу бол моделиуд муур алхаагаар загвар болоод трендийг танилцуулаад өнгөрөх төдий бус юм. Модель бүр нь уран сэтгэмжит дүр болон хувирч, эрин зуун дамжсан хүмүүн төрөлхтний түүх, соёл ахуйг Гальяно хэв маягаар цутгагдан бүтэж, өнгөрсөн, одоо, ирээдүй гэх гурван цагийн аяс нэгэн дор хувцас дизайнераар тодрон илэрч, үзэгчид урьд өмнө үзэгдэж байгаагүй төсөөллийн хаалгаар нэвтэрч, Гальяногийн ертөнцөд бүрэн уусан нэвчдэг билээ. Түүний загварын арвин санаа Dior-оор хязгаарлагдсангүй. Тэрээр өөрийн үүсгэн байгуулсан John Galliano брэндийнхээ бүтээлч дизайнераар ч ажиллаж байлаа. Жон Гальяногийн дундарч дуусашгүй баялаг санаа, зогсолтгүй урагшлан тэмүүлэх хүч, үргэлж бадарч байдаг оргилуун сэтгэлийг хэнбугай ч зогсоон барьж дийлэхгүй мэт...

Christian Dior Spring 1998
Christian Dior Spring 1998
Christian Dior fall 2004
Christian Dior fall 2004
Christian Dior fall 2008
Christian Dior fall 2008
Christian Dior Spring 2007
Christian Dior Spring 2007
Christian Dior Fall 1999
Christian Dior Fall 1999

ГАЛЬЯНОГИЙН ХҮНДХЭН ҮЕҮҮД

Гагцхүү хувь тавилан л түүний замналд хөндөлсөж чаджээ. 2011 онд Жон Гальяно дахин нэгэн шуугиан дэгдээлээ. Харин энэ удаад түүний амжилтыг магтаан сайшаасангүй. Францын Парис хотын Ла Перль уушны газарт Гальяно нэгэн эмэгтэйг нацист утга агуулгатай үгээр доромжилж буй бичлэг интернэт орчинд тархаж, нийгмийг цочирдуулав. Тухайн үед Dior брэндийн гоо сайхны нүүр царай байсан Холливүүдийн алдарт жүжигчин, еврей гаралтай Натали Портман өөрийн зэвүүцлээ ил тодоор илэрхийлж, түүнтэй ямар ч байдлаар хамтарч ажиллахыг хүсэхгүй байгаагаа зарлав. Төд удалгүй тэрбээр Dior-оос ч, өөрийн үүсгэсэн John Galliano брэндээс ч халагдав. Францын шүүх түүнийг үндэс угсаа, шашнаар ялгаварласан хэмээн үзэж 6,000 еврогоор торгох шийтгэл ноогдууллаа. Гэвч түүний жинхэнэ ял, шийтгэл шүүхийн танхимаас бус, харин өөрийн босгосон аугаа цуу алдар үнсэн нурангид даруулах тэр мөчөөс л эхэлжээ. Тэрээр хоёр жилийн турш анир чимээгүй амьдарсан нь, магад өөрийн өнгөрснөө эргэцүүлэн, бясалгаж оршин буй учир шалтгаанаа эрэн бэдэрсэн он жилүүд байсан биз. Түүний аав Хуан Гальяно сантехникч байсан нь хэвлэл мэдээллээр түүнийг “сантехникчийн хүү” хэмээн цоллодог байсан нь түүнд огт таалагддаггүй байлаа. Магад өөрийн ажилчин гарал угсаагаараа бус, зуунд дурсагдах агуу бүтээлээрээ танигдахыг Жон Гальяно хүссэн, хичээсэн бас чадсан. Чадахын тулд өөрийгөө ч золиосолжээ. “Бид хоёр хоёулаа их бүрэг ичимхий, биеэ маш их барьдаг. Архи ууж эхлэх хүртлээ л шүү дээ” хэмээн топ модель Кейт Мосс дурсан ярьсан байдаг. Үргэлж түүнээс гайхамшгийг хүсдэг нийгмийн хүлээлт, ар араасаа цуварсан түмэн коллекцууд, алдар нэрийн харанхуй сүүдэр болоод сэтгэлзүйн эмзэг байдалтай тэмцэлдэн зүтгэх Жон Гальянод хатуу дарс л хамгийн дотнын анд нь болжээ. 2003 онд аав Гальяно нь насан эцэслэж, хүү Гальяно “сантехникчийн хүү” байхаа нэгэнт больжээ. Аавынхаа оршуулгын дараах өдрөөс л Жон Гальяно өөрийн ээлжит шоудаа бэлдэж байсан бөгөөд түүнд эмгэнэн гашуудах ч зав чөлөө байсангүй. 2007 онд түүний дотнын найз, ажлын хамтрагч Стивен Робинсон өөрийн Парис дахь байрандаа хар тамхи хэтрүүлэн хэрэглэж нас барсан нь Жон Гальяногийн сэтгэлзүй харанхуй ангал руу унажээ. Энэ мөчөөс тэрбээр ууж буй архиндаа валиум, бромид, амфетамин зэрэг сэтгэцэд нөлөөлөх эмүүдийг хольдог болсон бөгөөд нойрны эм уухаас нааш унтахаа нэгэнт больжээ. Шүүх хурал дээр тэрээр уучлалт хүсэн, өөрийн хийсэн гэмт үйлдлээ архины хамаарлаасаа үүдэн огт санахгүй байгаагаа дурдаад, бүх л амьдралынхаа турш өрөөсгөл үзэл, шударга бус явдал, ялгаварлан гадуурхалттай тэмцсээр ирснээ илэрхийлсэн юм. “Та Жон Гальяногийн хэргийн талаар юу гэж бодож байна вэ?” хэмээх сэтгүүлчийн асуултад топ модель Наоми Кэмпбелл “Би найзыгаа мэднэ ээ” хэмээн ажин түжин хариулсан байдаг. Үнэхээр ч бичлэг дээр гарах “Би Гитлерт хайртай” хэмээн цухалдах согтуу Жон Гальяно бол бид бүхний сайн мэдэх суу билиг нь түгсэн Жон Гальяно бус, бидний огт танихгүй дон шүглэсэн Жон Гальяно байлаа.


ЭРГЭН ИРЭЛТ БА MAISON MARGIELA

Гэвч бурхан түүний хүрхрээ мэт цутгах, шавхагдашгүй авьяас билгийг нь удаан хориглож дийлсэнгүй. Жон Гальяно донтолтынхоо эсрэг нөхөн сэргээх эмчилгээнд хоёр сарын хугацаанд явсан бөгөөд түүнээс хойш дусал архи ч амссангүй. Төд удалгүй тэрээр топ модель Кейт Моссын хуримын даашинзыг урласан бөгөөд загварын салбарынхан түүний тэрхүү бүтээлч ажлыг “Гальяаногийн эргэн ирэлт” хэмээн онцолж байжээ. 

Maison Margiela 2015

2013 онд Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур түүнийг хөл дээрээ эргэн босоход нь тусалж, Оскар дэ Ла Рентагийн 2013 оны намрын загварын шоуд бэлдэхэд нь туслах боломжийг олгожээ. Улмаар 2014 онд Maison Margiela брэндийн бүтээлч дизайнераар Жон Гальяног томилсон шийдвэрийг гаргаснаа Only the Brave групп зарлалаа. Загварын ертөнц түүнийг өршөөн хэлтрүүлжээ. Дүрэм ёсоор Жон Гальяно Maison Margiela брэндийн тэрслүү өнгө аясыг, өөрийн хурц шийдэмгий, зоримог, драматик хэв шинжтэй хослуулсан коллекцуудыг ар араас нь цувруулан гаргалаа. Түүний Dior-т ажиллаж байх үеийн загварын коллекцууд ихэд бадрангуй, сүрдмээр, хүсэл тэмүүлэл дүүрэн байсан бол Maison Margiela дахь загварууд илүү гүн, хүнд мэдрэмжтэй болсон нь Жон Гальяногийн өдийг хүртэл туулж ирсэн, давлагаа мэт өгсөж уруудсан амьдралынх нь тусгал гэмээр. Хэн ч түүнийг ингэж хүчтэйгээр загварын салбарт орж ирнэ гэж төсөөлсөнгүй. Ямар ч аугаа аян өөрийн зорин тэмүүлсэн цэгт хүрэн төгсдөг. Жон Гальяногийн Maison Margiela брэндтэй байгуулсан арван жилийн гэрээ ч дуусаж, 2024 онд сүүлчийн хавар зуны артизанал коллекцоо ёслол төгөлдөр толилууллаа. III Понт Александр гүүрний дороос шаазан хүүхэлдэй мэт будалттай, кабаре бүжигчин мэт чанга корсеттой, эрин зуунд элэгдэн, ялзарсан мэт өмсгөл бүхий загвар өмсөгчид гарч ирэн зочдын дундуур гуйвлан алхаж, эгэл бус гоо үзэсгэлэнг гайхуулан бишрүүлэхийг харсан үзэгчид тэрхэн мөчид Жон Гальяног ямар их санаснаа ухааран ойлгосон биз. Үзсэн хүн бүр гайхан бишрэхийнхээ хажуугаар Жон Гальяно дахиж загвартаа эргэн ирэх болов уу гэсэн хөнгөн гуниг, найдлагыг ч мөн тээсэн болов уу.

Maison Margiela Spring Couture 2024
Maison Margiela Fall 2023
Maison Margiela Fall 2017
Maison Margiela's Spring 2017
Maison Margiela RTW 2020
Maison Margiela Fall 2018

2026 ОН

Бид бүхний горьдлого талаар болсонгүй. Тэрбээр энэ 2026 онд Zara брэндтэй хоёр жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд цаашид ямар гайхамшгийг бидэнд бэлдсэнийг хоног тоолон хүлээх л үлдлээ. Dior брэндийн одоогийн бүтээлч дизайнер Жонатан Андерсон “Намайг оюутан байхад Жон Гальяно загварын бурхан байсан. Тэр орчин цагийн Dior-ыг бүтээсэн. Түүнийг миний урилгыг хүлээн авч Dior-ын шоунд хүрэлцэн ирсэнд маш их баяртай байна” хэмээсэн байдаг. Бурхан ч зогсоож дийлээгүй Жон Гальяногийн дундаршгүй авьяас билгийг хэзээ нэгэнтээ цаг хугацаа л зогсоож болох ч, загварын салбарт бүтээсэн арвин их өв нь ирээдүйн олон гайхамшигтай залуу загвар зохион бүтээгчид төрөн гарах их сэжим болж, түүнээс урам зориг авсан дэлхийн сая сая залуу дизайнерууд байдаг билээ. Givenchy, Christian Dior, Maison Margiela гэх загварын орднуудын үүдийг нээгээд зүгээр нэг хувцас урлаад буцдаггүй, тэрээр тус загварын ордны амин сүнс болж үлдэж чаддаг эрхэм юм. Түүний сэтгэлгээ, авьяас билиг тухайн брэндийнхээ мөн чанар, хэмнэл болж үлддэг нь ид шид мэт. Хаанаас нь ч хараад, мэдээж энэ бол Гальяногийн бүтээл байна гэж хэлдэг загварынхны хувьд цамцны энгэрийн нугалбар хүртэл Гальяно байж чаддаг билээ. Иймдээ ч түүний гар хүрсэн юм болгон өөрийг нь илэрхийлээд зогсохгүй тухайн брэндийнхээ утга учрыг тодотгодог авьяасыг онцлохгүй, дурдахгүй, бичихгүй байхын аргагүй билээ.

З. Зоригт

2026-08-12, 14:24