Донателла Версачегийн эргэн ирэлт
Есдүгээр сарын 21-нд буюу Миланы загварын долоо хоногийн үеэр алдарт загвар зохион бүтээгч Донателла Версаче нь Revolve Group Inc. компанитай хамтран бие даасан шинэ брэнд эхлүүлж буйгаа албан ёсоор зарлалаа. Тухайн брэндийн нэр болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсоор ирэх саруудад зарлахаа илэрхийллээ.Тэрээр тус брэндийн бүтээлч захирлаар ажиллах бөгөөд энэ нь 2025 онд Versace-гийн бүтээлч захирлын албан тушаалаас бууснаас хойших түүний анхны бие даасан төсөл нь болж байна.


Шинэ брэнд нь загвар, гоо сайхан болон энтертайнмент чиглэлийг хослуулсан дижитал орчинд төвлөрсөн брэнд байх бөгөөд хамгийн анхны бүтээгдэхүүн нь гоо сайхны цуглуулга байхаар төлөвлөжээ. Тус хамтарсан бизнест Revolve Group Inc. хэрэглэгчдийн зан төлөвийн судалгаа, дижитал худалдаа болон технологийг хариуцаж ажиллахаар болсон байна. Хэрэглэгчидтэй дижитал орчноор дамжуулан шууд харилцдаг дээрх Revolve Group Inc. компанийг 2003 онд Майкл Менте болон Майк Караниколас нар хамтран үүсгэн байгуулсан юм. Өдгөө тус компани нь Revolve болон FWRD хэмээх хоёр платформоор дамжуулан 1,600 гаруй брэндийг хэрэглэгчдэд хүргэж байгаа бөгөөд 2026 оны наймдугаар сарын байдлаар гурван улирал дараалан ашгийн өсөлттэй ажилласан байна.

Харин Донателла Версачегийн хувьд тус брэндийн чиг хандлага, өнгө төрхийг тодорхойлох ажлуудыг хариуцан ажиллахаар болжээ. Тэрээр “Энэхүү хамтын ажиллагаа нь гоо сайхан, загвараар дамжуулан шинэ үеийнхэнтэй илүү гүн харилцах эрх чөлөөг өгч байна. Соёл гэдэг хүмүүсийн хоорондын харилцаанаас үүсдэг бөгөөд бид Revolve-тэй хамтдаа шинэ дуу хоолой, шинэ төрх, шинэ эрч хүчээр дамжуулан тэрхүү холбоог бий болгохыг хүсэж байна" хэмээн өөрийн мэдэгдэлдээ дурдсан байна.


Донателла Версачег 2025 оны гуравдугаар сард Versace-ийн бүтээлч захирлын албан тушаалаасаа бууж, тус брэндийн элч төлөөлөгчийн албан тушаалд томилогдон ажиллах үед түүнийг загварын салбараас аажмаар зодог тайлж байна гэх ойлголт дэлхий дахинаа төрж байсан юм. Гэвч өөрийн ах Жанни Версачегийн үүсгэн байгуулсан Versace загварын ордонд 28 жилийн турш бүтээлч захирлаар ажилласан, загварын салбарын томоохон төлөөлөл тэрээр ийнхүү 71 насандаа шинэ үеийн соёл, дижитал орчинд чиглэсэн цоо шинэ брэндийг үүсгэн байгуулан загварын салбартаа эргэн иржээ. Алдарт дизайнер Донателла Версачегийн бүтээсэн загварууд үе үеийн алдартнуудын шилдэг сонголт болж дахин амилсаар байгаа бөгөөд бид бүхэн түүнийг загварын ертөнцөд чухам ямар брэндийн бүтээлч захирлаар эргэн ирж буйг харах л үлдлээ.





