Julie and Julia: Гал тогоондоо туршиж болох франц хоолны санаа
Амралтын өдөр болоход ажлын өдрүүдийн хэмнэлээс түр холдож, гэртээ аядуу тайвнаар өглөөний цай ууж, оройн хоолондоо тэвдэлгүй шинэ жор турших боломж бүрддэг. Онцгой хоол хийхийн тулд нарийн техник, олон төрлийн орц, мэргэжлийн гал тогоо санаанд орж болох ч гэрийн нөхцөлд зарим классик жороор хоол хийхэд төсөөлснөөс хялбар байдаг. Тэгвэл энэ удаа та Julie & Julia киног үзэхийн зэрэгцээ Франц хоолны ертөнцөөс санаа авч, өөрийн гал тогоондоо туршаад үзэхэд яагаад болохгүй гэж?


Энэхүү кинонд 2000-аад онд шинэхэн блог хөтлөгч Жули Пауэлл хэмээх эмэгтэй 1961 онд хэвлэгдсэн Франц хоол хийх урлагийг эзэмших нь номын жоруудыг өөрийн гал тогоонд өдөр бүр туршиж тэмдэглэл хөтөлдөг бол, харин номын зохиолч Жулиа Чайлд өөрийн цаг үедээ Франц хоолны арга техникийг сурч, түүнийгээ Америк гэрийн эзэгтэй нарт хүргэхээр эрэлхийлж буй тухай өгүүлдэг билээ. Ийнхүү тус кинонд гардаг гурван хоолыг танд танилцуулж байна.


Coq au Vin: Дарсанд болгосон тахиа
Анх Францын тариачид хатуу махтай азарган тахиаг хүнсэндээ хэрэглэж зөөлрүүлэхийн тулд улаан дарсанд олон цагаар чанадаг байсан уламжлалт жорыг тогооч Жулиа Чайлд танилцуулснаар дэлхий дахинд алдартай хоол болжээ. Улаан дарсны үл ялиг исгэлэн амт нь махны шүүслэг чанарт нөлөөлөөд зогсохгүй мөөг, сонгины амттай төгс хосолж улмаар аманд ороод л бутрах мэт таатай амтыг бүтээдэг.
