Хайх

Палео дэглэм: Меган Фокс, Жессика Бил нар хэрхэн жингээ барьдаг вэ?

Палео дэглэм: Меган Фокс, Жессика Бил нар хэрхэн жингээ барьдаг вэ?

Агуйн хүн шиг хооллох

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

“Чулуун зэвсгийн үеийн дэглэм”, “Хүй нэгдлийн үеийн дэглэм” зэрэг янз бүрээр нэрлэгдээд байгаа палео хоолны дэглэм нь Холливүүдын одууд ба бусад алдартнуудын дунд маш их түгээмэл болжээ. Тэгэхээр палео дэглэм гэж яг юу болох, үүнийг хэрхэн цэсэндээ оруулах талаар эндээс уншаарай

Палео дэглэм гэж юу вэ?

Юуны өмнө "Бидний өвөг дээдэс хэрхэн хооллож байсан бэ?" гэдэг асуулт энэхүү хариултыг олоход тус болно. Эрт үед газар тариалан, үйлдвэржилт хөгжөөгүй байхад хүн төрөлхтөн хэрхэн хооллодог байсан зарчмын дагуу палео хоолны дэглэм гарсан юм. Дээр үеийн хүмүүс ямар нэг нөөшилсөн, нэмэлт орц, хиймэл амт оруулагчтай хүнс хэрэглэдэггүй байсан нь ойлгомжтой. Тэгвэл палео дэглэм яг энэ зарчмыг баримталдаг. Өөрөөр хэлбэл палео дэглэм нь дахин боловсруулаагүй, транс өөх тос, элсэн чихэр агуулаагүй байгалийн хүнснээс бүрдсэн эрүүл хооллолт гэсэн үг юм.

Уг хоолны дэглэм нь хүний гентэй хамгийн сайн авцалддаг, эрч хүчтэй, эрүүл байхад тусалдаг хоолны систем гэдгийг New York Times сонины бестселлер "The Paleo Solution: The Original Human Diet" номын зохиолч, биохимич Робб Вульф хэлж байна. Мөн тэрээр таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчин, Паркинсон ба Альцгеймерын өвчин, сэтгэл санааны хямрал зэрэг эмгэгүүд нь хүмүүсийн орчин үеийн хоолны дэглэмтэй шууд хамааралтай болохыг номондоо тусгажээ. Эрүүл амьдарч, сайхан харагдахын тулд заавал ямар нэг шинээр гарч ирсэн, тренд болж буй хатуу хоолны дэглэмүүдээс турших албагүй. Оронд нь өдөр тутмын цэснээсээ хэдхэн бүтээгдэхүүнийг хасч, илүү байгалийн гаралтай хүнсийг нэмэхэд л хангалттай юм. Яг үүнийг л Палео дэглэмийн тусламжтай хэрэгжүүлэхийг Робб Вульф зөвлөж байна.

Палео дэглэм: Меган Фокс, Жессика Бил нар хэрхэн жингээ барьдаг вэ? (фото 1)

Палео дэглэмийн дагуу ямар хүнс хэрэглэж болох вэ?

Уургаар баялаг, өөх тос багатай мах, жимс ба ногоо, далайн гаралтай бүтээгдэхүүн, самар, үр, зөв тос зэрэг байгалийн гаралтай хүнс Палео дэглэмд багтдаг. Нэг үгээр хэлбэл олон төрлийн байгалийн гаралтай хүнснээс бүрдсэн эрүүл, тэнцвэртэй хооллолтыг Палео дэглэм өгдөг. Жишээ нь загас, мах, авокадо, ихэнх төрлийн самар, өндөг, шинэхэн жимс, ногоо, олив болон наргил модны самрын тос энэхүү жагсаалтанд багтана. Ерөнхийдөө Палео бол хоолны дэглэм бус эрүүл хооллолтын хэв маяг гэж ойлгож болох юм.

Энэхүү дэглэмийн үед ямар хүнс хэрэглэж болохгүй вэ?

Уг дэглэмийн гол утга учир нь орчин үеийн эрчимжүүлсэн мал аж ахуй, газар тариалан, олон дамжлагат үйлдвэрээс гаргаж авсан бүх хүнсийг хэрэглэхгүй байхад оршдог. Тухайлбал боловсруулсан хүнс, шош, вандуй, газрын самар зэрэг буурцгийн төрлийн ургамал, хэт их давстай бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, цэвэршүүлсэн элсэн чихэр, төмс, цэвэршүүлсэн ургамлын тос, амт оруулагч, спиртийн төрлийн ундаа, буудай, үр тариаг хэрэглэж болохгүй гэсэн үг юм.

Палео дэглэм: Меган Фокс, Жессика Бил нар хэрхэн жингээ барьдаг вэ? (фото 2)

Меган Фокс, Жессика Бил зэрэг алдартнууд Палео дэглэм барьдаг

Холливүүдын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг болох Меган Фокс хоёр хүүхэд төрүүлснийхээ дараа хэвийн жиндээ эргэн орохын тулд Палео дэглэмийг барьж, 10 кг жин хассан гэдгийг Entertainment Tonight сэтгүүл мэдээллэсэн юм. Түүнээс гадна, жүжигчин Жессика Бил өөрийн биеийн галбираа гуалиг хэвээр нь хадгалж үлдэхийн тулд Палео дэглэмээр хооллодог гэдгийг The Independent сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Харин дуучин Майли Сайрус цавуулагтай хүнсний эсрэг байр суурьтай байдгийг бид мэднэ. Тэгвэл Майли цавуулаг ба сүүн бүтээгдэхүүний харшлаас болж Палео хоолны дэглэмийг дагадаг байна. Тэрээр Палео дэглэм нь биеийн жин, гаднах төрхөөс илүүтэй ерөнхий эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлдэг гэж өгүүлснийг Men's Health сэтгүүл онцолжээ. Мөн Леброн Жеймс, Рэй Аллен, Коби Брайант, Новак Джокович зэрэг алдартай тамирчид эрч хүчтэй байдлаа хадгалж, биеийн жингээ барихын тулд энэхүү хоолны дэглэмийг барьдаг байна.

цааш үзэх