Энэ зун фестивальд ямар нүүр будалт хийх вэ?
Долоодугаар сар эхлэхтэй зэрэгцэн зуны өдрүүд уртаар үргэлжилж, зорин очих хөгжмийн наадмууд, үдшийн үйл ажиллагаанууд хэн бүгдийн төлөвлөгөөнд багтан үргэлжилж байна. Догдлол дүүрэн бэлдсэн хувцсандаа тохирсон нүүр будалтын санаанууд хайж буй хэн бүхэнд энэ зун тренд болоод буй нүүр будалтын таван санааг багцлан хүргэе.
ЭНГИЙНЭЭС ЭНГИЙН
Жил тойрон хүлээх фестивалийн энэ өдрүүдэд хүссэн хувцсаа өмсөж, хүссэн нүүр будалтаар өөрийгөө хувиргахыг хүсэж байвал тэр бүгдийг тултал мэдрэх нь урамтай ч та өөрөө онц шаардлагагүй гэж үзвэл өөртөө хамгийн тухтай, энгийн очиход ямар ч асуудалгүй гэдгийг санаарай. Энэ жилийн хувьд энгийнээс энгийн нүүр будалтууд арга хэмжээнүүдэд давамгайлж байгаа бөгөөд өөрийн дүр төрхийг багахан тодруулсан нүүр будалт тренд хэвээр байгаа тул арьсаа нарнаас хамгаалан минимал дүр төрх бүрдүүлэхэд огтхон ч буруудахгүй.
ЗАРА ЛАРССОНЫ ХЭВ МАЯГ
Tiktok платформ дээр “зун”-ыг санагдуулам өнгө төрх, эерэг бас өнгөлөг хэв маягаараа танигдсан уран бүтээлч Зара Ларссоны нүүр будалт болон стиль онцгойрон ялгарсан хэвээр байна. Зуны фестивалиудад шинэлэг, тод бас зоригтой шийдэл хайж байгаа бол түүний нүүр будалт, стилиэс санаа аван туршаад үзээрэй. Хөмсгөө бүдэг өнгөөр тодруулж, нүдний будалтад илүү ач холбогдол өгснөөр нүд илүү тодорч харагдана. Ягааран туяарсан хацар болон шанаа, хамар, эрүүг гэрэлтүүлэн тодруулж, тод өнгийн нүдний хүрээлэгчээр контур зурах зэрэг олон сонирхолтой шийдлүүдээс санаа аван зорьсон дүр төрхөө “хөгжилтэйгөөр” бүтээгээрэй.
РОК ГЛАМ БУДАЛТ
Энэ жилийн загварын шоуны тайзнаа готик, рок өнгө аясыг санагдуулам тод нүүр будалтууд хүчтэйгээр эргэн ирлээ. Эдгээр дундаас нүдийг онцолсон тод будалтууд давамгайлсан рок глам будалт олны анхааралд өртөөд байна. Дуучин Charli xcx өөрийн шинэ цомгийн эргэн ирэлтээр рок глам нүүр будалтын хамт өнгө аясаа өөрчилсөн нь фестивалийн галзуу өдрүүдэд хамгийн тохиромжтой сонголтуудын нэг юм. Зураас бүр нь төгс байх албагүй буюу зоригтой тусмаа тод харагдах нүдний будалтыг хийхдээ зөвхөн хар гэлтгүй бор, саарал болон холограм өнгийн будалтаар ч мөн дүр төрхөө бүрдүүлэх боломжтой.
ХҮҮХЭЛДЭЙ МЭТ ТӨРХ
1960-аад оны домогт модель Твигги буюу Лэсли Лавсоний хүүхэлдэй адил нүүр будалт гоо сайхны ертөнцөд хамгийн ихээр хайрлагдсан дүр төрхүүдийн нэг хэвээр байна. Зовхины нугалаасыг дагуулан харандаа эсвэл контураар тод зураас татаж, доод зовхиндоо сормуус зурснаар нүд илүү дүрлэгэр том харагдана. Мөн зовхины суурь өнгөнд цагаан, цэнхэр, цайвар ногоон зэрэг пастел өнгүүдийг ашигласнаар хэтэрхий хурц биш, мөрөөдөмтгий дүр төрх бүрдэх ба дулааны улиралд төгс тохирсон фестивалын нүүр будалтуудын нэг юм. Хэрвээ та урт түрийтэй гутал болон даашинзнаас бүрдсэн стилиэр хувцаслахаар төлөвлөж буй бол Твигги хэв маягаар нүүрээ будан хуучны хэв маяг бүхий том нарны шил зүүхэд төгс тохирсон “винтэйж” дүр төрх бүрдүүлэх боломжтой болох нь ээ!
ӨНГӨЛӨГ НҮҮРНИЙ ШИГТГЭЭНҮҮД
Жил бүр хөгжмийн фестивалиудад үлгэрийн дагина мэт гялалзах шигтгээтэй нүүр будалт хамгийн эрэлттэй дүр төрхүүдийн нэг байдаг. Энэ жил ч мөн адил уг тренд үргэлжилсэн хэвээр байгаа ч илүү “гялалзсан”, илүү нарийн ширхэгтэй саатай нүдний будалттай хамт хослуулжээ. Нүдийг тойруулан эрвээхэйн далавч адил туяарсан өнгөөр будаж, будалттайгаа хослуулан жижиг хэмжээтэй шигтгээ наасан төрхүүд нүдний будалтаа онцлохыг хүсэж буй хэн бүхэнд тохирох хувилбаруудын нэг юм. Өдөр нарны гэрэлд гялтганан харагдаж, орой тайзны гэрэлд ч мөн гялалзах нь Winx club-ын дагинууд адил гэгээлэг хэр нь содон төрх төлөвлөж буй хэн бүхэнд сонирхолтой хувилбар болох болов уу.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт