Эзнээсээ ч дутахгүй алдартай болсон аксессуарууд
Өв уламжлан ирсэн ээмэг, дотнын хэн нэгнээс бэлэглэсэн зүүлт, эсвэл ямар ч онцгой шалтгаангүйгээр хайрладаг гар цүнх, түлхүүрийн оосор, бугуйвч. Бидний өдөр тутамдаа зүүдэг зарим аксессуар, жижиг хэрэглэгдэхүүнүүд бидэнд төрүүлж буй мэдрэмж, үлдээсэн дурсамжаараа юугаар ч орлуулшгүй үнэ цэнтэй байдаг. Заримдаа өөрийн хувцаслалтын хэв маягийг тодорхойлоход тэрхүү ганц аксессуар л хангалттай.
Дэлхийн алдартнуудын хувьд байнга зүүдэг нарны шил, бээлий, зүүлт зэрэг нь цаг хугацааны явцад тэдний таних тэмдэг болж, зарим нь бүр эзнийхээ нэртэй салшгүй холбогдсон байдаг. Энэхүү нийтлэлд алдартнуудын дүр төрхийг бүтээсэн онцгой аксессуаруудын түүхээр аялцгаая.
Жейн Биркин — Сүлжмэл сагс

Английн алтан үеийн домогт жүжигчин Жейн Биркин нь Лондоны Вест Энд гудамжинд байрлах задгай захын худалдаанаас хоёр фунтээр сүлжмэл сагс худалдаж авсан нь түүний хайртай эд зүйлсийнх нь нэг болжээ. Өөрийн ном, сэтгүүл болон бусад хувийн эд зүйлсээ хийдэг уг сагсаа цаг ямагт гартаа зүүж явдаг байсан бөгөөд Парис хотын зарим рестораны үүдэнд түр хураалгахаас ч татгалздаг байсан байна. Хожим 1983 онд Парисаас Лондон руу нисэх нислэгийн үеэр Жейн Биркин нь уг сагсан дахь зүйлсээ санамсаргүйгээр асгаж орхижээ. Шалаар унасан зүйлсээ түүчхээд тэрээр хажууд нь суух эрхэмд өөрийн эд зүйлсийг багтааж болох хэрэгцээт цүнх олддоггүй талаар ярьсан байна. Тэрхүү эрхэм нь Hermès брэндийн тухайн үеийн гүйцэтгэх захирал Жан-Луи Дюма байсан бөгөөд Жейн Биркины хэлсэн санааг үйл хэрэг болгосон нь бидний сайн мэдэх “Birkin” цүнх билээ.
Карл Лагерфельд — Хуруугүй савхин бээлий

Chanel болон Fendi брэндийн бүтээлч захирлаар ажиллаж байсан суут дизайнер Карл Лагерфельд нь өөрийн гарын үзэмж, төрхдөө туйлын сэтгэл ханамжгүй нэгэн байжээ. Гэвч бээлий өмсөх нь түүний нарийн, чимхлүүр урлах ажиллагаанд саад хийдэг байсны улмаас хуруу нь ил гардаг савхин бээлий өмсдөг болсон нь түүний хар хослол, өндөр захтай цагаан цамц, хар нарны шил, цагаан гэзэг адил хувцаслах хэв маягийнх нь салшгүй нэгэн хэсэг болжээ.
Жаклин Кеннеди — Том хар нарны шил

1960-аад оны загварын бэлгэ тэмдэг болсон Жаклин Кеннедигийн төрхийг том хар нарны шилгүйгээр төсөөлөхөд бэрх. Сонгодог хослол, том нарны шил, хүрээгүй дугуй малгай бүхий түүний стиль тухайн үеийн эмэгтэйчүүдийн хувцаслалтад хүчтэй нөлөөлсөн билээ. Гэхдээ Жаккигийн хувьд нарны шил нь зөвхөн загварын сонголт байсангүй. Олон нийтийн анхаарлын төвд үргэлж байдаг тэрээр папарацын дуранд өртөхөөс өөрийгөө хамгаалах нэгэн төрлийн бамбай болгон том, хар шил зүүдэг байжээ. Харин энэ практик сонголт нь удалгүй түүний хамгийн танигдсан аксессуар болсон юм.
Анна Винтур — Өнгөлөг чулуун зүүлт

Том хар нарны шил, богино “bob” үсний засалт, цэцгэн хээтэй даашинзнаас гадна Анна Винтурын төрхийг тодорхойлдог өөр нэгэн зүйл бол өнгөлөг чулуун зүүлтүүд юм. Vogue-ийн ерөнхий редактораар олон жил ажилласан Винтур эртний загварын болор, аметист зэрэг өнгөт чулуун зүүлтүүдийг цэцгэн хээтэй даашинзны өнгөнд нийцүүлэн зүүх дуртай. Түүний хувьд эдгээр зүүлт нь цаг үеийн трендээс үл хамааран дахин дахин зүүдэг “timeless” элемент болжээ. Тэр дундаа 1980-аад оноос хадгалж ирсэн S.J. Phillips-ийн нэгэн зүүлт нь түүний хувцасны шүүгээнд онцгой байр суурь эзэлдэг бөгөөд энэ зүүлтгүйгээр өөрийн шүүгээг төсөөлөхөд хэцүү байдаг талаар нэгэн ярилцлагад дурджээ.